| | USD/MNT 0₮
Энэ сарын 16-нд Гаалийн төв лабораторийн шинжээч, Гаалийн улсын ахлах байцаагч Б.Мөнхцацрал электрон тамхины талаар мэдээлэл хүргэсэн байдаг. Харин өнөөдөр буюу энэ сарын 18-нд “Вейп хэрэглэгчдийн холбоо“-ноос түүний гаргасан мэдээллийг төлбөртэй мэдээлэл цацаж олон нийтэд ташаа ойлголт хүргэсэн гэх үүднээс мэдэгдэл гаргасан билээ.
Энэ талаарх мэдээллийг тодруулах үүднээс утаат тамхи болон электрон тамхины ялгаа, манай улсад тамхины хэрэглээ өсөх болсон шалтгаан, бууруулах арга замын талаар Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн багш, НЭМ-ийн магистр Д.Мөнх-Учралтай хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
Үйлдвэрлэгчид электрон тамхи нь утаат тамхийг хаяхад зориулагдсан, эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь бага гэх зэргээр сурталчилдаг. Энэ талаар шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал үнэхээр утаат тамхинаас хор хөнөөл багатай юу?
- - Сүүлийн хоёр жилийн хугацаанд манай улсад төдийгүй дэлхий дахинд электрон тамхины хэрэглээ маш ихээр нэмэгдэх болсон. Энэхүү ойлголт нь дэлхий дахинаа саяхан дэлгэрсэн учир электрон тамхины чиглэлээр хийгдсэн нарийн судалгааны ажил, эм зүйн шинжилгээний туршилтууд ер нь ховор байдаг. Гэхдээ электрон тамхины хамгийн гол үйлчилгээ нь утаат тамхитай адил. Утаат тамхинд никотин гэдэг бодис агуулагддаг. Энэ нь хүнийг тухайн тамхинд донтуулж хараат байдал үүсгэх үйлчилгээтэй бодис. Харин электрон тамхины хувьд никотин гэдэг бодис нь утаат тамхинаас арай бага тунтайгаар агуулагддаг гэсэн үг. Тийм учраас электрон тамхи ч мөн адил донтуулах үйлчилгээтэй. Үйлчилгээний хувьд бол ижилхэн. Харин ямар үйлдвэрлэгчийн гаргасан электрон тамхи вэ гэдгээс хамаараад тухайн тамхинд агуулагдаж байгаа никотины хэмжээ нь өөр өөр байдаг.
Электрон тамхи болон утаат тамхины химийн найрлага талаас нь тайлбарлавал. Тэдгээр нь хүний биед ямар үр нөлөө үзүүлдэг юм бол оо?
- - Электрон тамхины найрлагын хувьд маш олон янз. Тухайн тамхинд орж байгаа амт, үнэр оруулагч гээд олон төрөл байгаа. Төрөл төрлөөсөө хамаараад өөр өөр. Тиймээс найрлага талаас нь тодорхой нарийн хүний биед тийм сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг хэлэх боломжгүй. Гэхдээ тухайн тамхинд никотин ямар нэгэн хэмжээгээр агуулагдаж байгаа учраас хараат байдал үүсэж хүмүүс хэрэглээд байгаа нь донтолтын нэг хэлбэр юм.
Электрон тамхи түүний шингэнийг хянах аюулгүй байдлын тогтсон стандарт гэж байдаг уу?
- - Манай Монгол Улсын хувьд электрон тамхины хэрэглээтэй холбоотой тодорхой стандарт гэж байдаггүй. Тэр битгий хэл электрон тамхи нь Монгол Улсын хилээр нэвтэрч орж ирэхдээ тамхин бүтээгдэхүүн гэдэг ангилалд ордоггүй. Электрон бараа гэсэн ангилалд орж ирдэг. Тиймээс тамхин бүтээгдэхүүнд ноогдуулдаг татвараас ялгаатай, ангилал өөр болохоор одоогоор тогтсон стандартад тусгагдаагүй байгаа. Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулж тамхин бүтээгдэхүүн гэдэг ангилалд оруулъя, татвар тогтооё, импортод тодорхой хэмжээний хязгаарлалтуудыг тавья гэдэг асуудлууд бодлогын хэмжээнд яригдаж байгаа. Энэ нь яригдаж зайлшгүй шийдвэрлэгдэх асуудлуудын нэг бол мөнөөс мөн юм.
Электрон тамхийг дамжуулан хэрэглэх тохиолдлууд нэлээдгүй байдаг. Энэ нь ямар сөрөг нөлөөтэй вэ?
- - Электрон тамхийг дамжуулж татна гэдэг бол яг утаат тамхитай ижил хэмжээгээр хүний эрүүл мэндэд хор нөлөө үзүүлж, никотины хамаарлыг ч давхар үүсгэдэг. Мөн ариун цэврийн хувьд бол нэг тамхийг хоёр болон түүнээс дээш тооны хүмүүс дамжуулж хэрэглэх нь тийм ч таатай сонголт биш гэдэг нь ойлгомжтой.
Утаат тамхи нь дам тамхидалтыг үүсгэдэг. Тэгвэл электрон тамхи дам тамхидалт үүсгэх боломжтой юм болов уу ?
- - Электрон тамхийг сороод утаа гаргаж байгаа юм чинь тухайн үед хажууд нь байгаа хүн гарсан утаагаар нь амьсгалах тохиолдолд дам тамхидалтад өртөнө гэсэн үг. Яг утаат тамхитай ижил.
Манайд электрон тамхины хэрэглээ өндөр байгаа шалтгааныг та юу гэж харж байна вэ?
- - Аль ангилалд оруулах вэ гэдэг асуудал шийдэгдээгүйтэй нэгдүгээрт холбоотой. Одоогоор электрон бараа гэдэг ангилалд хилээр орж ирж байна. Түүнээс бид электрон тамхийг тамхин бүтээгдэхүүн гэдэг ангилалд оруулаад ямар нэгэн онцгой албан татвартай болгох уу, үгүй юу гэдэг асуудлыг хууль эрх зүй, бодлогын түвшинд шийдэх юм бол үүнтэй холбоотой асуудлууд цэгцэрч зөв урсгалд орох боломжтой гэж харж байна. Дараагаар нь электрон бараа гэдэг ангиллаар орж ирж байгаатай холбогдуулаад үнийн хувьд ч гэсэн тамхи татаж байгаа иргэдэд худалдан авалт хийхэд боломжийн байгаад байх шиг байна. Гуравдугаарт янжуур буюу хайрцагтай тамхийг бодвол олон удаа хэрэглэж болохуйц, мөн утаа, үнэр гарах байдал нь янжуур тамхинаас бага байдаг болохоор иргэдийн дунд электрон тамхины хэрэглээ өсөж байна гэж харж байна.
Манай улсад тамхинаас үүдэлтэй өвчлөл, нас баралт ямар түвшинд байдаг юм бол оо. Таны бодлоор тамхины хэрэглээг бууруулах зөв арга зам юу вэ? Юу гэж харж байна вэ?
- - Манай улсын хувьд дэлхийн болон ази номхон далайн баруун орнуудын дунд тамхинаас үүдэлтэй өвчлөлөөр нэлээд өндөрт тооцогддог. Миний санаж байгаагаар 100 мянган хүн ам тутмын 166-д нь тамхины шалтгаант өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж байна гэсэн хамгийн сүүлийн үеийн тооцоо судалгаа гарсан байдаг. Тамхины хэрэглээг зохистой байлгаж бууруулах хамгийн зөв арга хэмжээ бол тамхи үйлдвэрлэгчид болон импортоор тамхийг оруулж ирж зарж, тодорхой хэмжээний ашиг олж байгаа зардлаас тодорхой хувийг нь эмчилгээнд зарцуулах. Манайд бол бүх дэлгүүрүүд тамхи зардаг. Нөгөө талаас тамхины эмчилгээг зөвлөдөг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага буюу тамхинаас гаргах эмчилгээ хөтөлбөр зөвлөмж ховор байна.
Тиймээс АШУИС, АНУ-ын LOMA LINDA UNIVERSITY- тэй хамтраад Монгол улсад 2000 хүнийг тамхинаас гаргах эмчилгээний үнэ төлбөргүй хөтөлбөрийг хэрэгжүүлээд хоёр дахь жил дээрээ явж байна. Эхний үе шат нь 2022 онд хэрэгжээд 875 хүнийг тамхинаас гаргасан. Хоёр дахь үе шат нь нийслэлийн зургаан дүүргийн эрүүл мэндийн төв дээр 1300 орчим хүнийг тамхинаас гаргах эмчилгээнд хамруулахаар энэхүү ажил хэрэгжээд явж байна. Бид цитизин гээд тамхинаас гаргах эм, никотин орлуулах наалт гэсэн хоёр төрлийн эмчилгээний аргыг хэрэглэж байгаа. Манай төслийн хамгийн гол үр дүн бол энэ хоёр эмчилгээний арга нь Монголд тамхи татдаг хүмүүст хэр үр үр дүнтэй байна вэ гэдгийг үзэж Шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо бүрдүүлэх, эмчилгээний аргаа Сэтгэцийн Эрүүл Мэндийн Тусламж үйлчилгээний хэрэглээнд нь нэвтрүүлэхэд гол зорилго маань оршиж байгаа юм. Манай тамхинаас гаргах эмчилгээний хувьд сарын хугацаанд үргэлжилдэг. Эмчилгээ дуусаад сарын дараа үр дүнг хэмжиж үзэхэд 40-өөс дээш хувьтай тамхинаас гарсан байгаа. энэхүү үр дүнг бусад улс орнуудтай харьцуулахад өндөр гарсан байгаа.
Б.Отгонзаяа