| | USD/MNT 0₮
Хотын А зэрэглэлийн бүсэд өнгө үзэмж муутай урт цагаан саарал хоёр давхар байшинг хүмүүс андахгүй сайн мэднэ. Бидний эчнээ мэдэх “Урт цагаан” нэртэй энэ байр хэзээ мөдгүй нурахад бэлэн болжээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хоёр удаа шалгалт хийж, ашиглах боломжгүй гэсэн актыг гаргаж тавьсан. Гэвч нийслэл энэ барилгыг нурааж чадахгүй байсаар 2020 онтой золгосон байна. Нураах шийдвэр нь НИТХ-ын бүрэн эрхэд байдаг бөгөөд жил бүр мэргэжлийн байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр хүргүүлдэг ч түрээслэгчдийн эсэргүүцэлтэй тулж, засвар үйлчилгээ хийлгүй өнөөдрийг хүргэсэн байна.
Сүүлийн хэдэн жил нийслэл урт цагаанаас болж алдагдалтай ажиллаж байгаагаа ч хэлдэг. Тухайлбал, 30 түрээслэгч нийслэлтэй гэрээтэй байдаг ч тэдгээр түрээслэгч давхар түрээсэлж, ашиг хонжоо олсоор өнөөдөртэй золгож. Нийслэлээс дээрх 30 түрээслэгчид метр квадратыг 9-10 мянган төгрөгөөр түрээсэлдэг боловч давхар түрээсийн асуудал энэ газарт яригддаг. Давхар түрээслүүлдэг тэдгээр 30 ААН бол үнэндээ даам юм. Түрээслэгч нарынхаа тавьсан шаардлагыг хүлээж авдаггүй. Байраа засварлаж дээрдүүлэх санал шаардлага тавихаар “Та нарыг гуйж байлгаагүй, талбайгаа суллаж өгөөд гараарай, зайлаарай” гэж дарамталдаг байна.
Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “НМХГ, Нийслэлийн Өмчийн ашиглалтын газар, Онцгой байдлын газраас удаа дараа шаардлага тавьсаар ирсэн. Тухайлбал, ажлын байрыг эрүүл стандартад нийцсэн байх шаардлагыг өнгөрөгч сард хүртэл тавьсан. Гэтэл түрээслэгчид стандартад нийцсэн ажлын байр бий болгож чадахгүй өнөөдрийг хүрч байна. Үйл ажиллагааг нь зогсооно гэхээр олуулаа нийлж өргөдөл гомдол, гаргаж өмч хөрөнгийн маргаан үүсгэдэг. Нийслэлийн зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй объектийн үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргаж байна” гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн юм.
Тэгвэл энэ мэдээллийг эсэргүүцэж өчигдөр “Урт цагаан” үйлчилгээний төвийн түрээслэгчид мэдээлэл хийж, нураалгахгүй, хэрвээ нураах юм бол Нийслэлийнхэнтэй нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж, тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно хэмээн сүрдүүлэв.
“Урт цагаан-шинэ эхлэл” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Б.Пүрэв-Очир “Урт цагаан соёлын үнэт өв болно. Энэ барилгатай нас чацуу өчнөөн барилга байгууламж байна. Гэтэл тэднийг буулгаагүй байж Урт цагаан руу дайрч давшилж, Нийслэлийнхэн өөрсдөө ашиг хонжоо олох нэрээр, магадгүй сонгуулийн мөнгөө босгохоор шоудаж нурахаар дайрч байхыг үгүйсгэхгүй. Тиймээс бид эсэргүүцнэ, хэзээ ч буулгуулахгүй.
Харин өнгө үзэмжийн хувьд нэр бүхий 30 компани засварлаж, сайжруулж дээрдүүлэх ёстой. Гэтэл ерөөсөө засвар хийдэггүй. Бид нараас түрээсийн мөнгөө авдаг хэрнээ засвар оруулдаггүй. Шаардлага тавихаар зайлаарай гэж загнадаг. Тиймээс бид ажлын байраа алдахгүй тулд тэр бүгдийг тэвчдэг. Хамгийн гол нь энэ байрыг нурааж буулгавал үйлчилгээ эрхэлдэг 400 гаруй түрээслэгч гудамжинд гарах нөхцөл байдал бүрдээд байна. Тиймээс нураах шийдвэрийг эсэргүүцнэ” гэлээ.
НМХГ, Нийслэлийн Өмчийн ашиглалтын газар, Онцгой байдлын газраас удаа дараа шаардлага тавьсаар ирсэн. Тухайлбал, ажлын байрыг эрүүл стандартад нийцсэн байх шаардлагыг өнгөрөгч сард хүртэл тавьсан. Гэтэл түрээслэгчид стандартад нийцсэн ажлын байр бий болгож чадахгүй өнөөдрийг хүрч байна. Үйл ажиллагааг нь зогсооно гэхээр олуулаа нийлж өргөдөл гомдол, гаргаж өмч хөрөнгийн маргаан үүсгэдэг. Нийслэлийн зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй объектийн үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргаж байна