Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийт үзлэгийн 60-аас доошгүй хувийг гэрийн эргэлтэд шилжүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар шинэ коронавирусын халдвараас сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тухайлбал:
- Коронавируст /Ковид-19/ халдварын талаарх иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг телевиз, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн цахим сүлжээгээр тогтмол түгээн ажиллаж байна.
- Коронавируст /Ковид-19/ халдвараас сэргийлэх гарын авлага 100,000 ширхэг, зурагт хуудас 3000 ширхэгийг боловсруулан хэвлүүлж, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрч байгаа иргэдэд мэдээлэл, зөвлөмжийг хүргэж эхлээд байна.
- Коронавируст /Ковид-19/ халдварын сэжигтэй тохиолдолд нийслэлийн хэмжээнд мөрдөх шуурхай мэдээлэх журмыг шинэчлэн баталсан.
- Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, төв салбаруудад коронавируст /Ковид-19/ халдварын үед дуудлагаар үйлчлэх түргэн тусламжийн хоёр багийг томилон, ажиллуулах бэлэн байдлыг хангаад байна.
- 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос эхлэн тосгон, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийт үзлэгийн 60-аас доошгүй хувийг гэрийн эргэлтэд шилжүүлж, бага насны болон суурь өвчтэй хүүхдүүд, өндөр настан, жирэмсэн эх, архаг хууч өвчтэй хэвтрийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг гэрээр үзүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна.
- Короновируст /Ковид-19/ халдвараас сэргийлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх утсыг дүүргийн Эрүүл мэндийн төв, өрх, тосгоны Эрүүл мэндийн төв, хүүхдийн сэргээн засах төвүүдэд, мөн лавлагаа мэдээлэл өгөх утсыг дүүргийн нэгдсэн эмнэлэг, амаржих газар, төрөлжсөн мэргэжлийн төвүүдэд тус, тус нээн ажиллуулж байна.
Эрүүл мэндийн байгууллагуудад Коронавируст /Ковид-19/ халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед шуурхай хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх зөвлөмжийг холбогдох тушаал, зааврын дагуу боловсруулан гаргаж, харьяа эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлэхэд бэлэн болоод байна.
Нийслэлийн хэмжээнд коронавирусын халдвараас сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй зарим ажлын талаар мэдээлэл хийлээ