| | USD/MNT 0₮

САЙД АСАН Д.ОЮУНХОРОЛ НАРЫН НЭР ХОЛБОГДОЖ БАЙСАН “МОНГОЛ КУВЕЙТИЙН СУДАЛГААНЫ ТӨВ”-ИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ МЭДЭЛДЭЭ АВЧЭЭ

Хан-Уул дүүргийн 14 хороо Богд уулын Түргэний амын эхэнд 2016 онд байгуулагдсан “Монгол Кувейтийн судалгааны төв” өнөөдрийн байдлаар амралтын үйл ажиллагаа явуулж байна. Томоохон байгууллагууд шинэ жилээ тэмдэглэх, мөн гэр бүлээрээ найз нөхдөөрөө амрах ая тухтай орчныг бүрдүүлэн үйл ажиллагаа явуулж байна.

Уг нь энэ төв нь анх төрийн өмчит үйлдвэрийн газар нэртэй байгууллагдаж байсан. Тодруулбал, нэр нь Монгол Кувейтын байгаль хамгаалах төв, статус нь төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэх. Харин байгуулагдсан он нь 2016 бол захирлаар нь Ч.Батжаргал гэж хүн тус төвийг байгуулагдсан жил томилогджээ.

Уг төвийн үйл ажиллагааны чиглэл нь байгаль хамгаалах, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчны судалгаа шинжилгээний ажил хийх чиглэл зориулалттай аж. Гэвч энэ чиглэлээр ажиллуулж байгаа тун эргэлзээтэй.

“Монгол Кувейтын байгаль хамгаалах төв” ТӨҮГ нь Засгийн газрын 2016 оны 10-р сарын 5-ны өдрийн 100 тоот тогтоолоор байгуулагдсан. Энэ төвийн өмнөх түүхийг үзвэл, 2007 онд Монгол болон Кувейт улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Кувейт улсын Засгийн газрын 100 хувийн санхүүжилтээр баригдахаар болж шавийг нь тавьжээ. Түүнээс хойш 2010 онд тус төвийн объект ашиглалтад орсон бөгөөд “Монгол Кувейтын судалгааны төв” төрийн бус байгууллага /ТББ/ болсон байна.

Өөрөөр хэлбэл, Кувейтын Засгийн газраас Монголоос авч гарсан шонхрынхоо хариу бэлэг болгон 3.5 сая ам долларын буцалтгүй тусламжаар БОАЖЯ-д энэхүү нэртэй цогцолборыг Дархан цаазат Богдхан уулын Түргэний аманд барьж өгсөн байдаг.

Гэтэл Байгаль орчин ногоон хөгжлийн сайд асан Д.Оюунхорол “Монгол Кувейтийн судалгааны төв” нэртэй ТББ байгуулан, уг төвийг өөрийн болгосон гэх асуудал тухайн үед шуугиан тариад байсан ч асуудал нь тэгсхийгээд дарагдаад намжсан юм.

Сайд асан Д.Оюунхорол энэ төвийг өөрийн болгохдоо хэд хэдэн гишүүнийг болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдээ татан оролцуулсан гэдэг. Тодруулбал, тус төрийн бус байгууллагын гишүүдээр УИХ-ын гишүүн Ж. Эрдэнэбат, С.Бямбацогт болон тэдний ойрын хүмүүсийг сонгосон.

Байгуулсан төрийн бус байгууллагын зорилго нь Монгол, Кувейт Засгийн газрын хоорондын буцалтгүй тусламжаар баригдсан цогцолбор, газрыг өөрийн болгох, Кувейтээс орж ирэх санхүүжилтийг хуваан авч, албан тушаалаа ашиглан хувьдаа завшсан гэх.

Бүр Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу 2008 онд “Монгол кувейтийн судалгааны төв”-ийн эхний санхүүжилт болох 1,2 сая ам.долларыг гишүүн Ж.Эрдэнэбатын эхнэрийн дүүгийн нөхөр Б.Эрдэнэ Худалдаа хөгжлийн банкны дансаараа дамжуулан авсан баримт байна. Мөн Лексус-570 автомашин бэлэглэсэн энэ бүгд харьяа яаманд оролгүй дээрх хүмүүсийн хувийн өмчид шилжсэн байна.

Тэр ч бүү хэл тухайн үедээ салбарын сайд байсан Д.Оюунхорол нь өөртөө давуу байдлаар хандуулах үүднээс ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтоор “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” Засгийн газрын тогтоол гаргуулж, Монгол Улсын Засгийн газар, Кувейт улсын Засгийн газар хоорондын Санамж бичигт заасан үүргийг өөрсдийн байгуулсан “Монгол кувейтийн судалгааны төв”-д хариуцуулахаар болжээ. Энэ байдлыг овжноор ашигласан Д.Оюунхоролын хамаарал бүхий этгээдүүд буюу төрсөн дүү нь бас амралтын бааз байгуулан ажиллуулж эхэлжээ.

Хоёр улсын гэрээний дагуух олгосон тусламж дэмжлэг хөрөнгө мөнгө хэдхэн хүний гараар орж дууссанд Кувейтийн элчин сайдын яамныхан хуулийн байгууллагад  гомдол гаргаж эсэргүүцснээр дээрх хууль бус хулгай, үйлдэл нь илчлэгдсэн байна. Уг нь хуулиараа бол Кувейтээс олгосон мөнгөн дэмжлэг, хандив тусламж харьяа яаманд орох ёстой байтал салбар удирдсан сайд нь өөрөө шамшигдуулж, төрийн бус байгууллага байгуулан өмч хөрөнгийг нь үрэн таран хийсэн хэргийг нь хуулийн байгууллагаас шалгаагүй юм байна.

Харин дээрх төвийг өнгөрсөн 2018 онд Ерөнхийлөгчийн харьяанд шилжүүлсэн байна.

Тодруулбал, Засгийн газрын тогтоол гарч байгаль орчин аялал жуулчлалын чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, мэдээлэл сургалт сурталчилгаа зохион байгуулах чиг үүрэг бүхий “Монгол Кувейтийн судалгааны төв” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг “Ногоон говь хөгжил” сангийн дор ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг сайд Н.Цэрэнбатад даалгасан байна.

Ингэснээр тус төв БОАЖЯ-нд огт хамаагүй болж, Ерөнхийлөгч Х.Баттулгын мэдэлд шилжиж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Зарим нэг эх сурвалжийн хэлснээр  Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нарын үгсэн хуйвалдаж хийсэн хууль бус үйлдэл хуудуу нь илрэнгүүт нэр үйл ажиллагааг нь өөрчилж, өөр харьяанд шилжүүлсэн гэх мэдээлэл байна.

Сайд асан Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, С.Бямбацогт нарын нэр холбогдож байсан “Монгол Кувейтийн судалгааны төв”-ийг Ерөнхийлөгч харьяандаа авчээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.