| | USD/MNT 0₮

Т.ТЭМҮҮЛЭН: ХУРДАН ХҮЛГҮҮДИЙН ЖОЛООГ ӨРГӨЖ БАЙГААД ЦОЛЛОХОД ХИЙМОРЬ СЭРГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ САЙХАН САНАГДДАГ

    “Монгол хүн болж төрнө гэдэг сайхан тэр дундаа морин дэл гарч хурдан хүлгийн жолоог өргөж байгаад  цоллохоор хийморь сэргэж байгаа юм шиг сайхан санагддаг” гэж хээв нэг ярих, хэвлүүхэн яриатай сэргэлэн хүүг Туулбаатарын Тэмүүлэн гэдэг. Тэрээр Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул.Тус аймгийнхаа хоёрдугаар арван жилийн сургуулийн тавдугаар ангийн сурагч. Саяхан Улаанбаатар хотод зохиогдсон “Гийнгоо их наадам”-д  хурдан морь цоллох төрлийн тэргүүн байрын эзэн, Монгол өв соёлыг тээгч түгээн дэлгэрүүлэх хэтийн зорилготой авьяаслаг бяцхан хүүг  ASU.MN  сайт энэ удаагийн “MY CAREER” буландаа онцолж, уншигч танд Тэмүүлэнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.

“Гийнгоо их наадам-2023”-д хурдан морины цол дуудах төрөлд  тэргүүн байр эзэлсэн байсан. Энэ наадмын талаар үзэгчдэд сэтгэгдлээ хуваалцаж болох уу.  Хэд дэх удаагаа оролцож байна вэ. Хэчнээн хүүхдүүд оролцсон бэ?

- Миний хувьд анх удаагаа энэ наадамд оролцсон. Эхний шатны шалгаруулалт цахимаар болсон бараг 100 орчим хүүхэд оролцсон байх аа. Өвөрхангай, Говьсүмбэр, Баянхонгор аймгуудаас нэлээн олон хүүхэд ирсэн юм шиг санагдсан.  Анх  уралдаанд оролцож байхдаа маш их сандраад л огшсон.  Монгол хүн шүү гэж бодохоор л өөрөөрөө их  бахархсан. Эхний өдөр тэмцээндээ оролцоод мориныхоо цолыг дуудаад нэгдүгээр шатандаа тэнцлээ гэсэн хариуг авсан. Дараагийн өдөр нь уралдаандаа оролцож дуусаад чи нэгдүгээр байранд орлоо гэсэн хариуг авсан. Тэр мэдрэмж бол мартагдахааргүй мөч  байсан яг уйлах гээд л их гоё.

Яагаад хамгийн анх морины цол дуудах болсон бэ. Чиний сонирхлыг татах болсон шалтгаан нь юу вэ?

- Миний хувьд анх морины цол дуудаж байхыг сонсоход их гоё санагдаад тэрнээс кайф авдаг байсан. Тэгээд л  сурахыг их эрмэлзэх болсон. Хоёр сарын өмнө Улаанбаатар хотод  ирээд дүүгээ хараад байж байхад багш маань  “Гийнгоо их наадам” болох гэж байгаа юм байна. Чи морины цол дуудах төрөлд нь оролцох уу гэдэг саналыг тавиад миний хувьд зөвшөөрөөд багшийнхаа гэрт очиж гурван хоногийн хугацаанд  бэлдээд  тэмцээндээ шууд оролцсон.

Гийнгоо их наадамд ороход чинь бэлтгэж чамд хамгийн анх морины цол дуудахыг зааж өгсөн багш талаар ярьж болох уу?

-Багш маань Говь-Алтай аймгийн гаралтай Монгол Улсын морь цоллооч, бөхийн ахлах засуул хүн байдаг. Монголынхоо өв соёлыг түгээн дэлгэрүүлж явдаг хүн. Би багшаасаа л үлгэр дуурайлал авч багш шиг ээ хүн болно гэж боддог.

Морины нуруун дээр гарч байгаад хурдан хүлгийн цолыг нь дууддаг шүү дээ. Тэмүүлэнгийн хувьд урьд өмнө нь морь унаж байсан уу. Эсвэл анх удаагаа морь цоллохоор Гийнгоо их наадамд оролцохдоо морь унаж үзсэн үү?

-       - Би өмнө нь хөдөө ахындаа хонины морь унадаг байсан. Хөдөө талд хонинд яваад л бас адуунд явдаг байсан. Өөр морь унаж байгаагүй ээ.

Морь бөхийн цол дуудан гэдэг бол хэр баргийн хүний хийж чадах ажил биш, амаргүй байх, чиний хувьд хэр удаан бэлтгэл сургуулилт хийсэн бэ. Бэрхшээлтэй зүйл байсан уу?

-       Цээжлэхэд л жоохон хүндрэлтэй байсан. Миний хувьд наадмын хугацаа тулчихсан шахуу хуваарьтай байсан болохоор гурван хоногийн хугацаанд л багштайгаа цуг бэлдээд шууд оролцсон. Тухайн үед алдчих вий дээ л гэж их айсан. Хурдан морины цол дуудахад  хэлэх үг нь нас наснаасаа хамаараад өөр өөр байдаг.

Соёолон гэхэд л “Заам дөрвөн соёог гялалзуулсан

Заамал зургаан хүзүүг сунгасан гэх жишээний.

Хамгийн анх ямар баяр дээр аль насны морийг цоллож байсан бэ. Тухайн үеийн мэдрэмж сэтгэгдэл, ямар байсан бэ?

-       Миний хувьд хамгийн анх даага цоллож байсан. Дараагаар нь аавынхаа нутгийн 100 жилд очоод азарга цоллосон. Хамгийн анх сайхан санагдсан мөч гэвэл Монгол магнай наадамд оролцоод азарга цоллох мөч их гоё байсан. Тэр хурдан буянгуудын жолоог өргөж байгаад цоллоход хийморь сэргэж байгаа юм шиг л сайхан санагдсан.

Бага насныхаа хөгжилтэй түүх  өөрт тохиолдсон мартагдахааргүй дурсамжаа бидэнтэй хуваалцвал.

-   Би таван настай байхдаа аав, ээжтэйгээ хамт Хятадад очсон. Тэгэхэд их жоохон байсан болохоор аав ээж хоёрыгоо дагаад  ногооны талбай дээр заримдаа ажилдаг байсан. Том шуудай барьчхаад л аавыгаа дагаад төмсийг хурдан гэгч нь шуудайлна, заримдаа сүүдэрт тоглоно тэгж байгаад унтчихна.  Тэр үед намайг Хятадууд их өхөөрддөг байсан. Тэгээд л хоорондоо ям ярихаар нь ойлгохгүй “Зува Зува” гээд л . Орой нь аав ээж маань цалингаа авна.  Тэр дор нь л амттай юм аваад идчихдэг байсан. Энэ үеийн дурсамжаа миний хувьд мартдаггүй. Дараа намар нь  хичээлд орохоор Монголдоо ирсэн дээ.

Сонирхол хоббигийнхоо талаар, чөлөөт цагаараа ихэвчлэн юу хийдэг вэ. Ирээдүйд  өөрийгөө ямар мэргэжилтэй хүн болно гэж төсөөлдөг  вэ?

-   Би том болоод Монголынхоо өв соёлыг түгээн дэлгэрүүлсэн урлагийн хүн болно гэж боддог. Чөлөөт цагаараа ихэнхдээ хичээлээ тараад гэрийн даалгавраа хийчхээд, товшуур хөгжим дээрээ янз бүрийн ая оруулж,  өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлздэг. Одоо бол язгуур урлагаараа дагнаад өөрийнхөө мэддэггүй ерөөл, магтаал, цолуудыг цээжилж, товшуур хөгжим дээрээ өшөө олон ая тоглож сурахыг, болж өгвөл ая зохиохыг оролдоно доо.

                                                                                                                                                                               Б.Отгонзаяа

 ДЭЛГЭРЭНГҮЙГ ДАРААХ ЛИНКЭЭС ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ  

https://www.facebook.com/AsuNewsMN/videos/3421084228158815 

My Career

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.