| | USD/MNT 0₮
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр мэдээлэл хийхдээ Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг сангийн мөнгөө Капитал банкнаас татаж аваагүй нь буруудсан гэх мэдээллийг өгсөн юм.
Тэгвэл энэ асуудалд салбарын сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Арилжааны банкинд мөнгө байршуулах эрсдэлтэй гэж үздэг. Нийгмийн даатгалын сангийн мөнгө өөрөө эрсдэлгүй байх ёстой. 47 тэрбум байсан хүүгийн орлого 260 гаруй тэрбум болтлоо өссөн гэж гэдэг сайн үзүүлэлт биш.
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банкинд байршуулсан байсан түүнийг татаж аваагүй нь Чинзориг сайдын буруу гэж ярьсан. Намайг томилогдож ирэхэд арилжааны банкуудад 570 тэрбум төгрөг байршсан байсан. Эдгээр хөрөнгийн 31 хувь 238 тэрбум нь Капитал банкинд байсан. Одоо бол 104 тэрбум төгрөгийн үлдэгдэл Капитал банкинд үлдэгдэл хэлбэрээр байгаа.
Монголбанкинд Капитал банкнаас НДС-ын мөнгөө буцаан олгох тал дээр хүсэлт гаргаж байсан. Гэвч тэднийхээс оролцох эрх байхгүй гэж хэлж байсан.
2017 оны аравдугаар сард би сайдаар томилогдож очиход Капитал банкны гэрээ дуусчихсан, 70 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэл Капитал банкны харилцах дансанд байршиж байсан. Тухайн үед би Капитал банкны байдал хүндэрч байгаа учраас гэрээ сунгахгүй гэсэн байдалтай 2018 оны тавдугаар сар хүртэл явсан. Дараа нь Нийгмийн бодлогын байнгын хороон дээр гарсан ажлын хэсэг Капитал банкны харилцах дансан дээр их хэмжээний мөнгө таван хувийн хүүтэй байршиж байна.
Тиймээс Капитал банкнаас мөнгөө татаж авч чадахгүй бол хүүгийн алдагдал үүрэхгүй байх нь зүйтэй. Мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуул” гэдэг чиглэл өгсөн учраас харилцах дансанд нь байсан 70 тэрбум төгрөгийг хадгаламж хэлбэрээр байршуулах гэрээ байгуулсан. Түүнээс би сайд болж ирснээсээ хойш Капитал банкинд мөнгө нэмж байршуулсан зүйл огт байхгүй.
НДЕГ-ын дэд дарга асан Уртнасанг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа асуудалд би хувийн байр сууриа илэрхийлэх боломж байхгүй. "Капитал” банкинд байршуулж байсан төрийн мөнгийг иргэдийн хадгаламжтай адилтгаж үзэх хүсэлт тавьсан. Хэрвээ энэ хүсэлтийг хүлээж авбал төсвийн хохирлыг барагдуулах дарааллыг өмнө нь оруулж шийдэх боломж бүрдэнэ гэдэг байр суурьтай байгаа” гэлээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр мэдээлэл хийхдээ Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг сангийн мөнгөө Капитал банкнаас татаж аваагүй нь буруудсан гэх мэдээллийг өгсөн юм.