| | USD/MNT 0₮

Монгол Улс БНХАУ-тай хиллэдэг хилээ БҮРЭН ХААЛАА

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, БНХАУ-тай хиллэдэг Гашуунсухайт, Буянт-Ухаа, Зам-Үүдийн боомтуудыг хаахаар шийдвэрлэлээ. Ингэснээр хуурай газрын болон агаарын хил хаагдаж төмөр зам, нислэгийн үйл ажиллагаа зогсох юм байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Дөнгөж сая Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, дахин нэг тогтоолыг баталлаа. Маргаашнаас эхлээд БНХАУ, Монгол Улс хооронд үйлдэгддэг нислэг, төмөр замын зорчигч тээвэр бүрэн зогсож байна. Засгийн газрын өмнөх тогтоолоор сүүлийн 14 хоногийн хугацаанд нийтдээ 6000 иргэн урд хөршөөс орж ирнэ. Тэгэхээр маргаашнаас эхлэн хил 100 хувь хаагдсан гэж хэлж болно. Урд хөршөөс нислэгээр болон төмөр замаар аль ч улсын иргэнийг нэвтрүүлэхгүй. Монгол Улсын иргэд хүндэтгэх шалтгаантай бол Консулын газраар дамжуулан авчирч, тусгаарлана" хэмээн онцоллоо.

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, генерал Ж.Бямбасүрэн хэлэхдээ "Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар Монгол, БНХАУ-ын Замын-Үүдийн төмөр замын авто боомт, Гашуунсухайт, агаарын замын Буянт-Ухаа боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосон шийдвэр гаргалаа. 

Хоёрдугаар сарын 06-ныг хүртэл БНХАУ-аас манайх 6000 иргэнээ татаж авсан. Энэ өдрөөс хойш хилийн боомтуудаар нэвтрэх хөдөлгөөнийг бүрэн зогсоож, Монгол иргэдээ эх орондоо авчрах ажлыг ГХЯ шийдвэрлэхээр боллоо.

Онгоц өнөөдөр сүүлчийн нислэгээ үйлдэнэ. Дахин онгоц нисэх асуудлыг ЗГ шийднэ. Хилээр зорчих хөдөлгөөнийг бүрэн зогсоосноос хойш БНХАУ-д байгаа монгол иргэдийг тусгай нислэгээр авчрах шаардлага гарч болзошгүй. Энэ тохиолдолд шаардагдах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцах бөгөөд ирсэн тохиолдолд тусгаарлана.

Монгол Улсын иргэдийн хувьд ч гэсэн БНХАУ болон БНХАУ-аар дамжин гуравдагч орон руу явах хөдөлгөөн бүрэн зогссон" гэв.

Монгол Улс БНХАУ-тай хиллэдэг хилээ БҮРЭН ХААЛАА
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.