| | USD/MNT 0₮

Б.МӨНХДӨЛ: Гадаадад амьдарч буй иргэдийг төлөөлөх УИХ-ын гишүүнтэй болъё

       "Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл"-өөс гадаадад суугаа 200 мянга гаруй иргэдийг төлөөлөх УИХ-ын гишүүнтэй болохыг шаардаж мэдээлэл хийлээ.

     Энэ үеэр "Цахим өртөө" холбооны УЗ-ийн гишүүн Б.Мөнхдөл "УИХ Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. 2012 онд гадаадад байгаа иргэд намын жагсаалтад санал өгөх эрх нээгдсэн. Нэг удаа л санал өгөх эрх үүссэн. Энэ удаа холимог системээр гадаадад байгаа иргэд санал өгөх эрх бий болж байгаа. Гэвч УИХ-ын суудлын 38 хувийг сонгоход л гадаадад байгаа монголчууд оролцож байгаа нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Монголд амьдарч байгаа бол тойрогт санал өгч болдог, гадаадад амьдарч байгаа бол тойрогт санал өгөх эрхгүй байна. Монгол Улсын иргэн хаана амьдарч байгаагаас үл шалтгаалан тэгш сонгох эрхтэй. Гадаадад байгаа иргэд зөвхөн намын жагсаалтад санал өгөх нь Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Гадаадад суугаа 200 мянга гаруй Монгол Улсын иргэд эдийн засагт маш том хувь нэмэр оруулдаг. Жил бүр 500 гаруй сая ам.долларыг шилжүүлдэг. Энэ нь ДНБ-ий 3-4 хувийг эзэлж байгаа. УИХ Сонгуулийн тухай хуульд тодорхой заалт оруулж, сонгуулийн тойрог байгуулах үед гадаадад байгаа иргэдэд зориулж тодорхой тойргууд гаргаж өгөх хүсэлтийг тавьж байна.

     Гадаадад амьдарч буй иргэдийг тив тивээр нь бүсчилж тойрог үүсгээд УИХ-ын гишүүнтэй болъё гэж байгаа юм. 126 гишүүний 3-4 гишүүний асуудлыг л ярьж байна. Парламентийн 2-3 хувьтай л тэнцэх суудлыг гаргаж өгөөч гэж байгаа юм" гэлээ.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.