| | USD/MNT 0₮

«БАДМА ЧАГДАР ХОЁР» ХҮҮХЭЛДЭЙН КИНОНЫ НАЙРУУЛАГЧ ЭРДЭНИ ЖАЛЦАНОВЫН ДУУНУУДЫГ МОНГОЛД ДҮРСЖҮҮЛНЭ

Тодруулбал, ОХУ-ын Буриад улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, Буриад улсын “Ульгэр” хүүхэлдэйн театрын уран сайхны удирдаач, найруулагч Эрдэни Жалцанов гуай ирэх Даваа гарагаас Улаанбаатар хотноо уран бүтээлчдийн багтайгаа ирж ажиллах юм.

Эрдэни Жалцановын цувралаар хийж байгаа Чагдар, Бадам богино хэмжээний хүүхэлдэйн киноны зургийг тэр өөрөө зурж мөн зохиолоо бичдэг. Том охин Сарантуяа нь хөгжмийг бүтээдэг бол эхнэр нь зургуудын эвлүүлгийг хийж, одоо 10 настай Янжима охин нь Чагдар, Бадам хоёрт дуу оруулдгийг бид аль хэдийнээ мэдэх бөлгөө. Бас Бадамд Хори Буриад аялгаар, Чагдарт Зэд аймгийн Сартуул аялгаар дуу оруулдаг гэдгийг буриад зон олон гадарлах байх.

Тэд Чагдар Бадам киногоороо устах аюулд ороод байгаа Буриад-Монгол хэлээ сэргээн таниулж, эх хэл соёлоо мартаж болохгүй гэдгийг ойлгуулахыг зорьж байгаа юм билээ.

"Буриад, монголчууд бид нэг ард түмэн, бид уламжлал, дуу хуураар баялаг үндэстэн билээ. Биднийг олон зүйл нэгтгэдэг. Бид чинь нэг л үндэсний хүүхдүүд, нэг модны мөчрүүд шүү дээ"- хэмээн удаах уран бүтээлээ туурьвиж дуусгаад буй Ж.Эрдэни энэ сарын 12-14-ний өдрүүдэд өөрийн шинэ жүжгийн шинэ дууны дүрсийг нийслэл хотноо авна.

Мүнхэ-Сарьдаг орьелтой,

Монгол буурал удамтай,

Байгал үргэн далайтай,

Бурхан багшын Хии моритой –

Буряад-монгол арадни.

Дүрбэн зүгэй һальтид гү,

Дүрбэн тэгшээр һүүенэ гү.

Дүрөө газарта тулаха гү,

Дүүниинь ахаяа хүндэлхэ гү –

Буряад-монгол арадни.

Буряад-монгол нэрэтэй,

Буян хэшэг баянтай,

Эзэн Богдын үринэр

Энэл гээшэ бэеэрээ –

Буряад-монгол арадни.

Хүхэ Мүнхэ Тэнгэритэй,

Хүдөө нютаг уужамтай,

Адуу сүрэг таргантай,

Арадай дуугаараа суутай –

Буряад-монгол арадни.

Буурал баабайн түүрээн гү,

Эртэ үеийн һэбшээн гү,

Түүхэй сагтаа дуулана гү

Түүхын нангин хоолойгоор –

Буряад-монгол арадни.

Элинсэ эмгэйн магтаал гү,

Хулинса үбгөөн үреэл гү,

Шэнэ сагай эхиндэ

Шэмэг дээжэнь тогтоно гү –

Буряад-монгол арадтаа?

ОХУ-ын Бүх Холбоотын үндэсний театрын урлагт олгогддог хамгийн оргил шагнал болох Алтан баг шагналыг гурван удаа хүртсэн урлагийн зүтгэлтэн Орост болон театрын урлагийн Академийн түүхэнд олон байхгуй болов уу. Тэгвэл Эрдэни өөрийн найруулж дэглэсэн жүжгүүдээрээ дээрх нэр хүндтэй шагналыг гурван удаа хүртсэн найруулагч хэдий ч олон хүүхэдтэй өрхийн тэргүүн, эгэл даруухан Сартуул буриад хүн юм.

Монгол угсаатны эртний нэгэн аймаг, өнөөгийн Монгол үндэстний нэгэн ястан, язгуурын монгол хэлт Буриад зон олныхоо өнгөрсөн-одоо-ирээдүйн түүхийг тасалдуулахгуй байхыг өчих удаах жүжгийнхээ хоёр дууг тэрбээр охин Сарантуяатай хамтран бүтээжээ. Нэг дуугаа өтгөс дээдэстээ, удаах дууг хойч үе, хүүхэд, нялхаст зориулжээ. "Өнөөдөр олон оронд тархаж суурьшсан, дэлхий дээр хамгийн олон хуваагдсан үндэстэн гэвэл Монголыг хэлэх байх. Европод халимаг, зүүн хойг ба төв Азид Буриадууд, Өвөрлөгчид, шинжаан уйгарын торгууд, Цастын монгол гэх мэт маш олон хуваагдсан байгаа энэ үед Монголоороо бахархах, Монголын овог удмын хөх толбот гарвал шинжээ хэвээр нь хадгалахыг хаана хаанаа эрхэмлэж ирсэн байна. Түүнийг бидний залуу үе мэдэж, хүндэлж, дээдэлж явах ёстой юм. Өвөг дээдсээс уламжилж ирсэн ёс, заншлыг одоо цаг үед хэрэглэх, баяжуулах, дараа үедээ заах, сургаж өвлүүлэх ёстой юм гэдгийг хоёр дуугаараа өгүүлэх юм"- хэмээн Ж.Эрдэни ярьсан юм.

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.