| | USD/MNT 0₮
Тендер нэртэй луйвар манай улсад хүчээ аваад удлаа. Тендер сонгон шалгаруулалт зарласан гэдэг хэрнээ хэн нэгэн албан тушаалтны хамаарал бүхий этгээд сонгогддог нь нууц биш. Ялангуяа яам, агентлагууд өөрсдийгөө тендер болон худалдан авах ажиллагаагаа нээлттэй явуулдаг хэмээн сурталчилдаг ч үнэн хэрэгтээ бүх тендер нь нууцаар зарлагддаг, зөвхөн мэдээлэлд ойр эрх мэдэлтнүүдийн компани болоод тэдгээрийн оролцоотой гадны компани өрсөлдсөн болоод өнгөрдөг. Тэдгээр тендерүүдийн дийлэнх нь дарга нарын хэт тансаглал, данхар бүтэц, тэвчиж болох урсгал зардал зэрэгт зарцуулагддаг. Иймдээ ч манай улсын төсөв жил бүр алдагдалтай гардаг. Өнгөрсөн онд гэхэд төсөв 627.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Мөн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 11.4 их наяд төгрөг болсон байна.
Гэтэл дарга нарын тансаглал хэрээс хэтэрлээ. Хамгийн сүүлд гэхэд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн 51,6 сая төгрөгөөр өрөөгөө тохижуулж, 626 сая төгрөгөөр тавилга авсан болох нь Шилэн дансны мэдээллээс ил болсон.
Тэгвэл Сангийн яам мөн их хэмжээний мөнгөөр засвар үйлчилгээ хийсэн болох нь тогтоогдлоо. Бидэнд олдсон мэдээллээр хамгийн сүүлд гэхэд Сангийн яам гурван тэрбум 48 сая орчим төгрөгөөр засвар үйлчилгээ хийсэн байгаа юм. Хамгийн сонирхолтой нь гурван удаа зарлагдсан цахим тендерт гурвууланд нь нэг компани шалгарсан байна.
Тухайлбал, Засгийн газрын 2-р байрны "Д" корпусын засварын ажлын 488 сая 500 мянган төгрөгийн үнийн дүнтэй тендер 2018 оны арваннэгдүгээр сарын 11-нд зарлагдсан. Уг тендерт “Зигзаг дизайн” ХХК “хамгийн сайн” гэсэн үнэлгээгээр шалгарсан байдаг.
Дараа нь Сангийн яам 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр СЯ/201802061-1 дугаартай Засгийн газрын 2-р байрны Д корпусын засварын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендерийн дүнг зарласан байна. Ингэхдээ “ЗИГЗАГ ДИЗАЙН” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 23-ний өдөр цахимаар ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.2-д заасны дагуу хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн хэмээн мэдэгджээ.
Өөрөөр хэлбэл, Сангийн яамны “Д” корпусын цахилгааны магистрал, сантехникийн хоолойнууд, агааржуулалт, салхивчийн систем болон засварын ажилд нийт 1,665,794,301 (нэг тэрбум 665 сая 794 мянга 301) төгрөг зарцуулжээ. Энэхүү тендер 2019 оны гуравдугаар сард зарлагдаж байсан бол дахин арванхоёрдугаар сард уг засварын ажилд зарцуулах 894 сая 327 мянга 103 төгрөгийн тендер зарлагдсан байна. Ингээд нийтдээ гурван тэрбум төгрөгөөр засвар хийсэн байна.
Сангийн яамны шилэн дансны мэдээллээс харахад 3 давхрын засварын ажлын үлдэгдэл болох нэг тэрбум 665 сая 794 мянга 301 төгрөгийг 2019 оны 12-р сард, 2 давхрын засварын ажлын урьдчилгаа төлбөр 894 сая 327 сая 103 төгрөгийг 2020 оны 1 сард Зигзаг дизайн компанийн данс руу шилжүүлсэн байна.
Сангийн яамны шилэн дансны мэдээллээс харахад 3 давхрын засварын ажлын үлдэгдэл болох нэг тэрбум 665 сая 794 мянга 301 төгрөгийг 2019 оны 12-р сард, 2 давхрын засварын ажлын урьдчилгаа төлбөр 894 сая 327 сая 103 төгрөгийг 2020 оны 1 сард Зигзаг дизайн компанийн данс руу шилжүүлсэн байна.