| | USD/MNT 0₮

ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨГ ХАРЬЦУУЛАХУЙ

Хөшөө дурсгал өндөр өртөгөөр барьж босгохыг хүмүүс хоцрогдсон зуршил гэж бодож байж болох юм. Гэвч эсрэгээрээ дэлхийн улс орнууд илүү өндөр, илүү сүрлэг хөшөөтэй болох эрмэлзэлтэй байна. Үүнийг улс бүрт байгаа хамгийн өндөр хөшөө дурсгалуудын талаас илүү нь сүүлийн 100 жилд, түүний 90 хувь нь сүүлийн 20 жилд баригдсанаас харж болно. Орчин үеийн барилгын технологийн дэвшил нь тэнгэр баганадсан цамхагт барилгуудыг барих амбиц, өрсөлдөөнийг бий болгосон бол том хэмжээтэй баримлыг ч богино хугацаанд бүтээж байна.

Аварга хөшөө босгоход зөвхөн хэдий хэр хэмжээний зардал гаргасан нь бус энэ хөшөө ямар ач холбогдолтой вэ гэдэг нь чухал бөгөөд хөшөө босгох сайн шалтгаан хэрэгтэй. Жишээ нь энэхүү жагсаалтад Монгол улс 2007 онд босгосон 40 м өндөртэй Чингис хааны морьтой хөшөөгөөрөө багтсан байна.



Энэхүү хөшөө нь өнөөдөр Монгол улсад зочлон ирж байгаа жуулчин бүрийн заавал ч үгүй очдог нэг чухал газар болсон ба дотор нь хүрэл зэвсэгийн үеийн Хүннү гүрний музей, Монголын эзэнт гүрний музей байрладаг учраас жуулчдад Монгол улсын бахархал юу вэ гэдгийг мэдрүүлж чаддаг билээ. Нөгөө талаар том хөшөө гэдэг үндэсний эв нэгдлийг бататгаж, ард түмний зүрх сэтгэлд юу хамгийн чухал байр суурьтай вэ гэдгийг урт удаан хугацаанд өөрөөрөө илэрхийлж чаддаг. Өөрөөр хэлбэл түүхийн номноос л уншиж болох амьд түүхийг эргэн сүндэрлүүлж байна гэсэн үг юм.

Дэлхийн дөрвөн тивд байгаа 12 метрээс өндөр хэмжээтэй эдгээр хөшөө дурсгалуудын олонхи нь бурхадын хөшөө ба тухайн улсын үндэсний баатрууд байх аж. Тэгвэл удахгүй 2018 онд баригдах Энэтхэгийн улс төрийн зүтгэлтэн Сардар Валлабхай Пателягийн 182 метр өндөр хөшөө нь дэлхийн хамгийн өндөр хөшөө болно. Энэхүү хөшөөг босгоход Дубай хотын алдарт Бурж Халифа цамхагийг бүтээсэн АНУ-ын Тернер компани зөвлөхөөр ажиллаж байгаа юм.

Энэтхэгийн анхны ерөнхий сайдын хөшөөг босгох нийт өртөг нь 400 сая доллар болох ба уг хөшөөгөөр үндэсний бахархал, эв нэгдлийг илэрхийлнэ гэж зорьж байгаа юм.

Эрт цаг үед том аварга хөшөө дурсгалыг улс гүрнийхээ хүч чадлыг илтгэхийн тулд хаад ноёдууд санаачлан бариулж, хөрөнгийг нь улсын сангаас гаргах юм уу ард олноосоо албадан гаргадаг байлаа. Тэдгээр хөшөө дурсгалуудын зарим нь өнөөдрийг хүртэл оршиж байгаа бол нэлээдгүй хэсэг нь түүхийн уртад эмтэрч, нурсан нь бий. Тэгвэл орчин үед хөшөө дурсгалыг хэн нэгэн эрх мэдэлтэн бусдыг албадаж босгох биш харин хүмүүс өөрсдийн хүсэл, олны хандив, тусламжаар босгох, хувийн компаниуд хөрөнгө оруулах хандлагатай болсон байна.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.