| | USD/MNT 0₮

АНУ-ын тусгай албад iPhone-ийг тагнуулын хэрэгсэл болгож байсныг илрүүлснээ Оросын тал мэдэгдэв

АНУ-ын тагнуулын албаны iPhone гар утсыг ашиглан явуулж байсан   нууц ажиллагааг илрүүлснээ ОХУ-ын Холбооны Аюулаас Хамгаалах Алба өчигдөр мэдээлжээ. Тухайлбал Apple компанийн бүтээгдэхүүн дээр ажилладаг урьд өмнө мэдэгдэж байгаагүй нууц программыг Оросын хэрэглэгчдийн хэдэн мянган гар утаснаас илрүүлснээ КГБ-ын залгамжлагч байгууллага мэдээлсэн байна.

Тэдгээрийн дотор ОХУ-д ажилладаг гадаадын дипломатууд байсан гэнэ. Жишээлбэл хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнууд, НАТО-гийн гишүүн орнууд, Израиль, Сири, Хятадын дипломатчидын гар утсыг тагнаж байжээ. “Америкийн тусгай албадын Apple загварын гар утас ашиглан явуулж байсан нууц ажиллагааг Холбооны Аюулаас Хамгаалах Алба илрүүллээ” гэж тус байгууллага мэдэгдэлдээ өгүүлсэн байна. Энэхүү ажиллагаа нь “АНУ-ын Үндэсний Аюулаас Хамгаалах Байгууллага болон Apple компани хоорондоо ойр холбоотой ажилладгийг батлан харууллаа” гэж Оросын гадаад хэргийн яам мэдэгджээ.

Харвардын Их сургуулиас гаргасан Cyber 2022 Power Index кибер хүчин чадлын индекст АНУ дэлхийн улс орнуудыг тэргүүлж, дараа нь Хятад, Орос, Их Британи, Австрали улсууд удаалж байв. Өнгөрсөн оны эхээр Украины дайн эхлэх гэж байгааг АНУ, Их Британийн тагнуулын албад урьдчилан анхааруулж байсан. Ингэхдээ тэд ямар тагнуулын арга хэрэгслийг ашиглан мэдсэнээ нууцалж байсан юм.

КГБ-ын ажилтан асан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний хувьд интернэт, гар утас огт хэрэглэдэггүй гэдэг. Энэ оны эхээр Кремлийн эрх баригчид iPhone хэрэглэхээ зогсоох үүргийг Оросын төрийн өндөр албан тушаалтнуудад өгсөн гэх мэдээлэл тарж байв. Тухайлбал ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Сергей Кириенко дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө гар утсаа солих даалгаврыг нэгэн арга хэмжээний үеэр өгсөн тухай Коммерсант сонин мэдээлж байжээ

Эх сурвалж: Reuters

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.