| | USD/MNT 0₮

ЖАГСАГЧИД БОЛГОН ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙН ЭЛЧ НАР БИШ

Булингаршсан төр, сонгуулийн хуурмаг тогтолцоо, намуудын дээрэнгүй үзэл, Засгийн газрын пөөнийсөн үйл ажиллагаа, УИХ-ын хуйвалдаант шийдвэр, Шүүх засаглалын дэнсгүй шийдвэр, авлигын учиг нь олдохгүй сүлжээ, нийгмийн хэт бухимдал Монгол орныг туйлдуулж, иргэдийг сөхрөөлөө. Аврал хаана байгааг иргэд мэдэхээ ч байж. Талхны үнэ, махны үнэ, түлшний үнэ яриулсаар эрүүл тогтолцоо яриулахаас бүр холдуулав.

Нийгмийн шударга бус тогтолцооны эсрэг жагсагчдын бүхэл бүтэн үе солигдож, Сүхбаатарын талбай дээр “ажлын байр”-аа түрээсгүй бэлдэн ажиллаад удаж байна. Өмнөх ерөнхийлөгч нарын увайгүй тансаглал, урдах гишүүдийн ор үндэсгүй хөрөнгөжил, ЖДҮ, нүүрсний хулгай, Хөгжлийн банк, БСЗ-ийн асуудлын буруутанг хайж, өдөржин шөнөжин, өвөлжин зунжин ТЭД жагсдаг. Дуу өсгөгчөөр хамгийн зөвийг ярьж, харааж ерөөж, иргэд, монголын ард түмэн гэсэн үгсийг түлхүү хэрэглэн нийгэмд тодрох үзэгдэл хавтгайрав.

Жагсагчдын давалгааг даган, троллын арми, сэтгүүлчдийн гүйлдээн, ордноор дүүрэн муур хулгана болсон хүмүүс, цахим сүлжээнд хамгийн хадаас мэдээллүүд энэ тухай л өдөр тутам хяналтгүй цацагдаад удав.

Зарим төрийн томоохон байгууллага өөрсдийн үйл ажиллагааны мухардлаа цахим ертөнцийн олонхын шийдвэрт дулдуйдан шийдвэрлэж гал намжаадаг нь ч хэвшил болоод удлаа. Үнэн, зөвийг иргэд танихаа байж нийгэм өдөр тутмын донсолгоонд өнжих болоод ч удлаа.

Жагсагчид гэх нэр нүүр бүхий гол төлөөллүүд байнга гарч ирнэ. Тэд гарч ирэх болгондоо сэдвээ өөрчилсөн байх нь бий. Учир нь өмнөх сэдвийг бүрэн шийдээгүй, дараагийн асуудалд гол дүрд цохьж явдаг нь эргэлзээ төрүүлдэг.

Тэгэхээр жагсагчдын уламжлалыг харах хэрэгтэй болно. Баасан, Батзандан, Магнай. Манай үеийн баатрууд идэх нь идэж, тушаалд сандайлах нь сандайлаад чимээ алдарсан. Шударга-5 бол бүр ч хулхины нөхөд байсан нь илэрхий болсон. Нийтийн эрх ашгийн төлөө биш гэдэг нь урдах уламжлалуудаас нь бэлхэн гэрчлэгддэг.

Харин орчин цагийн жагсагчид иргэдийн төлөө жагсаж байна уу? гэвэл ҮГҮЙ. Тэд МӨНГӨӨР жагсдаг. Ардаа өөр өөр эрх ашгийн захиалгаар “Сүхбаатарын талбай” ХХК дээрээ цугларч заримдаа үзэл бодлын зөрүүгээсээ болж хэдэрлэлцэн заамдалцах нь ч бий.

Жагсан үзэл бодлоо нийгмийн хэм хэмжээнд, улс төрийн соёлтой, бат зохион байгуулалттай, үр дүн тодорхой, гарц шийдэл ойлгомжтой, хариуцлага нь эрүүл зүйгээр шийдэгдэх хөдөлгөөн нь Ардчилсан нийгмийн суурь ойлголт. Нийгэм эрүүлийн шинж. Гэтэл “Сүхбаатарын талбай” ХХК-ийнхан уйлна, дуулна, шалдална, салаавчилна, булаацалдана, лайвдалцана, ёоёодолцоно, зулгаалцалдана.

Харин Иргэний Зориг намын Д.Энхбат өөрийн цахим хуудаснаа: Хүмүүс Улс төрчдийг өөрчлөгдөнө гэж итгэх юм. Шүүмжлэхээр сайжирчихна гэж найдах юм. Улс төрчид хэзээ ч өөрчлөгддөггүй. Тэднийг зөвхөн сольдог. Өөрчлөх биш солих гэдгийг ойлгох цагт л иргэд улс төрчидтэйгээ ажиллаж сурдаг гэжээ.

МӨНГӨӨР жагсагчид ажлаа хийсээр байгаа ч үр дүн АЛГА.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.