| | USD/MNT 0₮

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛЧ ХОЁР ТОЛГОЙ

Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Монгол Улсын  Засгийн газар өнгөрсөн оноос хэд хэдэн улс төрийн луйвар, булхайг шүгэл үлээж ард түмэнд дэлгэсэн. Энэ нь эхнээсээ ард түмний дургүйцлийг эрхгүй төрүүлж, нийгэм даяар бухимдал, хорслоор дүүрэн байлаа. Ээлж, ээлжээр илэрсэн хулгай, дээрэм, гишүүдийн сандал, ширээний тоглоом зэргийг дурдаад байвал дуусахгүй. Харин энэ бүхний эцэст Засгийн газрын сүржин эхлэл хаана төгсөв гэдэг нь асуудал дагуулаад байна. Өөрөөр хэлбэл эцсийн үр дүн юу байв.

      Өнгөрсөн жилээс өдийг хүртэл авч үзвэл манай улс тоймгүй олон хулгайч, худал хуурмаг луйварчдаар дүүрэн гэдэг нь ил боллоо. Нэг нь ч шийдэгдэж амжаагүй байхад нөгөө нь сөхөгдөөд гараад ирдэг хулгайн асуудал хөл, толгойгоо олохгүй нь.

-44 ИХ НЯДЫН ХУЛГАЙ ХЭРХЭН ШИЙДЭГДЭВ- 

    Тухайлбал, нэн тэргүүнд 44 их наядаар яригдах улс төрчдийн хулгайн гэмт хэрэг. Тоотой хэдэн гишүүдээр туг тахиад өнгөрсөн МАН-ын нүүрсний тохироо биелэлээ олж, хүний өөрийн гурав, дөрвөн гишүүн бүрэн эрхээсээ буусан байдаг. Гэтэл тэдний хэрэг хэрхэн шийдэгдэв. Бүрэн эрхээсээ түдгэлзсэн гишүүдийн бараа сураг нь ч холдож, ахуй амьдралаа бодоод гэртээ тухалж байгаа гэх. Харин МАН-ын хоёр толгой “Бид хулгайчдыг илрүүлсэн. Хариуцлага тооцно” гэх өнөө, маргаашаа аргацаан, арьсаа хамгаалаад ард хоцорсон бололтой. Тэднийг ингэж суух зуур УБТЗ-ыг тойрсон авилгалын хэрэг ч ил болж, тэгсхийгээд нүүрсний хэрэг замхрав.

-10 ТЭРБУМЫН С.БАТДӨЛ ЯМАР ЯЛ СОНСОХ ВЭ-

     Харин УБТЗ-ын тээвэр зохион байгуулалтын орлогч дарга С.Батдөлийн 10 тэрбумын хэрэг ах нарынхаа булхайг сенсацийн салхинаас мултлах завшаан болсон гэхэд хэлсдэхгүй. АТГ-ын албан хаагчид С.Батдөлийн боодол, боодол мөнгийг тэр даруй нийгэмд дэлгэж, өнөөх нүүрсний тухай үг, өгүүлбэрийг бүрмөсөн арчив. Магадгүй энэ нь МАН-ын сенсацийг сенсациар нухчин дарах төлөвлөгөө ч байж мэднэ гэх хардлага төрүүлж байгаа юм. Тэдний суу залийг гүйцэхээсээ хэдийнээ өнгөрсөн бизээ. Түүгээр зогсохгүй С.Батдөлийн халааг Д.Амарбаясгалангийн туслах гэх гар, хөл болсон албан тушаалтан үйлдээд эхэлсэн. Харин С.Батдөл өөрөө ямар ял авах нь тодорхойгүй л явна.   

-ШҮҮР АЖИЛЛАГАА ЖИНХЭНЭ ЭЗДЭЭ ШҮҮРДЭЖ ЧАДАХ УУ-

       Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар таван “Ш” ажиллагааны хүрээнд шүүр ажиллагааг эхлүүлж, төрийн бүх шатны хууль бусаар томилогдсон албан тушаалтныг шүүрдэхээ мэдэгдсэн. Саяхан ЗГХЭГ-ын дарга нь гаргасан мэдэгдэлдээ 4 мянга гаруй албан тушаалтныг шүүрдсэн гэх. Гэвч шүүр жинхэнэ эздээ шүүрдэж чадаж байгаа юу гэдэг нь тун эргэлзээтэй. Дарга, даамлын гар, хөл болж явсан зарим албан тушаалтан нь шүүрнээс мултарч, албан тушаалдаа хэвээр үлдэж байгаа гэх. Тэгсэн ч шүүрдэгдсэн албан тушаалтнуудад ямар хариуцлага хүлээлгэж байгаа нь мөн асуудаал дагуулсаар байна.  

-БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН Ч БАС ЗАМХРАХ УУ-

      Ингээд зогсохгүй МАН хамар доорх гэмт хэрэгтэн гишүүддээ хариуцлага тооцож чадахгүй байж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, гишүүдийнхээ тоог нэмэхээр зэхэв. Энэ нь ч нийгмийг бухимдалд автуулаад ирэхээр Боловсролын зээлийн сангийн хулгайг нийтэд дуулиан болгон дэгдээж, бас л сенсаци болгож амжсан юм.

    Гэх мэт өнгөрснийг дахин сануулбал, шүгэл үлээсэн Засгийн газрын сүржин толгойлогчид ард түмэндээ худал хэлсээр хэнд ч хариуцлага хүлээлэгсэнгүй өдийг хүрлээ. Үүнийг нь ч далимдуулж гэмт хэрэгтнүүд нэг, нэгээрээ сугарч үлдсээр Монгол Улс хулгайчгүй, луйваргүй болж үлдэх үү. Үнэн хэрэгтээ бухимдал нь тулсан ард түмэн МАН-аас хариуцлага нэхэн жагссаар байна. Харин хариуцлагагүй хоёр толгой нь ард түмнээ тархидсаар.

 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.