| | USD/MNT 0₮

Хариуцлага хүлээнэ гэж мэдэгдэж байсан Ц.Даваасүрэн сайд та огцор

 

Сайжруулсан шахмал түлшний асуудал Эрчим хүчний яаманд ч хамаатай. Тиймээс салбарын сайд Ц.Даваасүрэнг хариуцлага хүлээгээд албан тушаалаасаа огцрохыг шаардаж эхэллээ.

Салбарын сайд Ц.Даваасүрэн өнгөрсөн зун 25 дугаар телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт орохдоо “Өнгөрсөн зун шахмал түлшний үйлдвэр барьсан. Нийслэлд шахмал түлшний хэрэгцээг бүрэн хангана. Аравдугаар сар гэхэд нөөцөө хангалттай бүрдүүлнэ. Сардаа 100 мянган тонныг үйлдвэрлэж нийлүүлэх хүчин чадалтай. Ямар нэгэн хомсдол үүсэхгүй. Харин түүхий нүүрсний үнээр энэ түлшээ зарна. Илчлэг нь хоёр дахин их, түлэхэд ямар нэгэн үнэр байхгүй. Ирэх жил бид нар утааг 50 хувиар бууруулна. Та нар хараарай. Хэрвээ утаа буурахгүй бол хариуцлага хүлээнэ. Энэ чинь нийгмийн том хариуцлага шүү дээ. Ерөнхий сайд ч намайг сайд хийж чадахгүй бол хариуцлагаа хүлээгээрэй гэж хэлсэн” гэж ярьсан байдаг.

Гэтэл өнөөдөр энэ хүн арай өөр юм яриад нийгмийн сүлжээгээр олон нийтэд хандаж онцгүй хариулт өгч байгаа нь таалагдсангүй. Хэрвээ ямар нэгэн асуудал гарвал нийгмийн хариуцлагаа хүлээж, огцорно гэдгээ өөрөө хэлсэн байна. Гэтэл өнөөдөр огцрох тухай ч бодохгүй, өөрийгөө өмгөөлж, бусдад буруу өгч байгаа нь хэр зөв хариулт юм бэ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн асуусан асуултад Ц.Даваасүрэн сайд “Би гайхаад байна. Өмнө нь хүмүүс зуу зуугаараа угаартаж үхээд байхад бид яагаад дуугай байсан юм бэ. Өнөөдөр энэ асуудал олны анхаарал татаад ирж байгаа нь сайн. Одоо иргэдээ анхаарч эхэллээ. Тэд нарт одоо утаа угаараас хамгаалах дохиолол аваачиж өгнө гэж ярьж байна. Өнөөдөр 500 хүн машины ослоор амиа алдаж байхад бид таг дуугай л байсан. Яагаад ингээд дуугай байгаа юм бэ. Тэгэхээр иймэрхүү асуудалд анхаарал хандуулж эхэлж байгаа нь сайн байна” гэж хариулсныг үнэндээ ойлгосонгүй.

Иргэдээ туршилтын туулай болгож, эрсдэлд оруулж, эрүүл мэнд амь насаар нь хохироох нь сайн зүйл, анхаарлын гол цэг гэж хараад андуурууд байна уу даа, эрхэм сайд Ц.Даваасүрэн.

Энэ бол маазрал биш юм. Өнөөдөр 150 гаруй хүн угаартаж, долоон хүн амиа алдчихаад байна. Нэг хүн угаартаж амиа алдсан ч нийтээрээ санаа зовох ёстой. Иргэнээ боддог, иргэдээ хайрладаг хамгаалдаг, эрх ашгийг нь дээдэлдэг, эрх чөлөөг нь хамгаалдаг төртэй, сайдтай байхыг хүсч байна.

Долоон хүн амиа алдчихаад байхад олныг доромжлоод доог тохуу хийгээд албан тушаал, сандал ширээтэйгээ зууралдаад суух нь ариун явдал юмуу, сайд, дарга нараа.

Ямар нэгэн асуудал гарахаар хэн нь ч хариуцлага хүлээдэггүй сайд, дарга нар өөрсдийн саналаараа, ёсзүйгээ ухамсарлаж огцрохыг шаардаж байна.

 

О.Гал

Энэ бол маазрал биш юм. Өнөөдөр 150 гаруй хүн угаартаж, долоон хүн амиа алдчихаад байна. Нэг хүн угаартаж амиа алдсан ч нийтээрээ санаа зовох ёстой. Иргэнээ боддог, иргэдээ хайрладаг хамгаалдаг, эрх ашгийг нь дээдэлдэг, эрх чөлөөг нь хамгаалдаг төртэй, сайдтай байхыг хүсч байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.