| | USD/MNT 0₮
Жирийн иргэдийн ажиллах, бизнес эрхлэх боломжийг нь хулгайлж, хумсалсан төрийн өндөр албан тушаалтнууд болон УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниудад хариуцлага тооцохоор иргэд, төрийн бус байгууллагууд нэгдэн нийлж эхэлжээ.
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бага хүүтэй их хэмжээний зээл авч, өөрсдийнхөө эзэмшдэг банк бус санхүүгийн байгууллагаар иргэдэд мөнгө хүүлүүлж эргэлдүүлж байсан баримтууд өчнөөн олноороо бий. Тэгвэл өнөөдөр тэдэнд хуулийн хариуцлага хүлээлгэж, ЖДҮХС болон Чингис, Самурай бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс зээл авсан эрхмүүд зээлээ эргэн төлсөн үү гэдэг нь эргэлзээтэй байна. Мэдээлэл нь хаалттай, мэдээлэл өгөх ёстой албан тушаалтнууд нь мэдээлэл өгөхөөс зайлсхийдэг.
Уг нь ЖДҮХС-аас олгодог арилжааны зээл бага дунд орлоготой иргэдэд зориулсан зээл тул очих эзэндээ бус харин хэн нэгэн эрх мэдэлтний халаасанд орж, эрхэлж байгаа бизнесийг нь тэтгэж дэмжээд байгаад учир бий.
Одоо УИХ-д сууж байгаа ЖДҮ-чин гишүүдийг төрд дахин сонгохгүй байх акцийг зохион байгуулж, сонгогдсон тойргоор нь хүртэл явж байгаа харагдана.
Тэгвэл УИХ-ын гишүүн байхдаа Засгийн газрын бусад хөтөлбөр болон бондын мөнгөнөөс зээл авсан албан тушаалтнууд байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг “Моносфармтрейд” ХХК–ийнхаа нэр дээр бондны мөнгөнөөс 5.5 тэрбум, “Моносконстракшн” ХХК-ийнхаа нэр дээр Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс 1.3 тэрбум төгрөг гээд нийтдээ 6.8 тэрбум төгрөгийн хөнгөлттэй авчээ. Тэрбээр 6.8 тэрбум төгрөгөөр юу хийж болсон байх вэ. Мэдээж, өөрийнхөө эзэмшдэг компаниудаа тэтгэж, эдийн засгийн эргэлтийг нь сайжруулсан болж таарна.
Хамгийн гол нь авсан зээлээ эргэн төлсөн үү. Бондын мөнгө болоод Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгө Монголбанкнаас зээл хэлбэрээр гараад салхинд хийсч замхарсан.
Иргэдийн хамгийн сайн мэдэх “Чингис” бондоос хэрэгжүүлсэн 888 төслийг хэн хэн авсныг нарийвчлан шалгавал их “но” илрэх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл шалгасан зүйл байхгүй.
Дашрамд дурьдахад, “Монос”-ын үйлдвэр, эмийн сантай холбоотой таагүй мэдээллийг мэр сэр гардаг. Өнгөрсөн жил Эм хангамжийн холбооноос мэдээлэл хийж, Монос эмийн сангийн эмийн чанар болоод гаж нөлөөг нь шүүмжилсэн байдаг.
Тодруулбал, Монгол Улсад зарагдах ёстой эмийн жагсаалтад зарагдах ёсгүй 170 гаруй эмийг зарим компаниудад илт давуу тал олгож байна. Тухайлбал импортын эмнүүдийг бөөний үнээс 10-60 хувиар доогуур үнэлэн борлуулахаар заажээ. Гэсэн атлаа "Монос" компанийн үйлдвэрлэдэг зарим эмийг зах зээлийн үнээс 4-5 дахин өндөр үнээр борлуулна хэмээн жагсаалт баталсан байна.
Үүнээс гадна энгийн эмийн сангуудаас хэд дахин их квотыг “Монос” компанид давуу тал олгож өгсөн. Мөн "Монос" нэрийн эмийн чанар муу хэмээн Эмзүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэндээхүү шүүмжилсэн юм.
Тэрбээр “Би олон жил эм шинжилсэн хүний хувьд эмийн чанарыг мэднэ. Эмчилгээний идэвх гэж тусдаа зүйл бий. "Монос"-ын эмийг хүмүүс авах дургүй байдаг шалтгаан нь Хятадын түүхий эдээр үйлдвэрлэдэг. Тэгсэн хэрнээ эмийн чанарын судалгаа огт хийдэггүй. Тийм учраас эмчилгээний идэвх муутай” гэж ярьж байсан удаатай.
Эмзүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэндээхүү
УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг “Моносфармтрейд” ХХК–ийнхаа нэр дээр бондны мөнгөнөөс 5.5 тэрбум, “Моносконстракшн” ХХК-ийнхаа нэр дээр Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс 1.3 тэрбум төгрөг гээд нийтдээ 6.8 тэрбум төгрөгийн хөнгөлттэй авчээ.