| | USD/MNT 0₮
Монголчуудын дунд хэдийнээ танил болсон Борхүү нэртэй бугын элийг мэдэхгүй гэж үгүй бизээ. Харин өнгөрсөн долоо хоногт Борхүүг цахим сүлжээнд гэртээ эргэн очсон гэх мэдээлэл цацагдаад байсан ч тэр Богдхан ууландаа идээшилсэн хэвээр байгаа талаар мэдээлсэн. Одоогоор Борхүүд электрон чип суулгаж, Богдхан ууланд нутагшуулахаар бэлтгэж байгаа аж. Тэгвэл бид Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүлтэй холбогдож хэсэгхэн яриа өрнүүлллээ.
-Өмнө нь Борхүүг байгальд хоёр удаа тавихад гэртээ эргээд ирчихсэн гэж сонссон. Гэрээсээ холдохгүй болтлоо дасал болсон байв уу?
-Тийм ээ. Борхүү гэрийнхээ гадна л хонож, идээшилдэг. Хол газар явдаггүй. Хааяа хонь дагаад ойрхон бэлчээрлээд ирнэ. Харин өнгөрсөн жил Улаанбаатар хот руу явуулах өглөө гэнэт байхгүй болчихсон. Авч явах гээд байгааг мэдсэн юм шиг л байсан шүү. Бид чинь сандралдаад, хүүхдүүд хад асгаар хайж, эрэл сурал болж байж холгүйхэн газраас олсон.
-Гурван жил дэргэдээ асарч, гэр бүлийн гишүүн шигээ өсгөсөн Борхүүг тусгай хамгаалалттай газарт шилжүүлнэ гэдэг амаргүй байсан байх?
-Бид Борхүүг хот руу явуулах өдөр нойр хүрэхгүй, сэтгэл хоргодоод нэг л хэцүү байсан. Тэр өглөө нь аймаг орон нутгийн удирдлагууд, байгаль орчны газрын хамт олон, айл саахалтынхан бүгд цугларч Борхүүгээ гаргаж өгсөн дөө. Харин би хүүтэйгээ Борхүүг хот руу хүргэж өгсөн юм. Хариуцаж авсан хүмүүс нь хэлэхдээ “Монголд Борхүүг танихгүй хэн гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор бид хариуцлагатай ажиллаж, гэр бүлийнхээ гишүүн шиг л асарч хамгаалах болно” гэж амалсан. Мөн байршил тогтоогч суулгаж, байнгын хараа хяналтад оруулна гэж байна лээ. Хүү бид хоёр Борхүүг үдээд буцахдаа нулимс урсаад л байлаа.
-Борхүү урьдых шигээ гэртээ гүйгээд ирвэл яах вэ?
-Яваад удаа ч үгүй байхад нь нэг л өдөр гэрийнхээ гадаа хүрээд ирэх болов уу, шөнө унтаж байхад гэрээ шөргөөх болов уу гээд л горьдож суудаг байлаа. Эргээд гэртээ гүйгээд ирвэл нутагт нь байлгана даа. Харин ирэхдээ олон согоо дагуулаад ирэх байх. Бид бүгдээрээ л санаж байна. Одоо нутагшуулсан газарт нь найман согоо Борхүүтэй цуг идээшилж байгаа. Удахгүй төл нь гарвал Борхүүгийнхээ төлийг өсгөнө гэж бодож л байна
-Борхүү ихэнхдээ хонины бэлчээрт өнждөг байв уу?
-Хонио дагаад бэлчээрт гардаг байсан л даа. Гэхдээ Борхүүг ирээд хоёр жил болж байхад сарлагийн өнчин тугал манай адууг дагаад хүрээд ирсэн юм. Түүнийгээ бас л тэжээж өсгөөд Борхүүтэй ижилсүүлсэн. Хаана ч Борхүү тэр хоёр хамт явж байдаг. Харин Борхүүг хот руу явсанаас хойш өнөөх сарлагийн тугал хоёр хоног гэрээ тойрч мөөрөөд өрөвдөлтэй санагдсан шүү. Хоёр биендээ их л дассан юм билээ. Хааяа биднийг эзгүй хойгуур сарлагийн тугалаа дагуулаад саахалтаас сүү нэхээд зогсож байдаг. Тийм л дурсамж үлдээсэн.
-Таны гурван хүү түүнийг санаж байна гэнэ үү?
-Хүүхдүүд маань Борхүүг явсан цагаас хойш байнга л асууж сураглаж байна. Манай бага хүү Борхүүг тэр өглөө явна гэдгийг мэдээгүй байсан юм. Харин явна гэхийг нь сонсоод хичээлээ таслаад ирчихсэн. Бид чинь тэгтлээ дасчихсан байлаа шүү дээ.
-Борхүүг Богдхан уул руу явуулах болсон шалтгаан юу байв?
-Уг нь Борхүүг хоёр удаа байгальд нь эргүүлэн тавьсан. Гэтэл гурав хоноод л гэртээ хүрээд ирдэг байсан юм. Нэг шөнө унтаж байхад гэрийн гадна ямаа шөргөөх шиг болоод байхаар нь гараад хартал Борхүү жигтэйхэн өөдөөс ширтээд зогсож байсан. Ийм байдлаар гэрээсээ холдоно гэж байхгүй. Харин эр буга юм болохоор том болох тусмаа зан, араншин нь өөрчлөгдсөн. Бага байхдаа яг л хүүхэд шиг. Сүүгээ уучихаад хүний дэргэдээс салдаггүй элий байсан юм. Хүний л адил өсөх насан дээрээ өөрчлөгдөх нь аргагүй биз. Тэгээд л аргагүй эрхэнд аймаг орон нутгийн удирдлагтай холбогдож, тусгай хамгаалалттай газар эргүүлэн тавихаар шийдсэн.
-Анх Борхүүг элий байхад нь олоход ямар байдалтай байсан бэ?
-2020 оны өвөл цас ихтэй, мал амьтан өвөлжихөд хүндэвтэр байсан үе. Нэг өдөр цасан шуурга шуурч, үзэгдэх орчин ч багасаад ирсэн. Энэ үед манай нөхөр хонинд явж байхдаа осгох шахсан бугын элий олж, гэртээ орж ирсэн юм. Хамаг бие нь чичрээд, хөл дээрээ тогтож чадахгүй байхаар нь сүүгээр угжиж, тэнхэл оруулаад амжсан. Түүнээс хойш үүр, шөнөөр хүртэл сүү өгсөөр байгаад том болгосон доо. Бид чинь малынхаа аясыг дагаж нүүдэлдэг. Борхүүг ирсэн цагаас хойш түүний аясаар л нүүх болсон шүү. Хангайгаа бараадаад л буудаг болсон. Борхүү ч биднээсээ салж чадахгүй.
-Богдхан ууланд Борхүүг хариуцаж байгаа хүмүүстэй холбоотой байгаа юу. Байгальдаа дасч байна гэнэ үү?
-Тийм ээ. Богд ууланд Борхүүг маань хариуцаж хамгаалж байгаа хүмүүс рүү байнга утсаар холбогдож, аж байдлыг нь асуудаг. Удахгүй цахим сүлжээгээр холбогдож, зургийг нь харуулна гэж байна лээ. Харин Борхүүг гэртээ эргээд ирчихсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдаад байсан. Борхүү маань аюулгүй газар бий. Бид санаа зовохгүй байна.