| | USD/MNT 0₮
Ховд аймгийн Булган сумын малчин, баруун хязгаарт болсон байлдаанд оролцож явсан ТОРГУУД ШИЛЭГИЙН хүү БАТТӨМӨРИЙН улаан гараараа чоно агнасан итгэмээргүй түүх.
Энэ явдал 2018 оны 10 дугаар сарын 02-ны шөнө тохиожээ. Ш.Баттөмөрийнх голд ойрхон намаржиж байлаа. Тэрээр шөнийн нэг цагийн орчим “морь харах”-аар гартал мал нь шуугьж хуйлраад нэг л биш гэнэ. Сайхан ч сартай шөнө байж. Гол дагуу алхаж явтал нэг ямаа учиргүй майлаад орилоод байжээ. Голын усанд уначихдаг юм байх даа гэж бодоод эрэгт дөхөж очоод хартал нэг ямааг чоно бөгснөөс нь зуурчихсан байхтай халз тулчихжээ.
Гэрээсээ “морь харах”-аар гарсан хүн гэрийн халаад, угладаг шаахайтай нүцгэн шахуу. Сандарсандаа “хөөш” гэтэл нөгөө чоно яах ийхийн зуургүй эрэг дээр үсэрч гарч ирээд архираад зүүн хөхөн дээрээс нь хазаад авчээ. Мань эр цочсондоо шилэн хүзүүн дээр нь сайн гэгч нь дэлсэв. Тэгээд ууцаар нь тэвэрч аваад, цавиар нь хоёр хөлөө оруулж чагтлаад газарт дараад уначхав. Тэрүүхэн зуур сүйхээчлээд шууд л ам руу нь гараа хийгээд хонь, ямааны эрүү заадаг шиг хоёр тийш нь байдаг чадлаараа татаж үзэв. Хоёроос гурван минут хэртэй болсны дараа хоёр гар нь мэдээ алдах янзтай. Дахиад барьцаа лавшруулж хоёр соёон дундуур нь гараа оруулж аваад татаад л байв. Тэгсэн өнөөх чоно хангал морь амгай хийчихлээр сэгсрээд байдаг шиг толгойгоо хоёр тийш сэжлээд байх. Мань эр байдаг чадлаараа татаад л байв.
Гэрээс нэлээд холдчихсон, хүн сонсох аргагүй. Намрын өтгөн ширгэн дунд цохиод авчихмаар чулуу ч байдаггүй. Жаахан сульдах маягтай болоод иртэл өнөө чоно баруун гарын булчин дээрээс нь хазаад авч. Мань эр зүүн гараараа хоолойг нь шахаад хоншоорыг нь эргүүлээд газарт дараад байтал зүлгэн дээр амьсгаа аваад тус болсонгүй. Одоо яадаг билээ. Тавиад явуулчихдаг ч юм билүү гэж бодож гэнэ. Тавьчихвал намайг хазчихсан юм чинь идэх нь гарцаагүй. Эсвэл би үхнэ, эсвэл би энэ чоныг ална. Өөр сонголт алга гэж бодов.
Ойр орчмыг ажиглатал 10 орчим метрийн зайд бууц нь харагдаж гэнэ. Өнөөх чоноо тэвэрсэн чигээр тохойгоороо сэжилсээр мөлхөж очоод бууц руу хоншоорыг нь сайн шахаад дараад байв. Хүчтэй амьтан хойно амь нь тэмцээд урд хоёр хөл дээрээ өндийгөөд ирж гэнэ. Тэгэхтэй зэрэг нь багадаа чөлөөт бөхөөр хичээллэж байсны хэрэг гарч далаар нь дараад хэвтээд байв. Чоно хоёр, гурав өндийж ирснээ муужраад иржээ.
Чоно тийм ч амар үхдэггүй амьтан юм гэнэ лээ гэж сонссон нь санаанд орж хаширлаад бага зэрэг сулруултал өнөөх чоно нээх их гүнзгий амьсгаа авч гэнэ. Арай л болоогүй юм байна гэж бодоод барьцаа лавшруулаад дахиад дараад л байв. 30-40 минут хэртэй болсны дараа чоно ч хөдлөхөө болилоо. Одоо л үхсэн байх гэж бодоод цавиар нь оруулж чагталсан нэг хөлөө суллаад чонын хөлийг хөдөлгөөд үзсэн, ямар ч хариу үйлдэл байхгүй байна гэнэ шүү. Гэсэн ч хаширлаад хүзүүгээр нь зуурсан чигээрээ цэрэгт заасан тактикаар хоёр тохойгоороо 40-50 метр хэртэй сэжлэн мөлхсөөр гэртээ ойртож ирээд:
-Эрдээ гээд эхнэрээ дуудтал:
-Яав аа.. гэсээр гүйгээд гараад ирлээ. Айчих байх гэж бодоод:
-Зүгээр зүгээр... намайг хээрийн нохой хазчихлаа. Шагайг /машиндаа унтаж байгаа хүү/-г сэрээгээд гэрээс мяндас аваад ир гэв. Тэр дороо хоёул гүйгээд ирлээ.
-За, одоо та хоёр миний суган доогуур мяндсаа оруулаад наадахаа нарийн хүзүүгээр нь тугалчилж уяад хоёр талаас нь сайн татаж бай гэж хэлээд нэлээд найдвартай болсны дараа сая нэг юм босов. Амьд байвал босож ирээд гурвууланг нь сүйд хийнэ гэж бодсон хэрэг л дээ. Чоно ч аль хэдийн амь тавьсан бололтой, хөдлөхгүй л байна гэнэ. Нөгөө залуу ч дөрвөн хөлийг нь мяндсаар холбож боогоод бүүр ч найдвартай араанд нь хийв. Ингэж хангайн амьтантай халз тулж, шандас заан амь гарсан цөст эр бол Ховд аймгийн Булган сумын малчин, баруун хязгаарт болсон байлдаанд оролцож явсан Торгууд Шилэгийн хүү Баттөмөр юм.
Тэрбээр өнөөх чоноо дараа нь хэмжиж үзэхэд 4.5 см соёотой зургаа орчим насны гичий чоно байсан гэдэг. Ийнхүү чонотой улаан гараараа үзэж амь гарсан Ш.Баттөмөр хэмээх энэ шийртэй эр тухайн үед 52 настай байв.
-Багадаа чөлөөт бөхөөр ноцолдож, цэрэгт алба хаасны хэрэг ч тэр үед гарсан шүү хэмээн инээвхийлэн уг түүхийг ярьсан юм. Одоо түүний зүүн хөхний орчим гичий чононы соёоны ором, баруун гарын булчинд үлдсэн дөрвөн шүдний ором чонотой “барилдаж” агнасан энэ итгэмээргүй түүхийг гэрчлэн тодоос тод үлджээ.
Мөнөөх чонын зураг, эмнэлэгт үзүүлэх үеийн Ш.Баттөмөрийн шарх авсан зургууд үлдсэн нь эдүгээ итгэж ядан элдэвлэх сошиалын уншигчдад бодит үнийг өгүүлэх баримт болон үлдсэн нь яамай даа.