| | USD/MNT 0₮
Монгол Улсын шүүх 2019 онд 51 тэрбум 12 сая төгрөгийн төсөв, бүх шатны шүүхийн 505 шүүгч, 1421 захиргааны ажилтны хүний нөөцөөр 86983 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Монгол Улсын анхан шатны шүүхүүд 2019 онд эрүүгийн 13427 хэрэг, иргэний 43397 хэрэг, захиргааны 1747 хэрэг, зөрчлийн 18398 нийт 76969 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 15366 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 17829 хүнд зөрчлийн шийтгэл оногдуулж, 1302 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 3162 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үеэс 7.0 хувиар, захиргааны хэрэг 1.7 хувиар, зөрчлийн хэрэг 36 хувиар тус тус өсөж, иргэний хэрэг 11.1 хувиар буурсан байна. Давж заалдах шатны шүүх 2019 онд эрүүгийн 2286 хэрэг, иргэний 3082 хэрэг, захиргааны 1416 хэрэг, зөрчлийн 363 хэрэг, нийт 7147 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Хяналтын шатны шүүх 2019 онд эрүүгийн 927 хэрэг, иргэний 1332 хэрэг, захиргааны 608 хэрэг, нийт 2867 хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн байна. Шүүхээс 21.5 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн байна.
Шүүхийн ачаалал
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид дунджаар 2017 онд 68.9 хэрэг, 2018 онд 123.6 хэрэг, 2019 онд 138.9 хэрэг, Аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид дунджаар 2017 онд 63 хэрэг, 2018 онд 76.6 хэрэг, 2019 онд 86.1 хэрэг, Сум дундын шүүхийн нэг шүүгчид дунджаар 2017 онд 28.3 хэрэг, 2018 онд 28.4 хэрэг, 2019 онд 34.5 хэрэг тус тус ногдож байна.
Сүүлийн 3 жилийн дунджаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 55.3 хувиар, Аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 32.1 хувиар, Сум дундын шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 18.0 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Давж заалдах шатны шүүхийн нэг шүүгчид дунджаар 2017 онд 25.9 хэрэг, 2018 онд 28.9 хэрэг, 2019 онд 30.1 хэрэг, Хяналтын шатны шүүх /УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхим/-ийн нэг шүүгчид дунджаар 2017 онд 48.8 хэрэг, 2018 онд 95 хэрэг, 2019 онд 112.3 хэрэг тус тус ногдож байна.
Сүүлийн 3 жилийн дунджаар Давж заалдах шатны шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 14,4 хувиар, Хяналтын шатны шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 64,0 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Мөн 2019 онд анхан шатны журмаар шийдвэрлэсэн нийт 13427 эрүүгийн хэргийн 7362 хэргийг буюу 55.0 хувийг дүүргийн шүүхүүд, 5192 хэргийг буюу 39.0 хувийг аймгийн шүүхүүд, 873 хэргийг буюу 6.0 хувийг сум дундын шүүхүүд шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг
Зарим хүнд гэмт хэргийн тоо өсөв (залилах, хүчиндэх, дээрэмдэх гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна)
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.
Зарим төрлийн гэмт хэрэг буурав
Урьд ял шийтгүүлсэн хүний тоо өсөв
Монгол Улсын анхан шатны шүүхээс нийт 13011 хүн, 4 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар өссөн үзүүлэлт юм.
Ял шийтгүүлсэн нийт 13011 хүнийг зарим бүлгээр авч үзвэл ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өмнөх оноос 68 хүн буюу 4.9 хувиар, урьд ял шийтгүүлсэн хүний тоо 391 буюу 15.0 хувиар, өсвөр насны хүний тоо 58 хүнээр буюу 19.2 хувиар тус тус өссөн байна. Мөн бүлэглэж үйлдсэн хүний тоо 9.9 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний тоо 11.9 хувиар тус тус буурчээ.
Ял шийтгүүлэгчдийн дотор 18-29 насны ял шийтгүүлэгчид 5444 байгаа нь нийт ял шийтгүүлэгчдийн 41.8 хувийг эзэлж байна.
Гэмт хэргийн улмаас 16520 хүн, 284 төрийн байгууллага, 99 компани, 2 хоршоо, 10 төрийн бус байгууллага хохирсон байна.
Иргэний хэрэг
Иргэний хэрэг 11.1 хувиар буурав
Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 4758 хэрэг буюу 9.9 хувиар буурсан байна. Иргэний хэрэг ийнхүү буурахад ажилласан жил тогтоосон маргаан 4147 хэргээр буюу 35.5 хувиар, гэрээний эрх зүйн маргаан 197 хэргээр буюу 1.5 хувиар, гэрээний бус үүрэгтэй холбоотой маргаан 85 хэргээр буюу 6.8 хувиар, банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлтэй холбоотой маргаан 456 хэргээр буюу 28.6 хувиар, гэрлэлт цуцалсан маргаан 209 хэргээр буюу 7.1 хувиар, ажлаас үндэслэлгүй халагдсан маргаан 285 хэргээр буюу 30.2 хувиар, цалин хөлсний маргаан 141 хэргээр буюу 22.1 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 445 хэргээр буюу 12.6 хувиар, хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 742 хэргээр буюу 35.8 хувиар тус тус буурсан байна.
Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал шүүхийн ачааллыг бууруулахад нөлөө үзүүлж байна
Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн шийдвэрлэсэн 12860 өргөдлөөс 9227 буюу 71.7 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 3633 буюу 28.3 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсон байна. Мөн 2019 оны бүтэн жилд нийт 37387 (хэрэгсэхгүй болгосон хэргийг хассанаар) иргэний хэрэг шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар 9227 өргөдлийг амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн 19.7 хувь байна. Энэ нь иргэний хэргийн шүүхийн ачааллын 1/5 орчмоор бууруулсан гэж хэлж болохоор байна.
Захиргааны хэрэг
Захиргааны нийт хэрэг 1.7 хувиар өсөв
Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 109 хэрэг буюу 6.7 хувиар өссөн байна. Төрийн албаны маргаан 63 хэргээр буюу 18.8 хувиар, газрын маргаан 87 хэргээр буюу 20.9 хувиар, ашигт малтмалын маргаан 26 хэргээр буюу 16.9 хувиар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан 16 хэргээр буюу 24.6 хувиар тус тус буурсан байна.
Харин төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 80 хэргээр буюу 2.3 дахин, тендерийн маргаан 13 хэргээр буюу 21.3 хувиар, татварын маргаан 31 хэргээр буюу 52.5 хувиар, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 13 хэргээр буюу 59.1 хувиар тус тус өссөн.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг өмнөх оны мөн үеэс 34 хэргээр буюу 2.5 хувиар өсөж, хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг 81 хэргээр буюу 11.8 хувиар буурсан байна.
Зөрчлийн хэрэг
Шүүхээс шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг 36.0 хувиар өсөв
Анхан шатны шүүх: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд 2019 онд харьяаллын дагуу зөрчлийн 17629 хэргийг шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 769 шийдвэрийг хянаж, нийт 18398 зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс харьяаллын дагуу 17990 хүнд холбогдох 17656 хэргийг хүлээн авч, 17629 хэргийг хянан шийдвэрлэж, тайлант хугацааны эцэст 27 хэргийн үлдэгдэлтэй, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан тохиолдол гараагүй байна.
Монгол Улсын шүүх 2019 онд 51 тэрбум 12 сая төгрөгийн төсөв, бүх шатны шүүхийн 505 шүүгч, 1421 захиргааны ажилтны хүний нөөцөөр 86983 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна.