| | USD/MNT 0₮

СОЁЛЫН АЖИЛТНУУДЫГ “ШҮҮР”-ДЭХ ҮҮ?

Монгол Улс Соёлын яамтай болоод удаагүй байна. Соёлын яам байгуулагдсан явдал нь үнэхээр шаардлагатай зүйл байсан нь дамжиггүй. Монголын соёлын ажилтнуудын 70 хувь нь хөдөө орон нутагт ажилладаг. Өнөөдрийн байдлаар соёлын салбарын харьяа 452 байгууллагад төрөөс цалинждаг 7000 орчим хүн ажиллаж байна. Гэвч соёл урлагийг түгээдэг, хүн ардаа соён гэгээрүүлдэг тэдгээр ажилтнуудын маань үндсэн цалин дунджаар 780 мянган төгрөг. Энэ нь эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн боловсрол, шинжлэх ухааны салбарын цалингийн хэмжээтэй харьцуулахад 12 хувиар бага байгаа нь гол асуудал болоод байгаа юм.

Энэ нь сүүлийн 30 гаруй жил Соёлын асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллага байгаагүй учир соёлын ажилтнуудын нийгмийн баталгаа, цалин хөлс төрийн бодлогын гадна орхигдож ирсэнтэй холбоотой. Соёл, урлагийн ажилтны зөвлөгөөн, соёлын холбогдолтой хурал цуглааны гол маргаан дагуулсан асуудал нь цалингийн нэмэгдэл, мөн урамшууллын тогтолцоог хуулинд суулгаж өгөхийг соёлын ажилтнууд шаардан дээд шатны байгууллагад өргөх бичиг хүргэдэг ч энэ нь удалгүй замхран шийдгүй өнгөрдөг заншилтай.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин: Бид мянган удаа цалин бага гэж хэлээд, шаардаад хууль эрх зүйн зохицуулалтгүй бол цалин нэмэгдэх үндэсгүй. Сүүлийн 30 орчим жил Соёлын яамгүй явж ирсэн учраас тэр бүх бодлогын баримт бичиг, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд тодорхой цаг хугацаа шаардлагатай байсан. 780 мянган төгрөгөөсөө нийгмийн даатгал, орлогын албан татвар төлөөд гар дээрээ хэдэн төгрөгтэй үлдэх билээ. Өмсөж зүүхгүй, эм тариа хэрэглэхгүйгээр зөвхөн талх тариа, мах, гурилаа авч амьдралаа залгуулахад хангалтгүй. Гэтэл хүний хэрэглээ юу эс билээ. Ер нь манай салбарынхан цалингаараа амьдралаа залгуулж, тогтвортой авч явахад хүндхэн байна. Тиймээс салбар хариуцсан сайдын хувьд цалин нэмэх шаардлагыг зүй ёсны гэж үзэж байгаагаа шууд хэлье гэжээ.

Монгол Улс Соёлын яамтай болсноор юуны түрүүнд, үндсэн цалингаас гадна соёлын хүртээмжийг нэмэгдүүлэхийн хэрээр нэмэлт урамшуулал авдаг бодлогын томоохон шийдвэр гаргаж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлжээ.

Монгол Улсын соёлын дэд бүтэц маш сайн. Өөрөөр хэлбэл, аймаг сум бүр соёлын төвтэй. Эдгээр соёлын төвүүдээр дамжуулж хүн ардад соёлын бодлогыг хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлыг түгээх үүрэгтэй байдаг. Одоогийн нөхцөл байдлыг харвал, соёлын төвүүд харилцан адилгүй орон тоотой, голцуу үйлчилгээний албан хаагч ихтэй ажиллаж байгаа. Тиймээс 2022 онд Сангийн сайдтай хамтарсан тушаал гаргаж, соёлын төвийн стандартыг баталсан байна.

Ингэснээр сумдын соёлын төвийн төсөв гурав дахин нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Наад зах нь сумдын хүн амтай нийцүүлэн соёлын мэргэжилтний орон тоог нэмэх, техник тоног төхөөрөмж зэргийг шинэчлэх, гол нь байнгын үйл ажиллагаатай, соёл урлагийн үйл ажиллагаа тасралтгүй явагддаг байх боломжийг бүрэн дүүрэн бий болгож, байнгын үйл ажиллагаатай, үзэгчтэй, орлоготой байх нөхцлийг бүрдүүлэхийг зорьж байгаа гэх. Ингээд давсан орлогынхоо 60 хувийг ажилтнууддаа урамшуулал байдлаар олгох эрхийг нь соёлын байгууллагуудад өгсөн. Өөрөөр хэлбэл, харьяа байгууллагууд хичнээн сайн ажиллаж, хүн амын соёлын хүртээмжийг дээшлүүлж байна тэр чинээгээрээ цалин орлогоо хүссэнээрээ нэмэх хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгсөн гэх сайдын мэдээлэл байна.

Гэтэл таван “Ш” ажиллагааны довтолгоон соёлын ажилтнууд өртөх нь үү гэсэн асуулт соёлынхны дунд гараад эхлэв. Монголын соёлын ажилтны холбоо “Соёлын төв /ордон/ -ы ажилтнууд "ШҮҮР" ажиллагааны хүрээнд өртөж байгаа талаар Соёлын сайд Ч.Номинд тус холбооноос албан бичиг илгээжээ.

Соёлын салбарын 70 хувь нь хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг, цалин хүртээмж муу зэргээс мэргэжлийн боловсон хүчин очиж ажиллахад таатай бус ханддагаас чөлөөт уран бүтээл, ардын авьяастан, соёлын биет бус өдийг өвлөн уламжлагч нар соёлын ажлыг нугалан өдий хүрснийг бүгд мэднэ. Монголын хөдөө орон нутгийн аль ч театрт бүрэн дуугардаг оркестр байхгүй, бүрэн жүжиг тавихад ч бусад орон тооны ажилтнууд нөхөн оролцдогийг үзэгчид андахгүй.

Соёлын ажилтнуудын гол онцлог нь заавал мэргэжлийн гэхээс илүү төрмөл авьяастнууд, багш суурьтай боловсрол олсон хүмүүс байдгаараа онцлог. Ийм хүмүүсийг мэргэжлийн бус гэж үзээд “шүүр”-двэл Монголын соёлын салбар доройтно. Бор зүрхээрээ зүтгэж яваа соёлын салбарын ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангахыг Соёлын яам ойроос хэрэгжүүлнэ гэдэгт соёлын ажилтнууд чих тавин хүлээсээр байна.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.