| | USD/MNT 0₮

ХАМГИЙН АЮУЛГҮЙ ГЭХ ОРЧИНДОО ХАЙРТАЙ ҮРС МИНЬ ЭНДЭЖ, ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРООД БАЙНА

Үндсэн хуулинд бид эрүүл, аюулгүй орчинд айх аюулгүй, эрх чөлөөтөй амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр энэ эрхээ эдэлж чадаж байна уу гэвэл үгүй юм. Сүүлийн үед золгүй байдлаар амиа алдагсадын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Ялангуяа бага насны хүүхдүүд золгүй байдлаар амиа алдаж байгаа нь үнэхээр харамсалтай хэрэг. Үнэхээр хүүхдэд ээлгүй жил нийгэм гэж хүн бүр халаглаж харуусаж байна. Дээшээ харж явахгүй бол дээрээс юм унана, доошоо газар ширтэж явахгүй бол нүхэнд унана гэж боддог. Одоо бүр миний хүүхдэд ямар нэгэн зүйл тохиолдчихвий гэж хүүхэдтэй хүн бүр айж эмээдэг болов. 

Хамгийн аюулгүй гэж бодсон орчиндоо амиа алдаж, бэртэж байгаа нь үнэхээр харамсалтай. Өнгөрсөн долоо хоногт 1-5 насны гурван охин гэртээ цоожлуулж үлдээд улмаар хэрэглээний тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарч нийгэм даяараа шуугив. Хэд хоног шуугиад л мартах байх. Хэрэглээний цахилгааны утсаа ээж хянаж, залгаатай байсан залгуурыг салгаагаагүй ажилдаа явснаас болж хүүхдүүд тогонд цохиулсан гэх мэдээлэл бий.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Архангай аймгийн Өлзийт суманд ой 8 сартай хүүхэд резинэн чихрэнд хахаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Гэх мэтчилэн бага насны хүүхдүүд хамгийн аюулгүй гэх орчиндоо харамсалтайгаар амиа алдаж, эндээд байна.  Өнгөрсөн жилийн хувьд ч хүүхдүүд золгүй байдлаар буюу тог цахилгаанд цохиулж амиа алдсан хэд хэрэг гарч байсан.

Тухайлбал, тоглоомын талбайд, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд гүйж яваад, байрныхаа гадаа тоглож байгаад тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэргүүд гарсан. Тогонд цохиулж амиа алдана, төмрөнд даруулж амиа алдана.  Нэг хэсэгтээ шуугиж, харуусаж халаглаж байгаад мартсан. Тэгвэл хүүхдүүдийн эрүүл аюулгүй байх орчны төлөө томчууд бид юу хийв. 

Томчуудын буруутай хайхрамжгүй, хойрго байдлаас болж хүүхдүүд хохирч байна. Холбогдох газруудаас хийсэн судалгаагаар бол дандаа томчууд бидний тоомжиргүй байдлаас гарсан үйлдлийн үр дүн нь хүүхдэд гарч байна гэжээ. Бодлого боловсруулагчид нь дандаа хүүхдэд халтай буруу зүйл хийдэг гэж иргэд шүүмжилдэг нь үнэн. Наад захын нэг жишээ харахад сургуулийн гаднах талбай, хашаа нь шовх үзүүртэй төмрөөр хийсэн байгаа нь эргээд хүүхдүүдэд аюул заналхийлдэг. Хурц үзүүртэй төмрөнд хүүхдүүд гар хөлөө хүү татах, толгойгоо хагалах, гуяа ханзалсан гээд нүд халтирам дүр зураг олон бий. Мөн цаг бусаар амиа алдсан хүүхдүүдийн гашуун түүх ч өгүүлнэ. Гэртээ утас цахилгаанаа шалгаж аюулгүй болгоогүйгээс болж залгаатай байсан тогонд гурван охин цохиулж амиа алдсан. 

Монголын хаана ч цахилгааны монтаж утас ил задгай байж л байна. Манайхны ердөө 10-аад хувь нь л далд монтажийг сонгодог гэнэ.   Өнгөрсөн 2019 оны зун Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт эмийн сангийн төмөр хаалган дээр тогтоосон цахилгааны утсанд 10 настай хүүхэд тогонд цохиулж амиа алдсан эмгэнэлт үйл явдал болсныг мэднэ. 

Түүний дараа мөн Налайх дүүрэгт 7 настай охин тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.  Хаа сайгүй цахилгааны масстай утас байгаа юм шиг байна. Мэргэжлийн хяналтын байгууллага шалгалтыг байнга хийгээд байхад гарч байгаа зөрчил яагаад арилгахгүй байна вэ.

Зөрчлийг хэн хэзээ бүрэн арилгадаг болох вэ. Ийнхүү ил задгай, эзэнгүй, хаяггүй цахилгааны ил монтажийн утсаас болж ахиад хэн нэгэн санаандгүй байдлаар амь эрсдэж, эрүүл мэндэд нь аюул учрахыг бид таашгүй. Иймээс энэ бүхнийг эрчимтэй цэгцлэх цаг нь нэгэнт болжээ. 

Нөгөөтэйгүүр томчууд бидний хайхрамжгүй хариуцлагагүй байдлаас болж хайртай үрс минь амь насаараа эндэж, эрүүл мэндээрээ хохирох ёсгүй гэдгийг хаа хаанаа ухаарч ухамсарлах ёстой. 

Хамгийн аюулгүй гэж бодсон орчиндоо амиа алдаж, бэртэж байгаа нь үнэхээр харамсалтай. Өнгөрсөн долоо хоногт 1-5 насны гурван охин гэртээ цоожлуулж үлдээд улмаар хэрэглээний тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарч нийгэм даяараа шуугив. Хэд хоног шуугиад л мартах байх. Хэрэглээний цахилгааны утсаа ээж хянаж, залгаатай байсан залгуурыг салгаагаагүй ажилдаа явснаас болж хүүхдүүд тогонд цохиулсан гэх мэдээлэл бий.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.