| | USD/MNT 0₮

ЧИХЭР АМТАГДМААР АМЬДРАЛ

Олон хөлхсөн нийслэлийн гудамжинд шүлсээ хаясан, хараал урсгасан, утсаар бухимдан ярьсан, янжуурын утаа суунаглуулсан хүмүүс ийш тийш холхино. Саарал хотын гудамжинд хүмүүс саарал үгс урсгасаар ямар бухимдангуй амьдарцгаагаад удаж вэ?

Анзаарвал үүргийн худалдаа эрхлэн зогсох нэгэн ахыг онцолж болмоор...

Батсайхан ах эхнэрийн хамт чихрийн жор зохион чихрээ борлуулдаг. Эхнэр нь хүнсний технологич мэргэжилтэй, ах чихрээ борлуулах ажилдаа томилогджээ. “Чихэр шүдэнд муу” гэж эцэг эхчүүд хүүхэддээ дандаа анхааруулдаг ч чихэрт дургүй хүүхэд нас, амттанд дургүй хүн гэж хаанаас байх билээ.

Аарц, кокс, какао, сүү, шоколад тэдний жорын нууц. Түүхий эдээ заримыг нь өөрсдөө бэлтгэж заримыг нь захууд болон Орос худалдааны төвөөс бэлтгэдэг гэнэ. Түүхий эд нь хэний ч мэддэг зүйл боловч түүнийг найруулан амттан бэлтгэн гаргана гэдэг ухаан. Тэдний жорын нууц.

Ах нэг өдөр өнжөөд 700-800 ширхэг чихэр бэлтгэн авчирч борлуудаг ажээ. Үнийн хувьд боломжийн. Чихрийн үнэ 1000, 1500, 2000, 2500, 3000, баглаатай нь 6500 гэнэ. Гол нь огт элсэн чихрийн агууламж оруулаагүй нь онцлогтой. Эрүүл хүнс.

Бусад газруудаас хамтран ажиллах санал ирдэг ч татгалзсан хариу өгдөг тухайгаа ах ярина. Өөрийн жортой гэр бүлд өөрийн арилжааны суваг байсан нь илүү өгөөжтэй. Тэр нь гудамж. Гэхдээ гудамж өөрөө лангуу ч байж болно биз дээ.

Үүргийн худалдаачдыг цагдаа болон МХГ-ын байцаагч нар хөөж тууж буйг бишгүй л хардаг. Ах, эгч хоёр бол урдаас бэлэн бүтээгдэхүүн авчирч мөнгө нэмэн дамалж зардаг худалдаачид биш ээ. Өөрийн жороор өөрийн бүтээгдэхүүндээ хөдөлмөрөө шингээдэг борлуулагчид билээ.

Олон хөлхсөн нийслэлийн гудамжинд шүлсээ хаясан, хараал урсгасан, утсаар бухимдан ярьсан, янжуурын утаа суунаглуулсан хүмүүс ийш тийш холхино. Амьдрал амтагдмаар чихрийн амтыг мэдэрмээр санагдвал ахыг зориорой. Чихрийн амт шиг амьдралын сайхныг мэдэрнэ гэж баттай амалъя.

Reel News

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.