| | USD/MNT 0₮

МОНГОЛЫН ШҮҮХ ХОЁР НҮҮРТЭЙ

Төрийн хууль иргэн бүрт эрх тэгш үйлчлэх ёстой гэсэн зарчим бий. Харин манай улсад иргэн бүрийн нийгэмд эзлэх байр суурь, эрх мэдэл, хөрөнгө чинээнээс хамааран хууль үйлчлэх хүндээ үйлчилдэг болсон гэхэд хэлсдэхгүй болжээ. Өөрөөр хэлбэл, ард иргэд нь хуулийн хариуцлагыг яс махандаа тултал мэдрэвч албан тушаалтнууд нь уландаа гишгэлж алхдаг болтлоо ялзарсан “Зааг” бий болсон байна.

Тэгвэл түүний нэгэн жишээ Кёкүшюзан Д.Батбаяр болон гэргий Т.Баясгалан нарын хэдэн тэрбумаар яригдах залилангийн гэмт хэргийн шүүх хурал юм. Дөрвөн жил шалтгаангүй хойшилсоор ирсэн уг шүүх хурал 32 тэрбум төгрөг залилаж, төрд их хэмжээний хохирол учруулсан Д.Батбаярыг цагаатгасан бол төр шүүмжилж, үнэнг илчилсэн Д.Мөнх- Эрдэнийг дөрвөн жил хорих ялаар шийтгэлээ. Тэд ингэж зааглан гадуурхдаг аж.

-КЁКҮШЮЗАН Д.БАТБАЯР ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР ХУУЛЬ БУСААР ГАЗАР ЭЗЭМШИЖ, ТӨРД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН Ч ЦАГААТГАГДАВ-

Цагаатгасан хэргийг эргэн сануулбал, Кёкүшюзан Д.Батбаяр нь 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд "Евроази интернэшнл инвестмент групп"-ээс тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан ч бичгээр өгсөн амлалт, баталгаануудаас нь өнөөдрийг хүртэл нэг нь ч хэрэгжээгүй гэж үзжээ. Иймд дээрх нэр бүхий хүмүүсийг зохион байгуулалттайгаар бусдыг залилан мэхэлж, тус компанид 32,713,190,850 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг. Мөн Кёкүшюзан Д.Батбаяр, түүний эхнэр Т.Баясгалан нар өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн байгуулсан компаниудын нэрээр бизнес бутик зочид буудал, амралт, аялал жуулчлалын цогцолбор гэх мэт барилга барина хэмээн тухайн үеийн БОНХЯ-ны албан тушаалтнуудыг хуурсан байна. Улмаар дархан цаазат Богдхан уулын Арцатын болон Чулуутын аманд нийт 65.5 га газрын ашиглах зөвшөөрөл авч, төрд их хэмжээний хохирол учруулан мөнгө угаасан гэх үндэслэлээр шалгагдан, яллагдагчаар татагдаж байсан юм.

-ДӨРВӨН ЖИЛ ХОЙШИЛСОН ШҮҮХ ХУРАЛ, ДӨРВӨН ЖИЛ ХОРИХ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН ХОЁРЫН ХООРОНД АСАР ИХ ЯЛГАА БИЙ-

Эл хэрэгтэй холбогдуулан 2019 оны дөрөвдүгээр сард Кёкүшюзан Д.Батбаяр болон түүний гэргийн нарыг Авилгатай тэмцэх газраас шүүхийн шатанд дэнслүүлэхээр болсон ч дөрвөн жил учир шалтаангүйгээр шүүх хурал хойшилж, гацсан байдалтай удсаар өдийг хүрсэн нь үнэн. Гэвч өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 07-ны өдөр шүүхийн эцсийн шийдвэрээр залилангийн гэмт хэрэг үйлдэгчдийг цагаатгаж, маргаан өндөрлөв. Ард иргэдийн хардаж байгаагаар шүүх дөрвөн жил тэднийг яллахаас зайлсхийж, хэргийг мартагнуулж байсан гэх. Харин ингэж будилж байх зуур “Дүлий төрд шивнэж биш хашхирч” хэлсэн хэд хэдэн залуус шалтгаангүй шахуу торны цаана орж, зарим нь хийгээгүй хэргийнхээ төлөө олон жилийн ял сонссоор ачигдсан. Харин  Кёкүшюзан Д.Батбаяр мэтийн хүмүүс нь 32 тэрбум төгрөгийн залилан үйлдчихээд цагаатгагдаж, үргэлжлүүлэн ханаж цадатлаа завшсаар, залилсаар байх боломжоо нээлгэчихлээ. Түүгээр зогсохгүй дархан цаазат газар хууль бусаар газар ашиглах зөвшөөрөл авч, төрд хохирол учруулчихаад тэрбээр “Энэ хүн бол барилга барьсан. Ял авах биш юм гэж шүүх үзсэн. Бусад орон бол шагнадаг. Харин манай улс яллагдагчаар татаж байгаад "энэ нь буруу юм" гэж шийдсэн" гэсэн юм. Түүнийхээр бол “Би зөв юм хийсэн” гэх.

          Төрийн хууль үйлчлэх нэгэндээ ингэж үйлчилдэг аж. Гэвч ийм шударга бусыг нь шүүмжилсэн нэгэнд төр хэрхэн хатуу ханддаг болохыг ард түмэн харлаа. Тухайлбал, иргэн Д.Мөнх-Эрдэнийг авилгал, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан хэдхэн хоногийн дотор баривчлан, улмаар цагдан хорих шийдвэр удаа дараа гаргасан. Хэрэг шийдврэлэх шүүх хурал ч ар араасаа яаравчлан явсаар түүнд дөрвөн жилийн хорих ялыг төвөггүй шийдэж чадсан. Хэргийг сөхвөл хэн бүхний эгдүүцэл хүргэхээр байсан гэдгийг цахим орчинд иргэд хэлж байлаа.

-“МИНИЙ ЗӨВ БАЙСАН. НАМАЙГ ШАГНАХ ЁСТОЙ”-

Тухайлбал, түүнийг “Хөх хотод консулаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглан эхнэртээ 500 мянган төгрөг, хүүхэддээ 700 мянган төгрөгийг төсвийн мөнгөнөөс гаргаж өгсөн” гэх хэрэгт үндэслэн ял оноосон гэх. Ард түмний нүдээр сая 200 мянган төгрөг завшсан нь дөрвөн жил хорих ялаар шийтгүүлж, 32 тэрбум залилсан нь дөрвөн жил шүүх хурлаа хойшлуулж, цагаатгагдаад байгаа юм. Хууль биш гуулийн үр дүн ийм.

Үнэн хэрэгтээ залилангийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд дараах шийтгэлийг оноодог аж. Бусдыг хууран мэхлэх, залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд 450-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжээр торгох, 240-720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 3-6 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тогтоосон. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгг уг төрпийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хуульчилсан бөгөөд иргэнд учруулсан хохирол, нийгэмд учруулсан хор аюулын хэмжээнээс хамаарч 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял ногдуулахаар заасан байдаг.

Гэвч залилсан этгээд нь цагаатгагдаж үлдээд  “Миний зөв байсан. Намайг шагнах ёстой”  гэж ярих дээрээ тулсан нь хууль тэдний уланд явдаг гэдгийг нотолж байна. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.