Ажлын байрны дарамтнаас болж, алгын чинээхэн үрсээ хоолтой байлгахын тулд цэцэрлэгт үйлчлэгч хийж байсан эмэгтэй бага насны гурван охиноо дэндүү харамсалтай золгүй байдлаар үүрд алдлаа.
Тодруулбал, энэхүү харамсалтай хэрэг хоёр хоногийн өмнө Дархан-Уул аймагт гарлаа. Гэртээ түгжүүлж үлдсэн 1-5 насны гурван охин тогонд цохиулж амиа алдав.
Хөл хорио тогтоочихоод байхад ажилчдаа ажлын байран дээрээ дуудаж цэцэрлэгийн 50 жилийн ойн баярын урлагийн тоглолт бэлдэх үүрэг даалгавар өгсөн эрхлэгч О.Дэлгэрсайханыг буруутгаж байна. Хэрвээ тэр өдөр ажилчдаа дарамталж дуудаагүй байсан бол өнөөдөр гурван охин ээжтэйгээ хамт эсэн мэнд байх ёстой байв. Даанч харамсалтай, дэндүү хариуцлагагүй үйлдэл.
Дур зоргоороо авирладаг цэцэрлэгийн эрхлэгч үйлчлэгч гэхээр бүгдийг хийлгэнэ гэж санадаг юм болов уу. Талийгаач охидын ээжийг гэртээ дуудаж, гэрийнхээ буузыг ч хүртэл хийлгэж байсан гэх мэдээлэл байна.
Цэцэрлэгийн эрхлэгч О.Дэлгэрсайхан нь 2013 оноос хойш 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаа бөгөөд боловсролын салбарт 40 гаруй жил ажилласан нэгэн аж. Өнгөрсөн 2015 онд Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт мадель”-иар шагнуулж байжээ.
Талийгаач охидын ээжийг цэцэрлэгийн эрхлэгч нь гэртээ дуудаж бууз хийлгэж байжээ.