| | USD/MNT 0₮
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Баярсайхан нарын 25 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцлээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд Н.Баярсайханыг хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарыг гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Ш.Тэгванданг хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулалгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсжээ. Ж.Батжаргал нарын 18 хүнийг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 сая 700 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан аж. Д.Хандсүрэн, М.Нарангэрэл нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд Н.Баярсайхан, Э.Аззаяа, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир нарын 19 хүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. Харин Д.Хандсүрэн нарын 6 хүнд холбогдох хэргийг тусгаарлаж, Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн аж.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд МХЕГ-ын газар, хэлтсийн дарга, байцаагчид болох Н.Баярсайхан, Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Г.Тэгвандан нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй хөнгөрүүлэн өөрчилсөн, ял хөнгөдсөн, шүүгдэгч Д.Төмөрбаатарт холбогдох хэргийн ял хөнгөдсөн гэсэн үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтуудыг хэвээр үлдээлээ. Харин нэр бүхий 19 шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Оймсондоо 10 мянган ам.доллар нуусан Н.Баярсайханыг 40 сая төгрөгөөр торгох ялыг ХӨНГӨДСӨН гэж үзжээ