| | USD/MNT 0₮

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 19 настай эмэгтэйг хөнөөсөн 38 настай Х.Ардабек гэгч нь хэргээ хүлээж, хоёр сарын өмнө цогцсыг булсан газраа зааж өгчээ

Баян-Өлгий аймагт өнгөрсөн нэгдүгээр сар /2023.01/-д сураггүй алга болсон 19 настай эмэгтэйн амь насыг хохироож, цогцсыг нуусан байсныг цагдаагийн байгууллагаас саяхан олж илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тус хэргийг Баян-Өлгий аймагт оршин суух хаягтай 38 настай, эрэгтэй Х.Ардабек гэгч нь үйлдсэн байжээ.

Хэргийн талаар тодруулбал, хохирогч эмэгтэй 2023 оны нэгдүгээр сарын 18-ны оройн 21 цаг 40 минутын орчимд гэрээсээ гарч яваад эргэж ирээгүй, сураггүй алга болсон байна. Энэ талаарх дуудлагыг түүний ээж Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 21 цаг 22 минутад өгчээ. Уг дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах, мөрдөн шалгах ажлыг зохион байгуулж, энэ сарын 16 /2023.03.16/-ны өдөр 23.30 минутад 19 настай М-ийг Баян-Өлгий аймагт оршин суух хаягтай 38 настай эрэгтэй Х.Ардабек гэгч нь амь насыг нь хохироож, тус аймгийн төвөөс 20 км зайд тээвэрлэж газарт булсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад олж тогтоожээ. 

Нарийвчилбал, хохирогч М нь тухайн өдөр гэрээсээ гараад найзуудын хамт автомашинаар явж, нэгэн дэлгүүрийн өмнө буусан байжээ. Харин энэ үед сэжигтэн Х.Ардабек нь охиныг автомашиндаа суулгаад хөдөлж байгаа нь дүрс бичлэгээр нотлогдсон байна.

Энэ дагуу хуулийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, улмаар сэжигтэнг олж илрүүлсэн аж. Сэжигтэн Х.Ардабек нь хэргээ хүлээж улмаар охины цогцсыг нуусан газрыг зааж өгсөн байна. Энэ дагуу шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэхэд сумын төвөөс 20 км орчим зайд байрлах нүхэнд охины цогцсыг шуудайнд хийж булсан байжээ. Өдгөө 19 настай эмэгтэйн үхлийн шалтгааныг тодруулахаар шинжээч эмч томилогдоод байгаа аж. Харин сэжигтэн Х.Ардабекд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хойшлуулшгүйгээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм байна. 

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах 1-д "Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

ЖИЧ: Иймд орой үдшийн цагаар иргэдийг зорчихгүй байх. Таньж мэдэхгүй хүний тээврийн хэрэгсэлд суухгүй, баталгаагүй такси үйлчилгээг ашиглахгүй байхыг сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг нийтэллээ.

 

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.