| | USD/MNT 0₮

Африк тивийн Серенгетийн “хаан” гэгддэг АРСЛАН залуу өрсөлдөгчдөдөө алагджээ

    Африк тивийн томоохон дархан цаазат газар Серенгетид амьдардаг алдартай арслан бусад залуу арслангуудад бариулж үхсэнийг эх сурвалжууд саяхан мэдээлжээ. Сүрдмээр гадаад төрхөөрөө аялагч, жуулчдын анхаарлыг татдаг Боб Жуниор нэртэй энэ арслан сүүлийн долоон жилийн турш өөрийн ахын хамт Серенгетид ноёлж байсан юм.

     Ах дүү арслангуудын ноёрхлыг унагах ажиллагааг бусад залуу өрсөлдөгчид нь зохион байгуулсан гэж үзэж байгаагаа Серенгетийн байгаль хамгаалагч Фреди Ширима ярьжээ. “Тэд Боб Жуниорыг зайлуулах хүсэлтэй байсан нь тодорхой. Сүргийн тэргүүн хөгширч, бусад залуу эрэгчнүүд эзэмшил газар нутгийнхаа хэмжээнд сэтгэл хангалуун бус болох үед ийм зүйл болдог нь жам ёсны үзэгдэл. Түүний ах бас алагдсан байх өндөр магадлалтай. Бид үүнийг баталгаажуулахаар ажиллаж байна” гэж тэр ярьсан байна.

      Боб Жуниор 10 орчим настай байжээ. Түүний эцэг Боб Марли гэдэг нэртэй арслан бас сүргийн тэргүүн байсан гэнэ. Бямба гарагт ах дүү арслангуудыг өөр өөр газарт тусдаа байхад нь халдсанаас үзвэл зохион байгуулалттай гэж үзэж болохоор байгаа ажээ. Серенгетийн байгаль хамгаалагчид “хаан” арсланд тусгай оршуулгын ёслол зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тус дархан цаазат газарт үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын оператор компаниуд сошиал сүлжээнд гашуудлаа илэрхийлцгээжээ. Танзани улсын умард хязгаарт оршдог Серенгети нь нийт 3,000 орчим арслантай юм. Жил бүр энд 150,000-200,000 орчим хүн зэрлэг байгаль, ан амьтдыг үзэхээр ирдэг ажээ.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.