| | USD/MNT 0₮
2020 УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургадугаар сард болно. Намууд болон аймгаас нэр дэвшигчид тойргоо усалж, сонгуульд нэр дэвших ажлаа эрт эхлүүлсэн байгаа юм.
Монгол Улсын баруун хязгаар болох Баян-Өлгий аймагт МАН-аас гурав, АН-аас хоёр хүн нэр дэвших таамаг байна.
Тодруулбал, МАН-аас ХХААХҮЯ-ны дэд сайд А.Сауле эмэгтэйчүүдийн квотод нэр дэвшихээр яригдаж байна. Харин ЖДҮ-гийн хэрэгт холбогдоод байсан гишүүн Г.Солтаны хувьд энэ удаагийн сонгуулийг өнжихөөр болсон гэсэн мэдээлэл байна.
Мөн Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханыг нам нь дэмжвэл нэр дэвшинэ гэсэн бодолтой байгаа гэнэ шүү.
Х.Баделхан сайдын хувьд 2000-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012-2015 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн ажлын албаны зөвлөх, 2015-2016 онд Аж үйлдвэрийн дэд сайд, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017 оноос
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байна.
Мөн Баян-Өлгийд ЭТТ ХК-ийн Дотоод аудитын газрын захирал Х.Нурлат МАН-аас нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна. Түүнийг нэр цэвэр, шинэ залуу боловсон хүчин ялах магадлалтай гэж үзэн намын удирдлагууд сойж байгаа сурагтай.
Харин Ардчилсан намаас А.Бакей, Х.Ержан нарын нэр дуулдаж эхэллээ.
А.Бакейгийн хувьд өнгөрсөн 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон өлгийчүүдийг парламентад төлөөлж байхдаа 2005-2006 онд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан.
Түүнчлэн 2009-2011 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Шинжлэх ухааны албаны проректор, 2010-2011 онд Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн гишүүн байсан. 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байсан билээ.
Харин АН-ын гэх тодотголтой Х.Ержан нь 2015 онд Зам тээврийн яамны дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд тухайн үедээ хүүхдээ улсын зардлаар гадаадад сургасан хэмээн олон нийтийн шүүмжлэлд ихээхэн өртөж байсан билээ. Түүний хувьд энэ жил ийнхүү сонгуульд өөрийгөө сорихоор болжээ.
Баян-Өлгий аймагт МАН-аас ХХААХҮЯ-ны дэд сайд А.Сауле, БХБ-ын сайд Х.Баделхан нэр дэвших бол Ардчилсан намаас А.Бакей, Х.Ержан нарын нэр дуулдаж эхэллээ.