| | USD/MNT 0₮

Ж.БОЛД-ОТГОН: БИ БАГААСАА “БАНХАР” НЭВТРҮҮЛГИЙГ ҮЗЭЖ ӨССӨН

Дөрвөн нүдтэй, цацаг сүүлтэй, улаан халтар нохойг хэн ч гэсэн магтан сайшааж бишрэн хардаг. Монгол банхар хэзээнээсээ хот айл, монгол ахуйн нэгэн салшгүй хэсэг, бүр өрхийн гишүүн байсаар ирснийг түүхийн шаргал хуудас гэрчилнэ. “Халх журам” хуулинд ч хөрөнгө хураахдаа нохойг нь ардад үлдээдэг байсан нь нохой хэр зэргэмж өндөр байсныг гэрчилдэг. Дорноговь аймгийн унаган хүү, “Шандын харуул dog center”-ийг үүсгэн байгуулагч, шилдэг handler Ж.Болд-Отгоныг “MY CAREER” булангийнхаа энэ удаагийн зочноор урьсан юм.

“Шандын харуул” нохой үржүүлгийн газрын үүслээс яриагаа эхэлье?

-Намайг Жаргалсайханы Болд-Отгон гэдэг. Малын их эмч мэргэжилтэй. “Шандын харуул dog center”-ийг үүсгэн байгуулагч. Анх 2016 онд үүсгэн байгуулж “Монголын Нохой судлалын холбоо”-нд албан ёсоор бүртгүүлээд үйл ажиллагаагаа эхэлсэн. Манайх бол монгол банхар үржүүлгийн газар юм. Харин “Шандын харуул dog center” сургалтын төвөө түрүү жилээс үйл ажиллагааг нь тогтмолжуулаад амжилттай ажиллаж байна.

Яагаад заавал монгол банхар үржүүлэх болов?

-Багаасаа “БАНХАР” гэдэг нэвтрүүлгийг үзэж өссөн. Түүнээс шалтгаалсан уу? нохойд их хайртай болсон. Өөр үүлдрийн нохойнууд тэжээх боломж байлаа ч манай нутагт тэр ноход байгаагүй. Харин манай Дорноговь аймагт монгол банхрын үндсэн суурь сүрэгтэй, хэд хэдэн голомт газар байсан. Тиймээс цэвэр үүлдрийн нохой тэжээх зорилгод маань нийцсэн. Энэ сонирхол маань яван явсаар одоог хүртэл үргэлжилж байна даа.

Монгол банхар бусад үүлдрийн нохдоос юугаараа ялгардаг вэ?

-Монгол банхар бусад нохдоос ялгарах үндсэн сайн чанарууд ихтэй. Дөлгөөн зантай, гэр бүлдээ элэгтэй, өөрийн орон зай, оршин буй газраа бүрэн хамгаалах чадвар өндөртэй. Энэ бүх сайн чадварууд нь тэжээх, үржүүлэхэд илүү түлхэц болдог юм.

Монгол банхар сонирхогч залуус хэрхэн нэгдэж байна. Дан сонирхлоос гадна?

-Нэг зорилго, нэг сонирхлын үндсэн дээр бидний хэсэг залуус “Монгол банхар судлалын холбоо” байгуулсан. Бид анх 2019 онд Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтарч “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл анх хэрэгжүүлсэн юм. Уг төсөл маань энэ жил дахин хоёр дахь удаагаа хэрэгжих гэж байгаад бид бүгдийн зүгээс баяртай байна.

Өмнөговь аймгийн ирвэстэй бүс нутагт монгол банхраа нутагшуулан хүн, ирвэс хоёрын хоорондох зөрчлийг арилгах үүднээс манай клуб хоёр жил дагнан ажилласан байдаг. Энэ жил гурав дахь удаагаа уг ажил дахин явахаар яригдаж байгаа нь сайшаалтай. Басхүү үр дүнтэй байгааг харж болно.

Төслийн үр дүнг хэрхэн харж байна?

           -Уг төсөл маань дахин хоёр дахь удаагаа үргэлжлэх гэж байгаа нь ямар үр дүнтэй байсныг илтгэж байгаа хэрэг юм. Анхлан банхрын гөлөгнүүд маань эхний жилдээ асаргаа маллагаатай өсөн бойжоод дараагийн жилээс нь хонь малаа харах, маллахад дасаж эхэлнэ. Ирвэс, малчин хоёрын зөрлийг арилгах талаар хашаажуулах, камержуулах төслүүд хэрэгжиж байгаа ч манайх төсөл тэс өөр. Нэг ёсондоо нэг амьтныг хамгаалахын тулд өөдөөс нь амьд биет ашиглаж байгаа нь онцлог. Хамгаална гэдгийг нэгээр нь нэгийг нь бариулах үүднээс нь ойлгож болохгүй. Тайлбарлахад, нутагшсан банхрын дууг ирвэс танин ямар хүчтэй амьтан байгааг зөнгөөрөө мэдэрч эхэлнэ гэсэн үг.

Иймээс ирвэс хот айл руу дайрахгүй. Байгаль хамгаалагчид нь ирвэсийн хоолыг бэлтгэн өгөх, ирвэс байгалийн зөнгөөрөө өөр төрөл зүйл амьтныг агнахыг нь зохицуулах юм. Энэ төслийн үр дүнгээр дэлхий нийтийн анхаарлыг улс орондоо хандуулахад анхаарч байгаа.

“Монгол банхар судлалын холбоо”-ны цаашдын зорилго юу вэ?

-Би дээрх ажлуудын үр шим, нөлөөллийн байдлаараа монгол банхрыг түгэээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, дэлхийн хэмжээнд гаргаж ирэх зорилгоор “Монголын Нохой судлалын холбоо”-тойгоо хамтран амжилттай ажилласаар байгаа.

Монгол банхар тэжээхэд юу анхаарах ёстой вэ?

-Монгол банхрыг багаас нь тэжээхэд маш олон зүйл анхаарах ёстой. Үржүүлэгч нар дэлхийд монгол банхраа гаргаж ирэхийн тулд цусны шугамаа барихад илүү анхаарч байна. Арчилгаа маллагаа болон тэжээх арга барилд үржүүлэгч нар өөр өөрийн онцлогоор хандаж байгаа. Гөлөг тэжээж эхэлж байгаа тэжээгч нарт хэлэхэд муудсан хоол өгч болохгүй. Халуун ногоо бүхий хоолыг огт өгөхгүй. Бор хоолонд орохын өмнө гадаадын нэртэй хоолнуудаас уусган өгөөд дараа нь махан төрлийн хоолонд нь дасгавал илүү эрсдэл багатай.

“Шандын харуул dog center”-ийн үржүүлгийн нохдын амжилтаас дурдахгүй юу?

-Анх 2013 онд “Монгол нохой үзэсгэлэн наадам” тэмцээнд орж хүрэл медаль хүртэж байлаа.   Үүнээс хойш олон шагналуудыг авчээ. Хамгийн томоос нь нэрлэвэл “Шоуны аварга” нэг байна. Гуравдугаар байр байна. Үүлдэр дагнасан үзэсгэлэн тэмцээний аваргын цомууд нэлээдгүй бий шүү.

Тэгэхээр ноход улсын зэрэг цолтой байдаг гэж ойлгож болох уу?

-Нохойны цолны систем манай улсад бий. Амьтан хооронд өрсөлдөхөөс гадна цолны өрсөлдөөн гэж бий. Эхэлж түрүүлээд ЦАЦ цолыг хүртэнэ. Дахин ЦАЦ цолыг хүртсэнээр МУ-ын аварга болдог. Гурав хүртсэнээр МУ-ын Их аварга цол хүртдэг. Миний тэжээсэн нохойноос МУ-ын Их аварга “Сарлаг” гэж нохой байна. Сарлагийн амжилт манай үржлийн газрын цом, медалийн ихэнхийг бүрдүүлдэг. Мөн манай үржүүлгээс МУ-ын аварга цолтой гурван нохой бий. МУ-ын Их аварга цолны төлөө бид нэг нохойг тусгайлан бэлтгэж байна. Эхний цацаа аваад аварга цол горилж байгаа хоёр ч нохой байна.

Ямар ямар төрлийн тэмцээн, ангилал байна вэ?

-Зоотехникийн үзэсгэлэн тэмцээн байна. Тухайн нохойны анатомийг шинжин стандартаар шалгаруулдаг. Үсний бүтэц, биеийн хэлбэр, зан ааш гээд нарийн шалгууртай тэмцээн бий.  Мөн нохойг гаршуулан тэжээгч нарын handler буюу хөтөч шалгаруулах төрөл байдаг.

Эртнээс Монголчууд ямар ямар төрлийн нохой тэжээж байсан юм бол?

-Уламжлалт түүхээс авч үзвэл, банхар буюу хоточ хамгаалалтын нохой, анч буюу тайга нохой тэжээж байсан түүхтэй. Тайга ноход тал нутагт элбэг бол Хөвсгөл орчмын “Лайка” төрлийн нохойг ч тэжээж байжээ.

Нохой гаршуулан тэжээгчээс гадна сувилгааны асуудлууд, эмнэлгийн үйлчилгээнд хэрхэн хамрагдаж болдог вэ?

           -Нэг үеэ бодоход нохой тэжээх, ямар нэгэн төрөл зүйл амьтан тэжээхэд хүндрэл багатай болжээ. Эмнэлгийн бүх төрлийн үйлчилгээ нэвтэрсэн байна. Хоол тэжээлийн төрөл зүйл найдвартай, чанартай, олон болсон байна. Амьтны салон, хумсны үйлчилгээ гэхчлэн газрууд нээгдсэн байна.

Мөн байрны ноход болон нийгэмшээгүй нохдыг манайх шиг сургалтын төвүүдээр сургалтанд хамруулж болж байна. Асуудлуудыг дор бүр нь цэгцлэхэд илүү амар болсон байгаа.

Нохой анхлан тэжээгч нарт зөвлөмж өгөөч?

-Нохой анхлан тэжээх гэж байгаа хүмүүст хандаж зөвлөхөд нохойгоо албан ёсны үржлийн газраас удмын бичиг, микрочиптэй, эрсдлээс бүрэн гарсан буюу вакцинд хамрагдсан гөлөг аваарай гэж хэлмээр байна. Хамгийн чухал нь та өөрийн боломж бололцоог харах хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн тэжээх гэж байгаа нохойндоо хэрхэн цаг зав гаргах вэ? тэр цаг зав танд бий юу гэдэг асуудал. Манайхан нохой тэжээх, ямарваа нэгэн амьтан гаршуулахад сэтгэлийн хөөрлөөр ханддаг нь дээрхийг тайлбарлах шалтгаан болж байгаа юм.

Мөн тухайн нохойн зан характер болон гэр бүлд чинь нялх хүүхэд бий эсэхийг нягтлаарай. Гэр бүлийн гишүүдээс нохойны харшилтай хүн байгааг ч нягтлахад гэмгүй. Энэ бүх хүчин зүйлийн дараа ямар үүлдрийн нохой авч тэжээх, сургалт, үржүүлгийн газруудад хэрхэн хамруулахаа өөрөө судлаад явж болох байх. Тэжээснийхээ дараа судалдаг асуудал бол том алдаа. Ийм л төрлийн зөвлөгөө өгье дөө.

Танд маш их баярлалаа.

 

 

 

My Career

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.