| | USD/MNT 0₮
Унгар Монголын Нөхөрлөлийн Нийгэмлэгийн уламжлал болгон зохион байгуулдаг цагаан сар тэмдэглэх баяр 2023.03.10-ны өдөр Унгар улсын Будапешт хотод болж өнгөрлөө. Тус нөхөрлөлийн нийгэмлэг 1992-94 оны хооронд байгуулагдсан бөгөөд уг баярыг жил бүр Унгарын Геофизикийн институтэд хийдэг байжээ. Унгар улс Монгол улсад эртнээс маш олон мэргэжилтнүүдийг илгээж Монгол улсын аж үйлдвэр, соёлын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байсны жишээ Монгол Улсын биотехнологийн Үндэсний ууган үйлдвэр Биокомбинат ТӨХХК-ыг 1973 онд Унгарын техник, эдийн засгийн тусламжтайгаар байгуулж байв.
Тухайн үед Унгар улсаас 300 орчим мэргэжилтэн инженерүүд ирж ажиллаж байсан тухай Монгол судлаач Zoltán Füredi өөрийн судалгааны баримтат киноны хэсгээс үзүүлэн танилцуулж танхимд хүрэлцэн ирсэн Монголд ажиллаж байсан Унгарын ахмад мэргэжилтнүүд үзэж сайхан дурсамжаа хуваалцаж байлаа. Мөн ирсэн хүндэт зочдод Өтвөш Лорандын их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхмийн эрхлэгч, ОУ-ын Монгол судлалын холбооны ерөнхийлөгч, доктор, профессор Бирталан Агнеш туулай жилийн онцлог болон Монголчуудын туулайтай холбоотой соёл, аман зохиолын тухай илтгэл танилцуулав.
Арга хэмжээний нээлтэнд Унгар улсад сууж байгаа өргөмжит консул хатагтай Ө.Өнөрмөнх үг хэлж Унгар Монголын нөхөрлөлийн олон жилийн түүхэн харилцаанд талархал илэрхийлэн сар шинийн мэндчилгээ хүргэв. Баярын үйл ажиллагааны хэсэгт Унгар улсын Egressy Béni-ийн нэрэмжит хөгжмийн сургуулийн сурагч Б.Нинжин, Б.Анундарь хийлийн аяз, бүжигчин Хонгорзул, Морин хуурч Г.Агваантөмөр нар монгол урлаг соёлыг толилуулан ёслол төгөлдөр чимлээ. Унгар Монголын Нөхөрлөлийн Нийгэмлэг ТББ нь 2015 онд химийн техникч Soós István, Монгол судлаач Zoltán Füredi нарын санаачилагаар шинэчлэгдэн бүртгүүлсэн ба өдгөө хүртэл баярын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ахмад техникч Istvan Soós нь 18 настайдаа монголд томилогдон монгол гэргийнхээ хамт олон жил монголд ажиллаж амьдарсан байна.