| | USD/MNT 0₮

Р.Энхболд: Гадаадын хөрөнгө оруулалттай компанийг хохироосон хэрэгт дорвитой арга хэмжээ авна гэдэг ч прокурорууд ажлаа хийхгүй байна

“Сбэтэ Монголиа” ХХК-аас шүүх, прокурорын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж гадаадын хөрөнгө оруулалттай компани хохирсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхболд хэлэхдээ: "SBT japan компани 1993 онд байгуулагдсан. Автомашин зарж борлуулах үйл ажиллагааг дэлхийн 33 улсад явуулдаг компани юм. Харин “Сбэтэ Монголиа” ХХК нь тус компанийн хөрөнгө оруулалттай бөгөөд 2012 оноос хойш Монголд хуучин автомашин худалдах үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл тасралтгүй явуулж байна.

Уг компанид ажиллаж байсан ажилтан болох нэр бүхий хүмүүс компанийн эд хөрөнгийг залилж, хохироосон байж болзошгүй хэрэг бүртгэлтийн хэрэг үүссэн. Улмаар энэ асуудал АТГ болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа.

“Сбэтэ Монголиа” ХХК-д ажиллаж байсан нэр бүхий иргэд SBT japan компанид 2,104,770,000 төгрөгийн хохирол учруулсан. Автомашин болон сэлбэг хэрэгсэл завшсан юм. Эд хөрөнгө завшсан, хахууль авсан, хуулийн этгээд эрх мэдлээ урвуулан ашиглаж байж болзошгүй асуудлыг шалгуулж байна.

Энэ асуудлыг АТГ болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс 2021 оноос одоог хүртэл шалгаж байгаа. Байцаагч нар нь 3-4 удаа солигдсон. “Сбэтэ Монголиа” ХХК-д ажиллаж байсан нэр бүхий иргэдийн Худалдаа хөгжлийн болон Хаан банкны тоот харилцах дансыг мөнгө угаадаг байж болзошгүй гэсэн үндэслэлээр битүүмжилсэн байсан. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор болон тус дүүргийн прокурорын газарт харилцах дансны гүйлгээ хязгаарласныг цуцалж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Гэвч прокурорууд энэ хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.

Манай компанийг хохироосон иргэд улсын ерөнхий прокурор болон нийслэлийн прокурорын газарт өмгөөлөгчөөрөө дамжуулж хүсэлт гаргасан юм. Энэ хүсэлтийн дагуу битүүмжилсэн байсан дансыг цуцалсан. Яагаад цуцалсан учир шалтгаан нь тодорхой биш.

Тэд биднээс завшсан байж болзошгүй хөрөнгөөрөө дахиж өөрсдөө манайтай ижил төрлийн буюу автомашин зарж борлуулдаг компани байгуулсан. Тус компанийн үйл ажиллагааг биднээс завшсан мөнгөөрөө эргэлдүүлсэн. Битүүмжилсэн дансыг нэр бүхий прокурорууд нээж өгсөн нь гэмт хэрэг үйлдсэн мөнгөө цаашаа зарцуулах боломжоор хангасан гэж үзэж байна" хэмээв.

Үргэлжлүүлэн хуулийн байгууллагад хандах талаараа "Тухайн асуудалд эрх бүхий хүмүүсийн нөлөө орсон байж болзошгүй гэсэн үндэслэлээр улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд гомдол гаргаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагч нарыг залилсан, хохироосон асуудлын эсрэг тууштай тэмцэнэ гэдгээ илэрхийлж байсан. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалттай компанийг хохироосон асуудлыг шалгаж, дорвитой арга хэмжээ авна гэдэг боловч прокурорууд ажлаа сайн хийхгүй байна" гэдгийг хэллээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.