| | USD/MNT 0₮

Электрон тамхи, энгийн тамхинаас илүү АЮУЛТАЙ

        “Тамхинаас гаргагч” гэх нэр зүүсэн электрон тамхи өсвөр үеийнхэн, залуусын дунд мода болоод удлаа. Үүнийг өдөр тутмын хэрэглээ болгож, хаа сайгүй татах залуус олширсон байна. Тэр бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр олны танил гэх реппер залуу Төрийн ордонд электрон тамхи сороод сууж байсан нь олны шүүмжлэлд өртөж байлаа. Тухайн үед хүмүүс “Электрон тамхинд хатуу хяналт тавих ёстой” гэж шүүмжилж байсан ч өнөөдөр хэрэглээг хязгаарлах нь бүү хэл улам гаарч өсвөр үеийнхэн вэйп буюу цахим тахимаар гангарч, сургуулийн орчинд амандаа зуучихсан явах нь энгийн үзэгдэл болжээ. Энэ мэтээр залуус электрон тамхины хор уршгийг мэдэхгүй, сөрөг үлгэр дуурайлал үзүүлсээр байна.

           Электрон тамхины хэрэглээг хянах нь битгий хэл олон нийтийн сүлжээнд реклам сурталчилгаа хийж, улам бүр гааруулж байгаа нь өнөөдрийн  бодит байдал. Жишээлбэл,  электрон тамхины борлуулах шошгод “Олон төрлийн жимсний амттай, 50-100 удаагийн соролттой”  гэж бичсэн байдаг бөгөөд олон нийтийн сүлжээнд ямар ч хяналтгүй сурталчилж, гудамжны самбар дээр сурталчилгаа хүртэл гаргачих нь бий. Түүгээр ч зогсохгүй дэлгүүрийн касс буюу олны нүдэнд ил өртөх газар олноор нь байрлуулсан харагддаг. Нэг ёсондоо өсвөр үеийнхэн сонирхож худалдаж авах сэдлийг нь түрүүлж байгаа гэсэн үг. Харин никотины агууламж, химийн бодисын хэмжээ, насны хязгаарлалт зэргийг огтхон ч дурддаггүй нь электрон тамхины замбараагүй худалдааг эрс нэмэгдүүлж байна.

         Дээр дурдсанчлан уг төхөөрөмж нь тамхинаас гаргахад тусалдаг, хор хөнөөл багатай гэх шалтгаанаар олон хүн хэрэглэдэг байна. Харамсалтай нь, электрон тамхи нь ялгаагүй эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй талаар эрдэмтэд судалж, хэрэглээг хязгаарлах талаар анхааруулсаар байна. Тухайлбал, хүний уушгийг гэмтээж, тархины хөгжлийг удаашруулдаг гэх мэт далд хөнөөл байдаг аж. Тийм ч учраас тамхиа хаях арга зам нь электрон тамхи биш юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тамхинд агуулагддаг никотины хэмжээг танилцуулсан байдаг.

-Энгийн тамхи 13.3-15.4 мг

-Электрон тамхи 0.5-15.4 мг

-Дүнсэн тамхи 30.08-50.89 мг

-Зажилдаг тамхи 144 мг

-Hookah буюу усан шүүлтүүрт тамхи 1.04 мг никотин агуулдаг байна. Тэгэхээр залуусын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж хэрэглэж буй электрон тамхи нь энгийн тамхитай ижил хэмжээний хор хөнөөлтэй байх нь.

Энгийн тамхинаас ялгаатай нь электрон тамхи амтлаг бөгөөд татаж байгаа хүний аманд таагүй амт мэдрүүлэхгүй, электрон тамхи хэрэглэж байгаа хүн өөрийгөө хянах боломжгүй байдаг аж. Учир нь энгийн тамхийг татаж дуусахад тамхиа дуусгалаа гэдэг дохио тархинд очдог бол электрон тамхины хувьд зогсох дохио өгдөггүй учраас зогсолтгүй татсаар л байдаг сөрөг талтай гэдгийг эрдэмтэд анхааруулсан байна. Тиймээс өсвөр насныхан хэт их донтож, сорох хүсэл сонирхол нь нэмэгдсэнээр хэтрүүлж хэрэглэх магадлалтай байдаг байна. Харин хэтрүүлсэн үед толгой дүүрэх, чих шуугих, толгой эргэх, хөл эсвэл бие бүхэлдээ сульдах, дотор эвгүйрхэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

-МАНАЙ УЛСАД 13-15 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН 14.3 ХУВЬ НЬ ЭЛЕКТРОН ТАМХИ ТАТДАГ-

            Электрон тамхины хэрэглээ хэрээс хэтэрснийг илтгэх баримт дурдъя. Судалгаанаас харвал манай улсын насанд хүрсэн нийт иргэдийн 24.2 нь электрон тамхи татдаг ажээ. Үүнээс эрэгтэйчүүдийн 49.1, эмэгтэйчүүдийн 5.3, 13-15 насны хүүхдийн 14.3 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа гарсан байна. Тэгэхээр 13-15 насныхан буюу өсвөр насныхны электрон тамхины хэрэглээ чамгүй өндөр үзүүлэлттэй байгаа нь энэ асуудлыг анхаарах цаг болсон гэдэг дохио өгч буй.

        2019 онд хийсэн судалгаагаар 15-64 насны иргэдийн цахилгаан тамхины хэрэглээ 1.9 хувь байхад, 13-15 насныхны хэрэглээ 3.5 хувьтай байжээ. Гэтэл БНСУ-д 2020 онд хийсэн судалгааг харвал 19-өөс дээш  насны иргэдийн тамхины хэрэглээ 3.2 хувь, 13-18 насныхны хэрэглээ 1.9 хувь байна. Ингээд үзвэл гаднын орнуудаас хүүхдийн тамхины хэрэглээгээрээ бид илүүрхэж явна.

        Уг нь электрон тамхи зарж борлуулах, хэрэглэх талаар Тамхины хяналтын тухай хуульд тодорхой заачихсан байдаг. Тодруулбал, насанд хүрээгүй хүүхдэд электрон тамхи зарж, борлуулах хориотой гэсэн хуулийн заалт бий. Гэтэл ерөнхий боловсролын сургууль орчмын ТҮЦ, дэлгүүрүүдэд электрон тамхи өрчихсөн, түүнийг нь сурагчид худалдаж авч байгаа нь энгийн үзэгдэл болчихжээ. Тэгэхээр өнөөдөр хуулийн заалт амьдрал дээр хэрэгжихгүй байгаагийн нэг жишээ нь насанд хүрээгүй хүүхдүүдийн электрон тамхины хэрэглээ буюу дээрх тоон үзүүлэлт харуулж байна.

 

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.