| | USD/MNT 0₮

БНСУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД МОНГОЛ СОНСОГЧ НАРТ БАЯР ХҮРГЭВ

Монгол Улсын Батлан хамгаалах яам, БНСУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын гэрээний дагуу 2018-2023 оны хичээлийн жилд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс БНСУ-ын Хуурай замын цэргийн сургууль, Агаарын цэргийн сургуульд суралцсан дэд ахлагч Г.Хатансайхан, Д.Дашдорж нар сургуулиа амжилттай төгслөө.
Хуурай замын цэргийн сургуулийг амжилттай төгссөн дэд ахлагч Г.Хатансайхан БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ли Жун Соб өөрийн биеэр баяр хүргэж, Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааны нэг чухал хэсэг болох батлан хамгаалах салбарын харилцаа өндөр түвшинд хүрэн хөгжиж байгааг дурдаад хоёр орны цэргийн хамтын ажиллагаанд өөрийн сурсан, мэдсэн зүйлээ зориулахыг хэлж, Хуурай замын цэргийн “дайчин нөхөр” шагналыг гардуулав.
Мөн Агаарын цэргийн сургуулийг нисэхийн инженер, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн мэргэжилтнээр алтан медальтай төгсөж буй дэд ахлагч Д.Дашдоржид Батлан хамгаалахын сайд Ли Жун Соб өөрийн биеэр баяр хүргэж, сургуульд суралцах хугацаандаа өөрийнх нь нэрэмжит нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн тэмцээнд тэргүүн байр эзэлж, эх орныхоо нэрийг гаргасанд дахин баяр хүргэж, Солонгост сурсан мэдсэн зүйлээ эх орондоо хэрэгжүүлэх, хоёр орны цэргийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг хүсэв.
Хуурай замын цэргийн сургуулийн 79, Агаарын цэргийн сургуулийн 71 дэх удаагийн төгсөлтийн арга хэмжээнд тус ЭСЯ-ны цэргийн атташе, дэд хурандаа Э.Түшиг оролцож, Монгол Улсын Батлан хамгаалах яам, БНСУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын гэрээний дагуу боловсон хүчин харилцан бэлтгэж байгаад талархал илэрхийлж, сургуулиа амжилттай төгсөж буй ЦАХ-дад баяр хүргэлээ.
Монгол Улсын Батлан хамгаалах яам, БНСУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын гэрээний дагуу 2023-2024 оны хичээлийн жилд БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах их сургууль, Хуурай замын цэргийн сургууль, Агаарын цэргийн сургууль, Тэнгисийн цэргийн сургууль болон төрлийн цэргийн академи, батлан хамгаалах хэлний төвд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 20 гаруй цэргийн алба хаагч амжилттай суралцаж байна.
 
Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.