| | USD/MNT 0₮

ГУРВАН ЖИЛ ТЭТГЭВРЭЭ ГАР ДЭЭРЭЭ АВААГҮЙ ӨНДӨР НАСТАН 430 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТЭТГЭВЭР АВААД УЙЛЖ БАЙНА

Засгийн газраас хоёрдугаар сарын 1-нээс ахмад настны тэтгэврийг нэмж, тэтгэврийн зээлийг чөлөөлөхөө мэдэгдсэн билээ.

Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас авч байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Нийтдээ 2020 онд улсын улсын төсөвт тэтгэвэр нэмэгдүүлэх 150 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр тусгасан.

Харин тэтгэврийн доод хэмжээг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 350 мянган төгрөгт хүргэсэн. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 300 мянган төгрөгт хүргэсэн. Бусад тэтгэвэр авагчдын тэтгэврийг 25-30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм.

Засгийн газрын шийдвэрээр ахмад настнуудын 500 мянган төгрөг хүртэлх тэтгэврийг 30 мянга, 500 мянга болон түүнээс дээш хэмжээтэй тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэхээр болсон.  Өөрөөр хэлбэл бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 350 мянга, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөг болгон шинэчилжээ.

Энэ нь 421.7 мянган иргэний тэтгэвэр 25-40 мянган төгрөгөөр буюу дунджаар 8.8 хувиар нэмэгдэж, дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж өсчээ. Тэтгэврийн зээлийг нь бүрэн тэглэх асуудал шийдэгдээгүй байгаа ч зээлийг нь банкууд автоматаар тэглэж, энэ сарын 1-ээс эхлэн тэтгэврээ бүрэн гар дээрээ авч байгаадаа баярлах ахмад олон байна.

Тухайлбал, хоёр хоногийн өмнөөс ахмадууд тэтгэврээ бүтэн авч бөөн баяр хөөртэй явна. Арилжааны банкууд ахмадын хөлд дарагдаж хүүхэд шиг хөөрцөглөсөн ахмадууд тэтгэврээ бүтэн авч цагаан сарын бэлтгэлээ базаана гэдгээ ч ярьж байв.

Олон жил тэтгэврийн зээлтэй байсан ахмадуудын магнайг ч тэнийлгэсэн юм. “Тэтгэвэрийн зээл тэглэж өгсөн төр засагтаа баярлалаа. Амьдралын ачааг хөнгөлж өглөө” хэмээн баярласан сэтгэгдлээ илэрхийлсэн бол гурван жил тэтгэвэрээ гар дээрээ авч үзээгүй өндөр настан Г нь 430 мянган төгрөгийн тэтгэвэр аваад уйлжээ.

Хүүхэд нь өрд орсон гэдэг шалтгаанаар тэтгэврээ 5 жилээр зээлээд өрийг нь тэглэж өгсөн тухай ярив.

Мөн хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр болон ипотекийн зээл болон амьдралд тус дэм болох зорилготойгоор урт удаан хугацаагаар тэтгэврийн зээлээ авсан байсан. Ийнхүү нэг удаад төр засгаас 6 сая хүртэлх тэтгэврийг тэглэж өгч байгаа нь зөв шийдвэр хэмээн үзэж, баярлаж байгаа ахмадуудтай олон таарсан билээ.

Засгийн газраас хоёрдугаар сарын 1-нээс ахмад настны тэтгэврийг нэмж, тэтгэврийн зээлийг чөлөөлөхөө мэдэгдсэн билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.