| | USD/MNT 0₮
Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал үүсгэсэн цагаан захтнуудад холбогдох эрүүгийн хэрэг хаана очоод замхарч алга болдог вэ.
Томоохон улс төрчид, албан тушаалтнууд орооцолдсон авлигын цөөнгүй хэргийг АТГ шалгаж байна, шалгаж байгаа гэхээс өөр олигтой мэдээлэл өгдөггүй.
Заримыг нь шалгаж дуусаад прокурор, шүүхэд шилжүүлсэн гэж мэдээлдэг ч хэрэг нь шүүхээр оролгүй хэрэгсэхгүй болж замхардаг. Эдийн засаг албан тушаалын гэх тодотголтой олон хавтаст хэргүүд цаг хугацааны эрхээр таг чиг болдог. Зарим нь шалгалтын явцдаа ч ор тас “мартагдагддаг”. Олны анхаарал татсан, дуулиан шуугиан дагуулсан авлига, албан тушаалын хэргүүд юу болсныг сонирхуулья.
С.Баярын хэрэг шүүхэд ирээгүй байна
Ерөнхий сайд асан С.Баярын хэрэг юу болов. Түүнийг Оюутолгойн гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж буй юм.
АТГ энэ хэргийг шалгаж дуусган, өнгөрсөн шүүхэд шилжүүлсэн гэж мэдээлсэн. Тэгвэл Баянгол дүүргийн шүүхийн эх сурвалжийн мэдээлж буйгаар "Манайд С.Баярт холбогдох хэрэг ирээгүй байгаа. Хэрэг нь прокурорт байгаа байх" гэв.
Сангийн сайд асан С.Баярцогтод холбогдох Эрүүгийн хэргийг хаах саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн гэх мэдээлэл өнгөрсөн тавдугаар сард гарсан билээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс С.Баярцогтод холбогдох Их Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд компани байгуулан Швейцарын банканд хөрөнгө байршуулсан гэх хэргийг мөрдөж дуусаагүй байгаа юм байна. Мөн түүнийг "Оюутолгой" төслийн гэрээний эрх зүйн баримт бичгийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргасан байж болзошгүй гэх Эрүүгийн хэргээр үргэлжлүүлэн шалгаж байгаа гэдгийг албаны эх сурвалж хэлэв
Д.Сугарын хэрэг сураггүй болов
Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон ҮХЦ-ийн гишүүн асан Д.Сугарт холбогдох хэрэг сураггүй болсон. Одоогоос хоёр жилийн өмнө АТГ-ынхан Цэцийн суудалд шигдээд байсан Д.Сугарыг суудлаас нь суга татах гэсэн боловч чадаагүй.
Тухайлбал, түүнийг ТӨХ-ны дарга байхдаа олон ноцтой, но-той зүйл хийсэн. Тухайлбал, Японы Токио хотын Адачи дүүргийн Шинден хороололд 535 сая төгрөгийн үнэтэй байр авсан ч 2008, 2009 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй. Мөн энэ байраа 2010 онд зарсан ч орлого болох 535 саяа мөн л АТГ-т мэдүүлээгүй. 2012 онд "Транс Трэйд би би эс би" ББСБ-аас авсан 113 сая төгрөгийг мөн л бүртгүүлээгүй байсан гэдгийг ч онцолж байлаа. Уг нь хуульд зааснаар төрийн албан хаагч их хэмжээний зээл авсан бол хувь хүндээ орлого болох учраас мэдүүлдэг аж. Бас нэг таагүй баримт нь Хонгконгийн “Эйч Си Би Эс” банкинд оффшор данстай байсан гэх дуулиан. Ямартай л энэ тухай хавтаст хэрэгт нь "Д.Сугар тус банкинд оффшор данстай бөгөөд уг даснснаасаа иргэн О.Тамирын дансанд 2007 оны долдугаар сарын 16-нд 199941 ам.доллар мөн наймдугаар сарын 10-нд 116956 ам.доллар тус тус шилжүүлсэн байна" гэсэн байсан.
Мөн тэрбээр 2011 онд Солонгосын Чэжүд 600 сая вонноор байр худалдан авсан, зарсан тухайгаа 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй зэрэг нь тодорхой болж байсан юм. Хууль хяналтын байгууллагаас Д.Сугарт холбогдох хэргийг асуухаар мөрдөн байцаалтын шатанд хэрэг нь байгаа гэхээс өөр зүйл хэлдэггүй.
Ч.Ганзоригийн хэргийг тусгаарлан шалгаж байна
Хонконгийн банкинд данс нээж Английн "Стандарт” банкнаас 160 сая ам.доллар зээлсэн хэрэгт "Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг ч холбогддог.
Эх сурвалжийн мэдээллээр Ч.Ганзоригийн оролцоотой "Жаст” группийн захирал Ш.Батхүү нар Хонконгод нээсэн дансаараа дамжуулан 2009 оны гуравдугаар сард, 2010 оны тавдугаар сард, мөн есдүгээр сард, 2011 оны тавдугаар сарын 3-нд гэх мэтээр хэд, хэдэн удаагийн үйлдлээр зээлээ авсныг нь хууль хяналтыхан шалгасан ч энэ хэрэг хав дарагдсан бололтой. Прокурорын байгууллагын эх сурвалжийн хэлж буйгаар Ч.Ганзоригт холбогдох хэргийг Ш.Батхүүгийн хэргээс тусгаарлаж, тус тусад нь шалгаж байгаа гэхээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй юм.
Ш.Батхүү нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэр бүхий албан тушаалтнуудтай бүлэглэн, “Стандарт банк"-тай байгуулсан гэрээний зарим баримтуудыг хуурамчаар үйлдэн нийт 160 сая ам.долларын зээлийг залилан авч, өөрийн хамаарал бүхий ААН-ийн үйл ажиллагаанд зарцуулжээ.
Дээрх асуудлаар Стандарт банк олон улсын Арбитрын шүүхэд хандаж, Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна. Тус шүүхээс 2016 оны 09 дүгээр сарын 20, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрүүдээр нийт 92 сая 685 мянган ам.долларыг Эрдэнэт үйлдвэр ХХК-иар төлүүлэх шийдвэр гаргасан. Ийнхүү төрийн өмчийн оролцоотой Эрдэнэт үйлдвэр ХХК-д их хэмжээний хохирол учирсан юм.
Ш.Батхүүгийн хэрэг шүүхэд очоод найман сар болов
"Жаст" группийн захирал асан Ш.Батхүүгийн хэргийг шүүхэд шилжүүлээд 8 сар өнгөрөв. Өнөөдрийг хүртэл шүүх хурлын тов гараагүй байна.
ЖДҮХС-гаас аж ахуйн нэгжид зээл олгоход дэмжлэг үзүүлээч гэж агуулга бүхий албан бичгээр тухайн нэгжид хандсан УИХ-ын 50 орчим гишүүнтэй холбоотой хэргийг шалгаад заримыг нь хааж шийдвэрлэх санал гаргасан. Тодруулбал, зээлээ зориулалтын дагуу ашиглаж, хугацаандаа төлбөрөө төлж байгаа төслүүдээс заримыг нь хаах саналаа прокурорт хүргүүлсэн. Зарим төслүүдтэй холбоотойгоор нээсэн хэргүүд шийдвэрлэгдээд хаагдаж байна. Зарим хэрэг дээр нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгдэх, тодруулах шаардлагатай зүйл байгаа учраас нэмэлт хэрэг бүртгэлт хийгдэхээр буцаж ирж байгаа.
Д.Жигжиднямаатай холбоотой хэргийг удаашруулж байна уу
АТГ-аас яллагдагчаар татсан УИХ-ын таван гишүүнээс гурван гишүүнд холбогдох эрүүгийн хэргийг үндсэн хэргээс нь тусгаарлан шүүхэд шилжүүлэх саналаа мөн прокурорын байгууллагад хүргүүлсэн. Түүнээс биш нэмж гурван гишүүн яллагдагчаар татсан, эдгээр хүмүүсийн хэргийг хаасан зүйл байхгүй.
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой авлига албан тушаалын хэрэг ямар шатандаа байна вэ. УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой хэргийг АТГ шалгах шатандаа явж байна. Албаар удаашруулсан зүйл байхгүй. Олон хүн холбогдсон уу, үйлдэл гэдгээсээ хамаараад өргөн цар хүрээтэйгээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.
Нэр бүхий 17 шүүгчийн хэрэг юу болов
Салхитын мөнгөний ордны хэрэгт холбогдсон нэр бүхий шүүгчдийн хэрэг юу болов. Тодруулбал, Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байгаа. Эдгээр шүүгчид ажиллахгүй байгаатай холбоотойгоор, анхан болон давж заалдах шатны шүүгчдийн ажлын ачаалал эрс нэмэгдэж, зарим шүүх танхимын үйл ажиллагаа зогссон байдалтай байгаа юм.
Тэгвэл эдгээр шүүгчдийн хэрэг прокурорт байгаа бөгөөд ШЕЗ-өөс даруй шийдвэрлэхийг хүссэн ч албан бичиг АТГ болон прокурорын байгууллагад явуулсан өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй байна.
О.Гал