| | USD/MNT 0₮

133-р сургуулийн хүүхдүүд дөрвөн ээлжээр хичээллэж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн сурагчдын эцэг эхийн төлөөлөл тус сургуулийн даац хэтэрч, хүүхдүүд 3-4 ээлжээр хичээллэж байгааг эсэргүүцэж өнөөдөр Сүхбаатарын талбайд жагслаа.

Жагсаалд оролцсон эцэг, эхчүүд Ерөнхийлөгч, БСШУС-ын сайд, УИХ-ын дарга, НИТХ-ийн дарга нарт дэмжлэг хүсэх тухай шаардлага бичиг хүргүүлж байгаа аж. 133 дугаар сургууль нь 2017 оноос хойш "Монгол тэмүүлэл" сургуультай нэг байранд цуг хичээллэж байна. 

Энэ талаар 133-р сургуулийн эцэг эхийн зөвлөлийн дарга Б.Батдэлгэр ярихдаа "133-р сургуулийн сурагчид эрүүл аюулгүй орчинд сурах эрхээ эдэлж чадахгүй байна. Хүүхдүүд гэлтгүй багш ажилчид ч ая тухтай нөхцөлд ажиллаж чадахгүй байна. Иймээс эцэг эхчүүд бид өнгөрсөн хавраас эхлэн "Монгол тэмүүлэл" сургуулийг нүүлгэж, 133-р сургуулийг тус байранд нь бүтнээр эзэмшүүлэн үйл ажиллагаа явуулахыг хүсэж буй.

Үүний хүчинд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2019 оны наймдугаар сарын 30-нд "Монгол тэмүүлэл" сургуулийг нүүлгэх байрыг бэлтгэх хоёр ажлын хэсэг гаргасан. Гэвч уг тушаал гарснаас хойш 45 хоночихоод байхад ямар ч шийд гаралгүй, 133-р сургуулийн хүүхдүүд дөрвөн ээлжээр хичээллэж байна. Иймээс төр засгийн удирдлагуудад шаардлага хүргүүлж байгаа юм" гэв.

Тус шаардлагад "Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө "Монгол тэмүүлэл" сургуулийг нүүлгэж 133-р сургуулийг хоёр ээлжид оруулахгүй бол хүүхдүүдээ сургуульд явуулалгүй, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ" хэмээжээ. 

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.