| | USD/MNT 0₮
Дорноговь аймагт 2004 онд буюу 16 жилийн өмнө үйлдэгдсэн хүн амины онц ноцтой гэмт хэргийг илрүүлсэн талаар өнөөдөр ЦЕГ-ын ХМТ-ын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлсэн. Тодруулбал, 2004 оны тавдугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт иргэн Т нь модноос дүүжлэгдсэн байдалтай нас барж, тухайн үед Дорноговь аймгийн цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 /Хүнийг санаатай алах/ зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан билээ. Тэгвэл уг хэргийг Дорноговь аймгийн харьяат 52 настай эрэгтэй А гэгч нь үйлдсэн болохыг Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран илрүүлсэн байна. Одоогоор хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй А гэгч нь иргэн Т-гийн амь насыг санаатай хохироож, модноос дүүжилсэн болохоо мэдүүлсэн ажээ.
16 ЖИЛИЙН ӨМНӨ ҮЙЛДЭГДСЭН ХҮН АМИНЫ ОНЦ НОЦТОЙ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ