| | USD/MNT 0₮

ЕРӨӨЛЧ, МАГТААЛЧ, МОРИН ХУУРЧ Х.ДАНЗАНРАВЖАА: ДЭЭДСЭЭС НАДАД ОНООСОН ДААЛГАВРЫГ БИЕЛҮҮЛЖ ЯВАА ГЭЖ БОДДОГ

Уран бүтээлч хүнд үе ирнэ гэж нэг зүйл бий. Би юуны төлөө энэ бүхнийг хийж ирэв? Цаашид би юуны төлөө зорих уу? гэх тийм нэг баримжаагүй юм шиг ч хамгийн гол цэг дээрээ түр саатдан бодолхийлдэг ёсон бий. “Би одоо л эхэлж байх шиг ээ...” хэмээн даруухан өгүүлэх эрхэм түүнийг Хуягбаатарын Данзанравжаа гэнэ. Түүний нэр хутагтын алдар мөн боловч тэрбээр алдраа хэзээд өргөн явдаг уран бүтээлч билээ. Ерөөлч, магтаалч, морин хуурч Х.Данзанравжаатай ярилцах завшааныг хэн алдахыг хүсэх билээ.

Нутаг орноор өвөлжөө тавтай сайхан уу?

-Өнтэй сайхан өвөл болж байна. Говийн өвөл харын зудгүй бол сайхан л давчихдаг. Чи ямар мэдэхгүй биш хаврын хавсаргаа нэг гэтлээдэхвэл энэ жил хутагтын өндөр их ойтой. Бороо хуртай, цэцэгт зун болох нь дамжиггүй юм.

“Манай хотод ирээрэй” гээд ирээд уулзуут “Хэзээ буцах вэ?” гэж хотынхон зөрж асуудаг гэлцдэг шиг ямар ажлаар ирэв ээ?

-Түрүү жилийн хичээлийн эхний өдрөөс л 20᠎᠎᠎᠎᠎ иод хүүхэд авч морин хуур, ерөөл, магтаалын зах зух сургаж эхлээд байна. Шавь нарынхаа хуурыг захиалах, худалдан авах гээд ойр ойрхон ирж байна.

Х.Данзанравжаа “хаанаас эхлэв”?

-/...?/1998 оны намар 10 сард Монгол Улсын Гавьяат багш О.Чинлүү багшаараа хөтлүүлэн /О.Чинлүү багш өөрийн гэрт залсан морин хуураа надад өгч/ “Саран Хөхөө” театрын морин хуурч Соёлын Тэргүүний ажилтан Ухнын Чойжил, шавь Дашнямын Мижиддорж багшийн дугуйланд анхлан оруулж байжээ. Хавар нь 1999 ондоо “Яргуй” наадамд “Жонон чуулга” нэртэйгээр оролцож хамтлагийн төрөлд хүрэл медаль хүртэж байв. “Жонон чуулга” нэрийг У.Чойжил багш минь өгсөн юм. У.Чойжил багшийн дугуйлангаас хуур тоглох чадвараар арай дөнгүүр, магтаал уншихад хоолой нь задарсан хүүхдүүдийг З.Чулуунбаатар багш сонгон авч 1999 онд өөрийн анхны бие даасан "Хайрхан уулын цуурай" тайлан тоглолтондоо оролцуулсан тэр үеэс З.Чулуунбаатар багшийнхаараа үе үе очиж магтаалуудаас нь сурч эхэлсэн. Одоо би багшийнхаа замналаар өөрийнхөө “бага нас”-нд өв уламжлалаа заан сургаж байгаа шиг санагддаг даа. Хичээллэж эхэлж байгаа шавь нараа харахад ингэж л бодогддог.

Багшийг шүтэх, гэрийн боловсролоор дээд үеийнхэн их бахархаж байдаг сан. Үе удамдаа ч өвлөн уламжлуулсан түүх арвин сан?

-Тийм. Өвийг тэнхимээр сурна гэхэд санаанд бас буумгүй. Багш дагана. Миний анхны багш У.Чойжилын багш, хуурч Соёлын Тэргүүний ажилтан Х.Болдбаатар гэж эрхэм хүн бий. Одоо миний шавь нар суралцан дадаж байна. Ингэхээр Х.Болдбаатар ах маань хуурын дөрөв дэх үеэ үзэж яваа бишрэм багш. Мөн нэгэн зүйл сонирхуулахад, Монгол Улсын Гавьяат багш О.Чинлүү 1999 онд гэнэт л нэг өдөр дуудан Нэгдүгээр сургуулийн МХУЗ-ын багш Мягмагийн Нарантуяагийн шүлгийн дугуйланд хөтлөн оруулж сургуулийн “Хүрэл тулга” наадамд оролцуулан байр эзлүүлж байв. Яалтгүй О.Чинлүү багш маань хуур, яруу найргийн зам руу намайг хөтөлж одоогийн Данзанравжаагийн бүхий л амьдралын замыг чиглүүлж өгсөн буянтан. Энэ бол маш үнэтэй, бахархам зүйл. Дараагаар нь би Монгол Улсын есөн удаагийн Тэргүүн шагналт морин хуурч, ерөөлч магтаалч, бэлэн цэцлээч, халх туульч Монгол Улсын Тэргүүн зэргийн өргөмжлөлт магтаалч Зундуйн Чулуунбаатар багшаа дагасан даа.

Нэрт халх туульч Зундуйн Чулуунбаатарыг Монголын биет өвийн дээд болон дунд үеийнхэн дэндүү мэднэ дээ?

-Тийм ээ. Бидний хэсэг нөхөд багшийн хүү удам дагасан ерөөлч, магтаалч, морин хуурч Ч.Эрдэнэбаатарын санаачилгаар Дорноговийн УУГАН хэвлэл “ЯЛАЛТ” сониныг түшиглэн 2021 онд “Ашиг хоргын чулуу” бүтээлийн чуулганыг нь эмхлэн хэвлүүлж олны хүртээл болгосон. Энэ бол багшийг судлагдахуун талаас нь харах, өвлөн уламжлагч нарт гарт баригдах том сурвалж болсон гэж боддог. Аймаг орон ч энэ тал дээр их дэмжсэн. Их сургуульд орсноор морин хуур, ерөөл магтаалаас хэсэгхэн жил хөндийрсөн хэдий нэг л мэдэхэд З.Чулуунбаатар багшийн магтаалуудыг хэнээс ч юм, хаанаас ч юм олж сонсоод сурчихсан байдаг байсан. 2011 онд сургуулиа төгсөн аймагт очсоноор эргээд багшийг дагаж ардын урлагийн аман билгийн өвд улам шимтэх болсон доо.

Говийн Ноён хутагтын ойтой жил болно. Та өөрөө хутагтын нэртэй. Зарим нэг ахмадууд ...ХУТАГТ аа... гэж дуудаж байхыг бахархан сонсож л байлаа?

-Миний алдрыг ажаа минь хайрласан юм. Өндөр их нэрийг өргөж явахын ухаан насан турш бодогдож хэлтгий гишгэхийн учиргүй шүү гэж өөртөө байнга сануулдаг. Тэртээ 25 жилийн өмнө Монгол Улсын Хүний Гавьяат эмч, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч, нэрт соён гэгээрүүлэгч Хандын Цэрэндорж багшийн зохиол “Гэгээн домог” жүжигт хутагтын бага насанд тоглох их хувь тохиосон юм. Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Нацагдоржийн Пүрэвдоржийн найруулгаар олонд хүрсэн энэ жүжиг одоо ч Дорноговийнхны дунд яригддаг даа.

Хүүхэд насны гэгээн дурсамжнаасаа хутагтын нэрэмжит “Саран хөхөө” театрын тайзаа, жүжгээ эргэн санавал...?

-Х.Цэрэндорж багшийн хутагтын тухайтад өгүүлсэн “Ариун дууль” гурван бүлэг жүжгийн тэргүүн бүлэг “Гэгээн домог” жүжгийн бага насанд тоглосон. Дөрөвдүгээр ноён хутагт жанч халсны дараагаас эхлэн хутагт мэндэлж Тавдугаар хутагт тодрох хүртэлх цаг хугацааг өгүүлсэн байдаг. Дөрөвдүгээр хутагтад Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан Дамбийнямын Энхбаяр ах тоглосон. Балчир багахан насандаа хутагтынхаа тайзнаа Соёлын Тэргүүний ажилтан Доржготовын Санжмятав, Соёлын Тэргүүний ажилтан Базарын Төмөрбаатар, Соёлын Тэргүүний ажилтан Довчиндоржийн Оюунчимэг, нутгийн олондоо “Том Баки”, “Жижиг Баки” хэмээн алдаршсан Гочоогийн Батбаяр, Баасанжавын Батбаяр гээд алдартай сайхан жүжигчидтэй нэгэн тайзнаа дүр бүтээснээ хувь зохиол гэж биширч явдаг юм. Дүрийн маань ажаад Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан Пунцагцэрэнгийн Түвшинбаяр, эх Мажигхандад Ухнын Ундармаа эгч нар минь тоглосон. Тэд маань нэг гэрийн улс юм. Яг жүжигт тоглож байхад П.Түвшинбаяр ах, У.Ундармаа эгч хоёр маань анхны хүүхдээ өлгийдэх гэж байлаа. Тулгар тоглосон гэсэн үг л дээ. Жүжгийн ардхандаа, миний санаж байгаагаар хоёр сарын дараа анхны хүүгээ өлгийдсөн. Хүү Т.Нармандах нь одоо Үндэсний Урлагийн Их театрт бишгүүрчин юм. Мөн Монгол Улсын Гавьяат жүжигчин Лувсандоржийн Буянхишигт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Жамбалын Ёндонжамц, Ишдоржийн Туяа эгч минь, драм ангийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосоон.

Хутагтын тайз ч тэгээд авшигтай даа?

-Монголд ардчилал гарснаас хойш хөдөө орон нутгаас ганцхан театр хаалгаа бариагүй юм аа. Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө” театр. Ёстой л цалин цаваагүй сэтгэлээрээ зүтгэсэн ахмад буурлууд маань ихэнх нь тэнгэр болж дээ. Тэр үед жүжгийн тайзны анхны зураач нь Энэбишийн Долгион ах, Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, шог зураач Байдыгийн Үлэмжбат ах нар маань ажилласан. Хөгжим техник Жамсрангийн Нямсүрэн багш байв. Эднийхээ дунд хүүхдүүдээс нь дутуугүй эрхэлж, загнуулж, магтуулж, хүмүүжиж өссөн дөө.

 

 

Найруулагчийн “онь хараа”-нд өртөх ерөөлтэй байжээ?

-Миний бага ангийн багш Мандах сумын харьяат Дашнямын Оюунтуяа гэж олон тоглолтын ард солих хувцсыг минь бариад Намсрайн Батнасан багшид хамт загнуулаад гүйж явсан тийм сайхан хүн бий. Насаа багш тэр үед анзаарсан шиг байгаа юм. Найруулагч Н.Пүрэвдоржид:

-Нэгдүгээр сургуульд хөмсөг нь гадагшаа эргэсэн нэг хөөрхөн хүү бий. Тэгээд ч бие жижигтэй юм. Зургадугаар ангийн хүү үг цээжилж мэдэхээр, чамд амар. Чи нэг харахгүй юу гэж хэлжээ. Н.Пүрэвдорж найруулагч сүүлд энэ тухай ярихдаа:

-Би чамайг хараад монгол төрхтэй юм байна. Хэр хөдөлгөөнтэй цовоо хүүхэд юм бол гэж бодоод ганц нэг үг, өгүүлбэр хэлүүлээд л дүр сонгосон доо. Тэгээд ч хутагтын нэртэй ижил юм. Энэ нь их сонин. Ухаандаа одоогоор бол менежмент хийхэд давуу юм уу гэж бодож байлаа. “Данзанравжаад Данзанравжаа тоглоно” гэхэд л үзэгчид “үү, үү” хашгираад хөөрдөг байлаа шүү дээ хэмээн өгүүлсэн юм.

1999 оны нэгэн шар сонинд “Д.ДАНЗАНРАВЖААГИЙН ДҮРД Х.ДАНЗАНРАВЖАА ТОГЛОНО” гэсэн жижигхэн мэдээ бичигдэж байсан юм шүү.

СББӨ-ийн өвлөн уламжлагч нар орчин цагийн хамгийн “ховор хүмүүс” болж мэдэхээр байна?

-Нэгэн үе тийм байлаа. Тэд маань өөрийн ухамсарт амьдралаа Монголын их өвийн ай савыг чадлынхаа хэрээр хойч үедээ хүргэх, хүртээх талаар чамгүй хөөцөлдөж бидний үе хүргэсэн. Бид ч цааш нь үргэлжлүүлэх үүрэгтэй. Сүүлийн жилүүдэд соёлын өвөө ойлгодог болж эхэлж байна даа гэж боддог. Монгол үндэстэн мөнх тэнгэрийн ерөөлтэй улс. Тиймээс бид энэ арвин их өв санг оюун зориг, хүсэл сэтгэлээрээ цаг хугацааны уртад уламжлуулах л үүрэгтэй. Магтаал урамшил яах вэ, хүний амьдралын цухасхан л баярт мөч. Миний хувьд дээдсээс над оноосон даалгавраа би биелүүлж яваа л гэж хэлэх байна.

Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагч, урлаг соёлд 30 шахам жил ханцуй буулгаагүй таны энгэр хоосон харагдах чинь?

-Хүмүүс энэ тал дээр их эмзэг ханддаг. Би бол өөрийн дотроо маш хүндэтгэлтэй, зарчимтай хандахыг боддог. Бидний дээд үеийн уран бүтээлчдийн ярианаас Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдгээ их л хайрлан нандигнаж, бахархан зүүж байхыг харсан. Энэхүү өндөр цол зэргийг хүртэх олон ч завшаан тохиож байлаа. Би тэр бүр нь татгалздаг юм. Би болоогүй ээ гэсэндээ биш юм. Үнэ цэнийг нь илүү мэдрэхийг хүссэндээ, эсвэл дараа үеэ баттай бэлтгэн босгоод ар дээр нь цоллуулахад улайхгүй биз ээ.

Найр наадмын хөл залгасан үед заллага их үү?

-Монгол ёсон өргөн дэлгэр болохоор аймаг сум, албан байгууллага, өрх айлын заллага бэлгэ дэмбэрлийн үгтэйгээ их ирнэ. Билигт өдрүүдээр заллага өргөсөн айлд ганцаархан хүрэлцэхгүй үед боловсон уучлал эрдэг. Зан үйлийн бүхий л ёслолд хуур татан, ерөөл магтаалаа өргөхийг боддог. Энэ нь ч миний үүрэг.

Монголчуудын аман билгийн өв санг өнөө цагт хүргэсэн буурлууд халх даяараа эсэн дээ?

-Бидний хүндлэн биширч шүтээн болон яригдах буурлууд их ээ. Багштай нэгэн цаг үед ардын урлагт тод жим татуулж ерөөлийн төрөлд ноёрхсон, одоо ч ноён оргил нь яваа Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат Сугирын МӨНХЖАРГАЛ. Услын уралдаанд 12 удаа түрүүлсэн байдаг. 300 гаруй шавьтай гэдэг юм шүү. Багш, С.Мөнхжаргал ах хоёрын араас төдөлгүй гарч ирж ихэд нийлсэн ерөөл, бэлэн цэцлэх сод билигт авьяастай Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат Бархасын Эрдэнэбаатар гэж цуутан байна. Ерөөлийнх нь үгс яруу найраг мэт тансаг даа.

Дарханы Ц.Дүйнхэрсүрэн, Булганы Цэндийн Дашжамц ах хоёр магтаалын төрөлд багшийг машид сайн ирлэж хурцлан аялгуу хийморийг нь асааж, журамтай сайхан нөхөрлөж уралдаж байсан гэж ойлгодог.

Дунд үеэс Говьсүмбэр аймгийн Мөрдоржийн Батбаясгалан ах ордог юм. Хэнтий Баянхутагийн Доржсамбуугийн Ганчөдөр ах байна. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харьяат Магсарын Шаравжамц гэж ерөөлч магтаалч буурал бий. Багшид маань бас л зааж зөвлөж нөмөр болж явсан хүн гэдэг. Одоо Даланжаргалан суманд амьдарч байна. Ная хол давсан буурай бий.

Шавь нарын тань авьяасын “зул задрах” ойрхон байгаа даа?

-Хүүхдүүд одоогоор хуураа “хөрөөдөж” л байна. Ганц нэг нь магтаал, ерөөлдөө “сонирхол сууж” байна. Би багшаа давж багшилна гэхээсээ илүү “багшаа дамжуулж” сургахыг боддог юм. Шавь нар удахгүй өндийж цээнд хүрнэ ээ.

Тухлаг сайхан яриа боллоо?

-Өдийд хүргэсэн сайхан улсын нэрийг мартуузай хэмээн айж сууна. Их том хүн аятай ярилцлага өгсний дараа ч эмээх мэдрэмж төрж байна. Өв соёлынхоо магнайд яваа дээдцүүлээ түмэн олноо л дуурьсгах гэж яриа өглөө. Өөрийгөө ярих гэсэнгүй шүү. Зөвдүүхэн ойлгоорой.

Танд маш их баярлалаа.

Сэтгүүлч Э.ЭРДЭНЭДАЛАЙ

My Career

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.