| | USD/MNT 0₮

Ж.Эрдэнэбат:Би буруу зүйл хийгээгүй учраас шалгуулах шаардлага байхгүй

Өнгөрсөн 2016 оны сонгуулийн үр дүнд МАН олонхын санал авч, Засгийн газраа бүрдүүлэхэд УИХ-ын гишүүдийн саналаар Ерөнхий сайдад томилогдож байсан Ж.Эрдэнэбат гишүүнд АТГ-аас иргэдийн гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа талаар мэдээлсэн билээ.


Тодруулбал, Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1462.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэйгөө хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр “Элбэг орд” ХХК-иас таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констрашкн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг саяар худалдсан гэх асуудлыг шалгуулахаар АТГ-т өнгөрсөн хавар иргэд хандаж байсан билээ.
АТГ-аас түүнийг бусдад давуу байдал олгосон гэх хэрэгт тэрбээр дараах тайлбарыг хийжээ.


Тэрбээр “АТГ-аас намайг шалгаж байгаа. Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед гарсан Засгийн газрын тогтоол байдаг. Тэр бол Өмнөговийн Тост, Тосонбумбын нуруу, Булганы Тэшиг, Сэлэнгэ аймгийн Ноён уул орчмын газар гэсэн гурван сумын нутаг дэвсгэр лиценз эзэмшиж байсан компаниудын лицензийг хүчингүй болгоод, тэр компаниудад нөхөн олговор маягаар өөр газар лиценз олгосон Засгийн газрын тогтоол бий.

 

Намайг тэр тогтоолд хамрагдсан нэг аж ахуй нэгж буюу өөрийн эзэмшил бүхий компанид лиценз шилжүүлж авсан гэсэн мэдээлэл сошиалд гарсан. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Тост, тосонбумбад лиценз эзэмшиж байсан компани нөхөн олговроор тэр хавьдаа газар авсан юм билээ.

Авсан газар дээрээ хайгуул хийж үзээд тэндээс нь юм олдоогүй учраас өөр компани дээр шилжүүлсэн. Тэр нь миний ХОМ дээр байсан компани болж таарсан. Миний дүүгийн эзэмшдэг “Хэрх илч” компани. Би тэнд багахан хувь эзэмшдэг. Энэ компани нь буцаагаад лицензээ улсад өгчихсөн.


Тодорхой зорилго бүхий хүмүүсийн хийж байгаа асуудал. Буруу ташаа мэдээлэл гараад байгаад харамсаж байна. Би буруутай үйлдэл хийсэн бол гишүүнээсээ татгалзаад шалгуулахад бэлэн байна. Гэхдээ буруутай юм хийгээгүй учраас тэгэх шаардлага байхгүй” гэв.

 

О.Гал 

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1462.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэйгөө хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр “Элбэг орд” ХХК-иас таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констрашкн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг саяар худалдсан гэх.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.