| | USD/MNT 0₮

Цагаан сарын баярт нэг айл дунджаар 2.2 сая төгрөгийн зардал гаргах тооцоо гарчээ

Монголчуудын уламжлалт баяр “Цагаан сар”-ыг тэмдэглэх нь ард иргэдийн амьдрал, улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг харуулах энэ судалгааг судлаачид 2016 оноос хойш тогтмол танилцуулж байна. 

Цагаан сарын баяр улсын эдийн засагт хэрхэн нөлөө үзүүлж байгааг харахын тулд Монголбанкнаас гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний үзүүлэлт, Хүнсний бараа, ундаа, усны хэрэглээний үнийн индексийг түлхүүр үзүүлэлт болгон сонгон авчээ.

Тухайн жилийн билгийн тооллын шинийн нэгний өдөр аргын тооллын хэдэн сарын хэдэнд тохиохоос хамааран эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл нь 1, 2 дугаар сарын аль алинд гардаг. Учир нь бусад баяраас Цагаан сарын баярын ялгарах онцлог нь нэлээдгүй бэлтгэл ажил шаарддаг юм. Жишээ нь: 2017 оны шинийн нэгэн 2 дугаар сарын 27-ны өдөр байсан учраас баярыг угтсан үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний ихэнх зардал 2 дугаар сард гарсан байх магадлалтай бол 2018 онд 2 дугаар сарын 16-нд байсан учир баярын бэлтгэл ажил 1 дүгээр сараас 2 сарыг дамнасан байх магадлалтай. Харин 2019 оны шинийн нэгэн 2 дугаар сарын 5-нд тохиож байсан учир баярын бүх бэлтгэл ажил 1 дүгээр сард хийгдсэн байх магадлалтай. Цагаан сарын баяраар ахмад настнаа хүндэтгэн золгохдоо гар хоосон золгодоггүй уламжлалын дагуу хадаг, торго зэрэг бэлэг, сэлт барьж золгодог байсан. Энэ уламжлалт бэлэг нь орчин үед “шинэ” мөнгөн дэвсгэрт болон солигдсон. Үүнтэй холбоотой цагаан сарын баярын өмнө шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт ихсэх болсон. Нөгөө талдаа Монголбанкнаас гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ (Зураг 1) 2017 оны 2 дугаар сард болон 2019 оны 1 дүгээр сард хамгийн өндөр байгаа нь цагаан сарын баяртай давхцаж байгаа юм. Үүнээс харахад Монголбанкнаас цагаан сарын баярын өмнө бусад саруудтай харьцуулахад илүү их бэлэн мөнгийг гүйлгээнд гаргадаг байна. 

Арилжааны банкуудын олгосон цалин, тэтгэврийн зээлийн сүүлийн 3 жилийн мэдээллээс харахад 2017 оны 2 дугаар сард 508.0 тэрбум төгрөгийн зээл олгосон нь тухайн оны дундаж зээл олголтоос 40 хувиар илүү байжээ. Харин 2018, 2019 онуудын 2 дугаар саруудад олгосон зээлийн хэмжээ харгалзах жилүүдийн дунджаас доогуур байгаа төдийгүй 2017 онтой харьцуулахад 2018 оны 2 дугаар сард 335.3 тэрбум төгрөг болж 34.0 хувиар, 2019 оны оны 2 дугаар сард 97.7 тэрбум төгрөг болж 80.8 хувиар буурсан байна. Эндээс дүгнэхэд ахмад настан болоод айл өрхүүд 2017 онтой харьцуулахад сүүлийн 2 жилд цагаан сарын баяр тэмдэглэхээр цалин, тэтгэврийн зээл авах нь эрс багасаж байгааг харж болохоор байна. Хэрэглээний үнийн индекс нь инфляцын түвшинг тодорхойлох, төрөөс санхүү, мөнгө зээлийн бодлогыг хэрэгжүүлэх, хүн амын цалин, тэтгэвэр, тэтгэмж бусад орлогын хэмжээг индексжүүлэх тооцооны гол үзүүлэлт болдог. Бидний тэмдэглэж заншсан уламжлалт баяр инфляцын түвшинд хэрхэн нөлөөлж байгааг тооцоолохын тулд хэрэглээний үнийн индексийн сар бүрийн өөрчлөлтийг сонгон авсан юм. Тэр дундаа цагаан сарын баярын салшгүй хэсэг бол идээ, шүүс, зоог байдаг учир хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өөрчлөлтийг нарийвчлан харуулсан болно. 

2. ЦАГААН САР БА ҮЙЛДВЭРЛЭЛ

Монгол улсын хөнгөн үйлдвэрийн салбар сүүлийн жилүүдэд нэлээд хөгжиж байгаа бөгөөд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэр төрлийн тоо нэмэгдсээр байгаа билээ. Цагаан сарын баяр нь дотоодын үйлдвэрлэгчдийн, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд гол борлуулалтын үе гэж хэлж болно. Цагаан сарын баярын тавгийн идээ (хэвийн боов, ааруул, чихэр), баярын гоёлын хувцас (дээл), гарын бэлгийн (оймс) үйлдвэрлэл яг энэ үед хамгийн өндөр байдаг.

Дээрх хүснэгтээс харахад цагаан сарын баярыг угтан (1 болон 2 дугаар саруудад) 2017 онд 399.1 тонн хэвийн боов, 59.8 тонн ааруул, 22.6 тонн чихэр, 4.3 сая литр архи, 473.8 мянган хос оймс, 1113 дээл үйлдвэрлэж байсан бол 2019 онд хэвийн боов 480.1 тонн болж 20.3 хувиар, чихэр 26.6 тонн болж 17.8 хувиар, архи 4.6 сая литр болж 5.3 хувиар, оймс 891.5 мянган хос болж 88.2 хувиар, дээл 18 433 ширхэг болж 16.5 дахин нэмэгджээ. Харин ааруулын үйлдвэрлэл 2019 онд 57.0 тонн болсон нь 2017 оноос 4.6 хувь буурсан байна. Жил бүрийн цагаан сарын дараа буюу 3 дугаар сард дээрх бүтээгдэхүүний үйлдвэрлэл эргэж буурч байгааг харж болохоор байна. (1212.mn) Эндээс монгол дээл, тэрлэгийн үйлдвэрлэл нэлээдгүй анхаарал татаж байгаа ба дээлийн үйлдвэрлэлийг сүүлийн гурван жилийн сар бүрээр задлан харвал “Цагаан сарын баяр” болон “Үндэсний их баяр наадам”-ын үеэр буюу жил бүрийн нэг, хоёр, зургаа, долдугаар саруудад үйлдвэрлэл эрчимждэг нь харагдаж байна.

3. ЦАГААН САРЫН ИДЭЭ, ГАРЫН БЭЛЭГ

Цагаан сар тэмдэглэж буй айл бүр хүрэлцэн ирсэн ах дүү, төрөл садан, зочид, гийчдээ хүндэтгэн идээ ундаа бэлтгэж, ирсэн хүн бүрийн гарыг цайлгаж, өргөн дэлгэр тэмдэглэдэг сайхан уламжлалтай билээ. Цагаан сарын баярт зориулж бор болон цагаан гэсэн хоёр төрлийн идээ бэлтгэдэг бөгөөд бор идээнд бүхэл мах, бууз, банш, шимийн архи зэрэг ордог бол цагаан идээнд бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг зэрэг ордог байна. Бид энэ судалгаанд Үндэсний Статистикийн хорооны хэрэглээний бараа, үйлчилгээний нэр төрөл, зах зээлийн дундаж үнийн сар бүрийн мэдээллийг ашиглан Цагаан сарын баярын идээ болон гарын бэлгийн нийт үнийг тооцоолон доорх зураг, хүснэгтүүдэд харууллаа. Нэг өрхийн бор идээний хэрэглээ 2020 онд дунджаар 499.8 мянган төгрөг болж байгаа бөгөөд үүний 56.0 хувийг хонины ууцны зардал эзлэхээр байна. 

Нэг өрхийн цагаан идээний хэрэглээ 2020 онд дунджаар 299.2 мянган төгрөг байх төлөвтэй байна.

Хүснэгт 2. Нэг өрхийн цагаан идээний дундаж хэрэглээ, бүтээгдэхүүний төрлөөр, тоо хэмжээ, зах зээлийн дундаж үнэ 

Гарын бэлэг дотроо олон янз бөгөөд урьд цагт хамгийн хүндтэй хүндээ ар сайтай торго дурдан, алт, мөнгөн эдлэл, сор сайтай ангийн үс, судар ном сэлтийг есөн цагааны бэлгийн хамт барьдаг байжээ. Хэдийгээр цаг ирэх тусам бэлэг барих ёсон өөрчлөгдөж байгаа ч эртнээс нааш 6 уламжилж ирсэн хадаг, торго, аяга, цай нь нэн хүндэтгэлтэй бэлэг хэвээр байсаар байна. 

Тооцооллоор 2020 оны цагаан сарын баярт зориулж нэг өрхөөс идээний зардалд дунджаар 799.0 мянган төгрөгийн зардал гарах бол үүнээс 499.8 мянган төгрөг буюу 62.6 хувь нь бор идээний, 299.2 мянган төгрөг буюу 37.4 хувь нь цагаан идээний зардалд зориулагдахаар байна. Харин гарын бэлэгт нэг хүнд дунджаар 8.0-27.0 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл бэлэглэнэ гэж үзвэл, нэг хүнд өгөх бэлгийн зардлыг тооцож, нэг өрх дунджаар 60 зочин хүлээн авна гэж үзээд нэг өрх бэлэгт нийтдээ 1050.0 мянган төгрөг зарцуулахаар байна. Сүүлийн жилүүдэд монголчууд үндэсний хувцас дээлээрээ гоёх хандлага нэмэгдсэнээр цагаан сарын үеэр дээлийн үйлдвэрлэл, борлуулалт эрс нэмэгдэх болсон. 2020 оны 1-р сарын байдлаар Нарантуул зах дээр борлуулагдаж байгаа эрэгтэй, эмэгтэй хүний дээлийн үнэ 120.0-250.0 мянган төгрөг байгаа бол хос дээлийн үнэ 250.0-450.0 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин хүүхдийн дээл 75.0-100.0 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Монгол Улсын нэг өрх дунджаар 3.7 гишүүнтэй байдаг ба нэг өрхийн баярын гоёлдоо зарцуулах зардлыг ам бүлийн тоотой уялдуулан тооцвол нэг өрх дунджаар 377.5 мянган төгрөг зарцуулахаар байна. Дээрх гурван төрлийн зардлын нийлбэрээр буюу идээ, гарын бэлэг, баярын гоёлын нийлбэр дүнгээр нэг өрх 2020 оны цагаан сарын баярт дунджаар 2.2 сая төгрөгийн зардал гаргахаар байна. 

4. ӨРХИЙН ЗАРЛАГА

Үндэсний статистикийн хорооны “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа (ӨНЭЗС)” – гаар цагаан сарын баярын үед өрхийн сарын дундаж зарлагад дараах өөрчлөлтүүд гарч байна. Үүнд: 

  • Нэг өрхөөс цагаан сарын баяр тэмдэглэхэд гардаг дундаж зардал 2018 онд 814.2 мянган төгрөг болсон нь өмнөх оноос 71.7 мянга буюу 9.7 хувиар нэмэгдсэн байна
  • 2018 онд инфляцын түвшин 8.1 хувь байсан ба өрхийн зардлаас үнийн нөлөөллийг арилган тооцвол өрхийн бодит зардал 2017 оноос 1.4 хувиар нэмэгдсэн байна.

Нэг өрхөөс цагаан сарын баяр тэмдэглэхэд гардаг дундаж зардлыг өрхийн тэргүүний насны бүлгээр авч үзвэл: o 30 хүртэлх насны өрхийн тэргүүнтэй өрхийн зардал 494.6 мянган төгрөг, o 30-39 насны өрхийн тэргүүнтэй өрхийн зардал 644.9 мянган төгрөг, o 40-49 насны өрхийн тэргүүнтэй өрхийн зардал 757.2 мянган төгрөг, o 50-59 насны өрхийн тэргүүнтэй өрхийн зардал 915.5 мянган төгрөг, o 60-аас дээш насны өрхийн тэргүүнтэй өрхийн зардал 1189.0 мянган төгрөг байна. 2018 онд 30 хүртэлх насны өрхийн тэргүүлэгчтэй өрхийн зардал өмнөх оноос 30.6 мянган төгрөгөөр (6.6%), 30-39 насны өрхийн тэргүүлэгчтэй өрхийн зардал 53.0 мянган төгрөгөөр (9.0%), 40-49 насны өрхийн тэргүүлэгчтэй өрхийн зардал 77.0 мянган төгрөгөөр (11.3%), 50-59 насны өрхийн тэргүүлэгчтэй өрхийн зардал 58.9 мянган төгрөгөөр (6.9%), 60-аас дээш насны өрхийн тэргүүлэгчтэй өрхийн зардал 94.7 мянган төгрөгөөр (8.7%) тус тус өсчээ.

Нэг өрхийн зарцуулж буй хүнсний зардал нь 2 дугаар сард бусад саруудаасаа өсдөг хүнсний бүтээгдэхүүнийг харахад айраг, вандуй, майонез, өргөст хэмх, архи, хөлдөөсөн бууз баншний хэрэглээ хамгийн өндөр буюу 2-4.3 дахин нэмэгддэг байна.

Цагаан сарын баярыг:

  • Нэгдүгээр өрхүүдийн 25.0 хувь
  • Хоёрдугаар өрхүүдийн 45.0 хувь
  • Гуравдугаар өрхүүдийн 65.0 хувь
  • Дөрөвдүгээр өрхүүдийн 85.0 хувь
  • Тавдугаар өрхүүдийн 95.0 хувь нь тэмдэглэдэг гэж таамаглавал нийт өрхийн 64.0 хувь нь 2020 онд цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвтэй байна.

 

Энэ жилийн цагаан сарын баяраар нэг айл дунджаар 2.2 сая төгрөг зарцуулна
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.