| | USD/MNT 0₮

Сэтгүүлч Б.Анхбаярт эрүүгийн цагдаагийн газраас ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА явуулсан уу

      Төр энгийн иргэдийн хэлэх үгийг боогдуулж, өчиггүй торны цаана суулгах амархан болжээ. Цаашлаад нийгэмд энгийн ард, цагаан захтан хоёрыг алагчлах болж, нийгмийн дээд доод давхаргыг хол зөрүүтэй бий болгож байгаа нь эмгэнэл. Үүний нэгэн жишээ нь саяхан нийгэмд шуугиан дэгдээсэн сэтгүүлч Б.Анхбаяр болон 10 тэрбумын хэрэгт холбогдсон С.Батдөл нарын хэрэг юм. Тэдний тухай харьцуулж бичвэл өнөөгийн шүүх, цагдаагийн үнэн төрх, төрд бугалсан авилгал албан тушаалын явдал хаа хүрснийг ойлгож болох бизээ. Өөрөөр хэлбэл нийгмийн үнэнийг илчилсэн нэгнийг шуурхай ажиллагаа явуулан нэг сар саатуулж, их хэмжээний мөнгө иргэдээс хулгайлсныг нь суллаад явуулчихдаг болсон. Төр болон түүний гүйцэтгэх байгууллагууд энэ үйлдлээрээ ард иргэдээ гутааж, тэдний тухай шүүмж хүргэх ч эрхгүй болгож орхижээ.

Сэтгүүлч Б.Анхбаярт эрүүгийн цагдаагийн газраас гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх хардлага

         2023 оны нэгдүгээр сарын 31-нд Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг хойшлуулшгүйгээр баривчилж, хоёр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татав. Түүнийг Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг саун массажны газруудад ажилладдаг нэр бүхий  охид, бүсгүйчүүдийн бичлэг, зургийг авч “олон нийтэд тараана” гэж удаа дараагийн үйлдлээр сүрдүүлсэн гэх үндэслэлээр нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан. Харин тус үйл явц нэг хоногийн дотор болоод өнгөрсөн нь тун хачин. Тэрбээр хэд хэдэн удаа төрийн илчлэхийг хүсээгүй иргэдийн үнэн бодит байдлыг дэлгэн тавьсан. Энэ хугацаандаа эрүүгийн цагдаагийн албанынхныг ч шүүмжлээд амжсан. Магадгүй энэ нь тэдний дургүйцллийг төрүүлж, яаралтай цагдан хорих шалтгаан ч байсан гэх. Харин дээрх хоригдсон үндэслэл буюу саун, массажны газарт ажилладаг охидын дүрс бичлэгийг сэтгүүлч Б.Анхбаяр аль хэдийнээ нийгэмд дэлгээд удаж байсан. Гэтэл хэдийн нийгэмд ил болсон дүрс бичлэгийг удаан хугацааны дараа гэнэт хэрэг нээн шалгах болсон нь ямар нэг шалтгаантай байж. Хохирогч охид удаан хугацааны дараа эрүүгийн цагдаагийн газарт гомдол гаргах шалтгаан байсан нь тэднийг хэн нэгэн тэвдсэндээ уриалан, өдөөсөн байж болох. Ингэж  түүнийг охид бүсгүйчүүдийг сүрдүүлсэн гэх шалтгаанаар нэг хоногийн дотор Монгол Улсын эрүүгийн хэргийн 17.6.1-т  зааснаар бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэгт холбогдуулан цагдан хорих шийдвэр гаргасан нь ямар нэг агуулгатай болж таарав. Гэвч тус эрүүгийн хэргийн заалт нь цагдан хорих хангалттай үндэслэл мөн эсэх нь эргэлзээтэй. Урьд нь энэ заалтын дагуу шүүхээс хоригдох шийдвэр авч байсан хүн ч ховор. Харин нөгөө талаар Б.Анхбаяр сэтгүүлчийг хувь хүнийх нь талаас эрүүгийн хэрэгт холбогдуулж байгаа ч сэтгүүлчийн хэвлэх нийтлэх эрх чөлөө болон албан байгууллагын нэр хүндэд ноцтой халдсан үйлдэл болж байгаа юм. Цаашилбал, ганц сэтгүүлчийн эрх ашиг бус нийт хэвлэл мэдээллийн байгууллагынхныг төр дураараа хясан боогдуулж, эрх чөлөөнд халдаж байгаа үйлдэл гэж хардаж байна.

10 тэрбум төгрөгийн хулгай хийсэн С.Батдөл болон сэтгүүлчдийн эрх

        УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг 10 тэрбум төгрөгийн хэргийн төлөө нэг сар цагдан хорьсон. Гэвч түүнийг баривчлан саатуулах ажиллагаа жирийн сэтгүүлчтэй харьцуулбал дэндүү удаан болж өндөрлөсөн юм. Төр иргэддээ хандах хандлага ийм. Цаашилбал, С.Батдөлийг үргэлжлүүлэн хорих шүүх хурал хоёр хоног өнжиж, нэлээд цаг хугацаа боломжийг бий болгосны дараа болж өнгөрсөн. Харин С.Батдөл “хоёр тэрбум төгрөг нь минийх, бусад нь өөр хүнийх” гэж нийтэд нэрсийг заралчихаад байхад одоог хүртэл баривчлан саатуулах ажиллагааг эрүүгийн цагдаагийн газраас явуулаагүй л байна. Гэтэл Б.Анхбаяр сэтгүүлчийг нэг хоногийн дотор баривчлан, шуурхай саатуулсан нь цагдаа нарыг тэвдүүлэх шалтгаантай байсан гэх. Цаашлаад хууль жирийн иргэдийг амар дээрэлхэж, авилгал албан тушаалын хэрэгтэнд амар өршөөл үзүүлэх хэрэгсэл болох шиг. Үүний ард цагаан захтнууд хийсэн хэргийнхээ төлөө энэ мэт иргэдээс давуу эрх эдэлсээр байх уу.

Улстөрчидтэй холбоотой асуудал дэлгэсэн сэтгүүлч бүрийг хорьсоор байх уу

              Нийт сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, нийгэмд үнэн бодитой мэдээллийг түгээх эрхэд төр хамгийн ноцтойгоор халдсаар л байна. Төртэй холбоотой асуудал маргааныг дэлгэсэн сэтгүүлч бүрийн амыг таглах арга зам хайж, хэрэг тулгах, олон сараар цагдан хорих зэрэг бусармаг үйлдлийг төр удаа дараа харуулсаар. Үүнийг дээрх жишээнээс хангалттай нотолж болохоор байгаа юм.

 

Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.