| | USD/MNT 0₮

ЛАМ НАР БОЛ “БЭЛЭН КОЙНЧИД”

Төвөдөд бурхны шашин нь Гармава, Сажава, Гаадамба, Нинмаава гэх урсгалуудыг үүсгэн хөгжүүлсэн билээ. ХIV зууны сүүлээс эхлэн Гэлүгва буюу шар малгайтны урсгал, Нинмаава буюу улаан малгайтны урсгал салж тус тусын нөлөөг дэлгэрүүлэхээр өрсөлдсөнөөс Төвөдөд шарын шашин маш хурдан дэлгэрчээ. Улмаар XV зуунд бурханы шашны шинэчлэл хийж шар малгайтны буюу шарын шашныг үндсэлсэн сэтгэгч бол төвөд лам Зонхов Лувсандагва (1357-1419) юм. Тэрээр Төвөд оронд бурханы шашныг нийгэм, эдийн засгийн байдалд нь зохицуулан хөгжүүлжээ. Зонхов Төвөдийн өмнөд нутгийн нэгэн агуйд шар малгай өмсөн удтал даяанчлан суусан тул түүний үүсгэн бий болгосон шашны урсгалыг шар малгайтан гэх болжээ.

Монголд шарын шашныг хөгжүүлэх үндсийг Түмэдийн Алтан хан (1507-1582) тавьсан бөгөөд тэрбээр 1576 онд Төвөдийн шашны тэргүүн Содномжамц (1543- 1588)-ыг хүндэтгэн залж, Монголд ирүүлээд өөрөө тэргүүлэн Ордосын бусад ноёдыг дагуулан шарын шашинд орж, Содномжамц хутагтыг бүх шарын шашны толгойлогч гэж өргөмжилж, “Далай лам” гэдэг цолыг түүнд өргөжээ. Үүний хариуд Содномжамц Алтан ханд Хубилай хааны бүх цолыг зүүхийг зөвшөөрчээ.

Түүний дараа Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар гол төлөөлөгч болон тодорч, лам нарын номт хувцас, уншлага, хурал номын дэг ёс, ая эгшиг бүхнийг Монгол орны эрс тэс цаг уур, газар зүйн байршил, монгол хүний зан заншил, ахуй нөхцлийн онцлогтой уялдуулан “монголын” гэх өвөрмөц хэв шинжтэй бурханы шашныг үндэслэн хөгжүүлсэн байна.

Манай улсын ихэнх сүм, хийдийг 1937-1939 онд устган, зарим сүм, хийдүүд музей маягаар нээлттэй үлдсэн ба 1946 онд төрөөс Гандантэгчэнлин хийдийг Улаанбаатар хотод үзмэр маягаар үлдээж, улсаас зөвшөөрөгдсөн хэдэн гэрлэсэн ламтайгаар нээж байв. Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагад элсэн орох хүсэлтээ гаргахын тулд НҮБ-ийн гишүүн орнуудад тавигддаг шаардлагын нэг болох шашин шүтэх эрх чөлөөтэй холбоотойасуудлаар 1946 онд Гандантэгчэнлин хийдийг нээсэн түүхтэй. Монголын бурхан шашны төв хийд нь 1960 оны эхээр хөдөө орон нутгийн хийдүүд бүгд Гандантэгчэнлин хийдэд нийлснээр Монголын бурханы шашны төв хийд болсон бөгөөд 1992 оны Монголын бүх лам нарын анхдугаар чуулганаар дахин баталгаажуулсан юм.

“Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэх” зарчимд тулгуурласан шашны байгууллагууд төрийн хуульчилсан бодлогогүйн улмаас хэтэрхий олширч 1990 оноос хойш шашны эрх чөлөө нэрийн дор ямба эрх мэдлийн туйлд хүрэв. Монголчууд өөрсдийнхөө дээдцүүлийг дурсан өгүүлэхдээ:

-Манайх нэртэй дээд ламын удам, тэр хийдийн хамбын үр хойчис хэмээн бахархан сайрхдаг. Эндээс л асуулт урган гарч ирдэг юм. Гэгээрэл сэхээрлийн төлөө энэ насны үйлээ бурханы номонд зориулсан дээд лам хүн винайн /лам, хуврагуудын сахил санваар, сахилга ёс/ёсоо өргөн шарваартайгаа тайлан удам залгаж явсныг нь шашны үүднээс нүгэл хэмээх нь. Олны өмнө сүсэгтэн олондоо ном айлдвараа буран шөнөөр эр хар хүнд хувирах ажээ.

БИЧГИЙН ИХ МЭРГЭН Б.РЕНЧИН:

-МААРАМБА, ЛХАРАМБА БУС

ХУУРАМБААНУУД ДЭНДҮҮ ОЛШИРЧ БАЙНА

ХЭМЭЭСЭН УДААТАЙ.

Орчин цагт лам нар бүхий л зан үйлд хоймор суух болсон нь нүднээ ил. Монголын ёс заншлын “амьд нэвтэрхий толь” болсон тэднээс асууж сурах зүйл их. Ямар л нэг зүйл тохиолдоно “Сэрэлт”-ийн Бумаа шиг хадаг барин лам руу харайлгана. Монголын ёс заншил аман сургаар явсаар байгаа нь харамсалтай. Уул овоо тахихад хүртэл лам залах болжээ. Хуучны Монголчууд овоо тахилгын зан үйлд лам залдаггүй байсан түүхтэй. Яагаад гэсэн асуулт үүнээс урган гарна.

-Лам хүн зун өмдгүй явдаг гэх буюу тахилгатай хайрханд эм хүн гардаггүйтэй зүйрлүүлэн ойлгож болох.

Удахгүй Монголын их төрт ёсны Цагаан сарын баяр болно. Шинийн 15 хүртэл Монгол хүн болгон ламд очиж жилийн засал, сайн сайхнаа даатгахаар ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж гэгчээр очицгооно. Дахиад л асуулт урган гарна. Ламд өргөл барьц өргөн даатгал одуулсан сүсэгтнүүүдийн амьдрал сайхан болж жаргал цэнгэлийн зах зухтай залгав уу? гэж. Гэтэл нийгмийн болон айл өрхийн амьдрал улам доройтон лам нарын гүзээ томорч, мөнгөн орлогын үүд хэзээ ч хаагдахааргүй нээгдсэн байх юм.

Сүсэгтэн олны итгэл үнэмшил, шашин шүтэх эрхэнд нь халдах гэсэнгүй. Гэхдээ сүсэгтэн олныг, лам нартай жингийн дэнсэнд зогсооход лам нар газраас хөндийрөхгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.

Орчин цагийн Монголын хамгийн том хийд нь Гандантэгчэнлин хийд бөгөөд Заяын гэгээний хийд, Эрдэнэ зуу гэх мэт томоохон хийдүүд бий. Монгол оронд 1936 онд 457, 1937 онд 533 сүм хийдтэй байсан бол, 1946-1950 онд 1 хийдтэй болж байсан түүх бий.

Сүүлийн жилүүдийн цар тахлын үеэр лам нар цахимаар ном хурдаг болсон. Хийд орныхоо дансыг тавиад уншлага дангаар олон нийтэд цацаж эхлэв. Бас л асуулт? Төвөд номын магтаалын ерөөлийг сонсон тэгш жаргалангийн зах зух үзнэ гэж байх уу?

Хүн бүр өөрөө бурхан басхүү өөрөө чөтгөр. Аль нь болохоо өөрөө л шийдэх билээ. Энэ олон асуултуудыг бий болгосон лам нар чинь ямар асуудалтай хүмүүс вэ гэж Та гайхаж магадгүй. Тэргүүн хамба нар эрх мэдэл, мөнгө санхүүгийн талаар нийтийн өмнө шогшролдон маргалдаж, хүчин үйлдсэн тухай ч яриа дэлгээд авсан. Хувраг банди нар архи ууж хоорондын түр тархийн нэгнийгээ эвсэж зодоод алчихсан гээд цааш үргэлжилнэ. Итгэл одуулсан хүмүүс нь өөрсдөө жинхэнэ асуудалтай хүмүүс байсан байгаа нь инээдтэй.

ЗУД БОЛОХОД НОХОЙ ЗООЛДОГ

ЗОВЛОН ИХСЭХЭД ЛАМ ТАРГАЛДАГ ГЭЖ

ӨВӨГ ДЭЭДСҮҮД МИНЬ ОНЧ ҮГЭЭ АЙЛДСАНЫГ

МОНГОЛЧУУД МИНЬ УХААРАХ Л ХЭРЭГТЭЙ.

Христийн пасторууд ч ёс бус хэрэг үйлдсэн түүхүүдийг бид бэлхэн мэднэ. Исламын шашны номлогч мударристууд ч том гүрний өөдөөс аргагүй буу шагайхыг харж болно. Хүний итгэл үнэмшлээр тоглон өөрсдийн бах тавыг ханган, бийлэгжиж, дур зоргоороо аашилж буй бурханы элч нарт ич гэж хэлэхэд ч болмоор. Лам нар улс төрийн томчуудын багш болж, сонгуулийн сурталчилгааны хэсэгт үзэгдэж “мана” пиарын гол дүр эсгэн байдаг нь хэтэрхий үнэмшилтэй. Сүсэгтэн олон, нийгмийн масс “харанхуй байна.” Тиймээс бид бөөнөөрөө олсон орлогоосоо өргөж цөөнх лам давхаргыг хөрөнгөжүүлэхээр хөдөлмөрлөцгөөж байгаагаа анхаармаар.

Татвараас гадуур хөлжсөн лам давхарга орчин цагийн койнчдыг ёстой бут цохино. Тэд итгэл үнэмшлийн үйлчилгээ үзүүлж мөнгөө босгодог “бэлэн койнчид”. Мөнгөний урсгал тасарна, татарна гэж ёстой байхгүй. Энэ үйлчилгээнд итгэл үнэмшил л явж байгаа. Хувь хүн болон амьдрал ахуй нь дээшлэх үгүй нь ламд огтхон хамаагүй. Гэхдээ сүсэгтэн итгэх л ёстой. Энэ итгэлийн бат илэрхийлэл мөнгө, өргөл барьц татвараас хөндий, НУУЦ. Ламын халаасыг ухдаг хулгайч ч байхгүй. Хулгайчид ч бас лам хүндэтгэх ухаан, сүсэг одуулах уураг тархи бий.

Оршуулгын зан үйл болон одогсдын явдалд лам залахад нэгээхэн ч үгүй гэхгүй. Ойлгоно. Харин үлдсэн бидний амьдрал хэр өөрчлөгдөж дээшилсэн тухай бурханы шажинтан бүр, сүжигтэн та олон өөрөөсөө асуугаад үзээрэй. Дээд лам нарын дүрээр тодорсон хувилгаан банди нар архидан согтуурч, хүүхэн шуухантай Дон Жуандаж, мөрийтэй тоглож, дур зоргын туйлд хүрч байна. Лам хүн номын үйлд энэхэн хувь насаа өргөхгүй л бол сүсэгтэн олны итгэлээр даажигнахгүй байвал буян үйлдэхтэй ижил юм даа. 21 дүгээр зуун. Бид арай өөрөөр ертөнцийг харахгүй бол болохгүй нь шүү...

Олбогтой хувилгаан лам нараа дээдэлсэн Монгол сүсэгтнүүдээ гандан ороод тарифтай үйлчлүүснийхээ төлөө та тайван жаргалтай амьдрах байх гэж найдна. Ламын амьдрал дэнжигнэхэд лам өөртөө засал хийдэг үү? өөр ламаар засал хийлгэдэг үү? ЛАМ нараа...???

Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.