| | USD/MNT 0₮

Хавдрын эрт илрүүлэгийн тогтолцооны талаар 20 жил ярилаа, юу ч ӨӨРЧЛӨГДСӨНГҮЙ

-Гэвч Монгол Улс элэгний хорт хавдар, нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна-

Хорт хавдар гэж сонсохоор бичихээр харахаар уншигч та бүхэнд юу бодогдох бол. Өнөөдөр Дэлхийн хорт хавдрын эсрэг өдөр тохиож байна. Энэ өдрийг “Тэгш боломж үл ялгаварал дуу хоолойгоо нэгтгэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. ХСҮТ-өөс гаргасан судалгаа тоо баримт жилээс жилд өссөн үү гэхээс буурсан үзүүлэлт алга. ДЭМБ-д бүртгэлтэй 183 орноос Манай улс дэлхийд элэгний хорт хавдраараа тэргүүлж байна. Араас нь ходоод уушги улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдар удаалж байна. Өнгөрсөн жил 6800 гаруй хүн оношлогдогоос 4600 гаруй нь хожуу шатандаа орсны улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Өдөрт 15-20 хүн хавдраар нас барж байна. Нас барж байгаа иргэдийн олонхи  буюу 85 хувь +45 аас дээш насныхан буюу ид хийж бүтээх насны үнэт капиталуудаа Монгол Улс хавдраар үүрд алдаж байна. Нас барж байгаа таван хүн тутмын нэг нь хорт хавдраар нас барж байна гэсэн үг. Хамгийн харамсалтай нь хавдраар өвдсөн хүмүүсийн 60 гаруй хувь нь нэг жил хүрэхгүй Жил бүр энэ тоо өснө. Энэ бол эмгэнэлтэй тоо баримт. Цаашид Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ч хүрч мэдэх нь.

Нөгөө талаар монголчуудын хэнэггүй байдлаас болж өвчилж байгаа иргэдийн 70 хувь нь өвчнөө хүндрүүлж, хожуу шатандаа орж оношлогдсон байдаг аж. Одоо бүр шодойн хорт хавдар ч бүртгэгдэж, эрчүүд нь бэлэг эрхтнээ тайруулж байна.

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүгийн өгсөн мэдээлэл нэлээд анхаарал татав. Тэрбээр “Манайх нас баралтын шалтгаанаар ч дэлхийд тэргүүлж байна. Элэг ходоод уушги гэсэн өвчнүүд орж байна. Энэ хавдрууд яагаад ихсээд байна вэ гэвэл бид бүхэн өнөөдөртэй шууд холбож ярьж болохгүй. Олон жилийн үр дагавартай холбож ярина. Монгол Улс хорт хавдрын эрт илрүүлгийн тогтолцооны талаар сүүлийн 20 жил ярилаа. Юу ч өөрчлөгдсөнгүй. Энэ эрчээрээ явбал хавдрын өнөөгийн өвчлөл, нас баралт 2040 он гэхэд 96 хувиар нэмэгдэх тооцоолол гарсан. Харамсалтай нь бид нар хавдрын хяналт эрт илрүүлгийн тогтолцоо Монголд байхгүй байна. Олон жил бид нар хоосон ярилаа. Ялангуяа хавдрын эрт илрүүлгийн тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй. Яагаад гэвэл зарим хавдар эрт илрүүлгээр урьдчилан сэргийлэх боломжтой хавдрууд байдаг. Тэр хавдруудаа бид байхгүй болгох боломжтой. Жишээлбэл умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлж эмчлэх бүрэн боломжтой ” гэлээ.

Үе үеийн Эрүүл мэндийн сайдууд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө юу хийсэн бэ?

Цөөрч болохгүй цөөхөн Монголчууд маань хорт хавдар гэх аймшигт өвчнөөс болж дуусаж мэдэх цаг хаяанд иржээ. Дээрийн 2040 он бол хаяанд сонсогдож байна. Дахин хэлэхэд сүүлийн 17 жилийн байдлаар хавдраар өвчилсөн иргэдийн тоо өссөнөөс буураагүй. Манай улсын тогтолцоо нь буруу, эрүүл мэндийн салбар нь уруу гэдгийг тод харуулж байна.

Н.Эрдэнэхүү даргын хэлснээр хавдрын эрт илрүүлгийн тогтолцооны талаар 20 жил ярилаа, юу ч өөрчлөгдсөнгүй гэх. Тогтолцоог нь өөрчлөх эрх хэнд байв. Яагаад өөрчилж болдоггүй юм бэ гэсэн асуулт урган гарч ирж байна. Хавдрын өвчлөл өсч байгаа шалтгаан нөхцлийг эрүүл мэндийн салбарыг удирдаж байгаа үе үеийн сайд нартай холбож тайлбарлахад буруудах зүйл байхгүй. 2000 оноос хойш салбар удирдсан сайд нар хэн байв гэдэг нь анхаарал татаж байна. Тухайлбал, С.Ламбаа, Л.Гүндалай, Н.Хүрэлбаатар, Н.Удвал, А.Цогцэцэг, Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан, С.Энхболд нар удирдаж байсан бөгөөд одоо мэргэжлийн бус сайд болох С.Чинзориг удирдаж байна. Дээрх сайдууд өнгөрсөн жилүүдэд юу хийж, юу өөрчлөв. Хавдартай яаж тэмцсэн бэ. Олон жил шийдвэр гаргагчид мэргэн санаа уралдуулж ярьсан байдаг. Гэтэл үйлдэл эрчтэй хурдтай үр дүнтэй болж чадахгүй өдийг хүрчээ.

Манай улс Зөвлөлт холбоот улсын 1980-аад онд барьж өгсөн хавдрын ганцхан том эмнэлэгтэй. Өөр эмнэлэг байхгүй. Нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж байхгүй дутагдалтай, байгаа нь хуучирсан, одоо цаг үед ашиглах боломжгүй. Өөрөөр хэлбэл, стандарт бус эмнэлэгтэйгээс болж иргэдийн эмнэлгээс авах үйлчилгээ хязгаарлагдмал. Ийм нөхцөл байдлыг эрүүл мэндийн салбарын үе үеийн сайд нар харж мэдэж байсан.

Эрүүл мэндийн сайд нь эрх баригч шийдвэр гаргагчид нь том том бодлого яриад байдаг ч ажил болгож хийдэггүй, хэрэгжүүлдэггүй. Ядаж Эрүүл мэндийн салбартаа мэргэжлийн бус томилгоо хийж болдоггүй улстөр үү. Угтаа бол эрүүл мэндийн салбар, эдийн засгийн салбарт улс төр огт орж болохгүй. Гэтэл үе үеийн сайд нарыг харахад зарим мэргэжлийн бус намын даалгавараар томилогдсон байдаг. Эрүүл мэндийн сайдын чиг үүрэг бодлого тодорхойлох, шийдвэр гаргах. Тэгвэл сайдууд яагаад зоригтой алхам шийдвэр гаргаж, Хавдрын шинэ эмнэлэг, эрт илрүүлгийн төв барьж, тоног төхөөрөмжийг нь зоригтой шинэчлээд өгчихөж болоогүй юм бэ. Гэтэл өнгөн дээрээ улс төрчид нь том том бодлого шийдвэр, нүүрсний хулгай, төмөр замын хулгай гэж яриад байдаг. Угтаа бол эрүүл мэндийнх нь салбар элгээрээ хэвтчихсэн, ХСҮТ нь хар зах шиг бужигнаж байгаа эмгэнэлтэй дүр төрх өдөр бүр харагдана. Үнэт капитал болох ард иргэдийнхээ эрүүл мэндийг нь анхаарч анзаарах жаахан ч гэсэн сэтгэл зүрх байна уу.

Өнөөдөр хавдрын туяа эмчилгээ хийхээс, цөмийн эмчилгээ хийх ямар ч боломжгүй аж. Хэрвээ цөмийн эмчилгээ нэвтрүүлбэл хүндэрсэн өвчтнүүдийн амьдрах хугацаа ч богино хугацаагаар хойшилно гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байна. Хожуу оношлогдсон өвчтөнд 20 хоногийн хугацаа ч үнэтэй санагддаг гэх. Цөмийн эмчилгээг нэвтрүүллээ гэхэд хэт өндөр үнэтэй. Тодруулбал, эмч эмнэлгийн ажилтнуудын хэдэн жилийн төсвөөс давсан өртөгтэй. Тэгэхээр Засаг төрийн, салбар яамны дэмжлэг шаардлагатай болж таарна.

Хавдрын эмч удирдлагууд нь эмнэлгийн нөхцөл байдлаа шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгтэй зүйлсээ салбарын сайддаа арайхийж ойлгуулаад, Засгийн газрын хуралдаанаар асуудлаа шийдүүлэх гэхээр дараагийн сайд нь улстөрийн томилгоогоор солигдож ирдэг. Тэгээд учраа олдоггүй, ойлгодоггүй. Одоогийн сайд С.Чинзоригт эргэлзэж байгаа хэдий ч ХСҮТ-ийн тоног төхөөрөмжийг нэн даруй сайжруулж өөрчилж өгөхийг эмнэлгийн эмч ажилтнууд анхааруулав. Тухайлбал, лобби хийх ажил нь үнэхээр хүнд байдаг аж. Эмч нарт зорьсон зүйлүүд олон байгаа хэдий ч дэмжлэг, хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Зоригтой сэтгэлтэй бодлого хэрэгжүүлэхэд засаг төр нь салбарын яам нь жаахан дэмжээд өгчихвөл.

Хавдрын эсрэг төрөөс баримталдаг ямар бодлого байдаг вэ?

Монгол Улс хавдрын чиглэлээр төрөөс баримтлах бодлогоо боловсруулъя. Энэ үйл ажиллагааны төлөвлөгөөндөө оруулсан байгаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд үүнийг хийе гэсэн Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан боловч ямар нэгэн ахиц гаралгүй өдийг хүрчээ. Хавдрын тусламж үйлчилгээ өндөр чанартай байх ёстой. Тусламж үйлчилгээг сайжруулахад эрт илрүүлгийг маш сайн хийх хэрэгтэй. Нэг удаагийн улстөрийн эрт илрүүлэг биш жил болгон хөдөө орон нутагт, Нийслэлийн хүн амаа эрт илрүүлэгт оруулдаг байвал. Энэ асуудлаар ХСҮТ-т 20 жил ярьж, арайхийж нэг сайдад нь нэг мэргэжилтэнд нь ойлгуулаад явах гэтэл дараагийн сайд нь гараад ирдэг. Тогтворгүй байдлаас болж асуудлыг ойлгож тоодоггүй. Гэхдээ Монгол Улсад хатуу хяналттай эрт илрүүлгийн тогтолцоо бүрдэх боломжтой гэнэ. Жишээлбэл, хэдэн тэрбум хүн амтай улс биш. Гуравхан сая иргэнийг иж бүрэн эрт илрүүлэгт оруулах боломж бий.

-Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх төв байгуулах тендерийн ажил хаана гацав-

ХСҮТ-ээс Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх төвөө байгуулъя гээд Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн дэмжлэгтэйгээр мөнгө нь орж ирээд Сангийн яамаар дамжуулан ЭМЯ-нд хүлээлгэн өгөөд тендер явуулж өгөөч гэж гуйгаад 3 жил болжээ. Хоёр жил болоход тендер зарлагдаж ажил хийгдээгүй учраас Засгийн газар мөнгө буцаагаад татаад авчихсан. Харин эмнэлгийн эмч ажилтнууд удирдлагууд араас нь хөөцөлдөж байгаад өнгөрсөн оны 4 сард мөнгөө буцааж олж авчээ. Гэтэл нэг жил дахиад өнгөрлөө, тендерээ зарлаагүй л байна. Дахиад нэг жил өнгөрвөл манай улс мөнгөө ч алдана, Эрт илрүүлэгийн төв ч үлгэр болж төгсөнө. Энэ үйлдлээс харахад эс үйлдэх байдал харагдаад байна. Ямар ч гэм хоргүй юм хийхгүй чимээгүй байх ч цаана нь ард түмний амь, эрүүл мэнд хохирсоор. Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн хөгжил ч тодорхой хугацаагаар хойшилсоор байна.

“Хавдар-2” төсөл гараад дөрвөн жил болжээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орчихсон. Хийнэ хэрэгжүүлнэ гээд 2020 онд амлаад их хуралд гарсан гишүүд ч бий. Одоогоор газрыг нь авсан, зургийг нь зуруулаад дуусч байна. Удахгүй 2024 он буюу сонгуулийн жил эхэллээ. Энэ онд ядаж суурийг нь тавьчих юмсан гэсэн хүсэлт хүлээлттэй эмч нар байна. Өнөөдрийн ХСҮТ-ийн эмнэлэг орчин үед нийцэхгүй, стандарт бус болчихон. Имрай, сити аппарат байхгүй. Аль 1980-аад онд баригдсан энэ эмнэлэгт агааржуулалт байхгүй, эрчимт мэс заслын тасагтаа агааржуулалт л байдаг гэх. Нэг таатай мэдээ дуулгахад, ХСҮТ-ийн хувьд гэхэд гарах хүндрэлийг багасгаж чадсан амжилттай.

-Иргэдийг эрүүл мэндийн боловсролтой болгоход тодорхой систем хэрэгтэй-

Иргэд нь эрүүл мэндийн боловсрол байхгүй, хэнэггүй хүндрүүлж хожуу шатандаа орсон байдалтай аврал эрээд эмнэлэг барааддаг ч эцэстээ амиа алддаг. Иргэд эрүүл мэндийн боловсролтой мэдлэгтэй болоход тодорхой систем хэрэгтэй. Хар багаас нь буюу цэцэрлэгээс нь эхлээд эрүүл мэндийн боловсрол олгох, 10 жилийн хичээлд нь заах, нийгмийн эрүүл мэндээр зөв бурууг нь ялгаж мэдээлэл хүргэх маш чухал. Манай Монголчууд азтай, эх оронтой сайхан гэж цээжээ дэлдээд л байдаг, үнэндээ азгүй улс юм байна. Өвдөж үхэх нь амархан. Тиймээс хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд бид бүхэн урьдчилан сэргийлэх үзлэгт цаг тухайдаа орж байх шаардлагатай. Амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагатай. Байгаль орчин, хоол хүнс, аюулгүй байдлын асуудлаа шийдэх хэрэгтэй. Өнөөдөр дуу хоолойгоо нэгтгэе, үйлдэл хийе. Олон жил үр дүнгүй бүтээлгүй ярилаа. Одоо үйлдлээрээ үлгэрлэж харуулах цаг болжээ. Дахин бичихэд, Хавдрын эсрэг ямар нэгэн бодлого төлөвлөж ажил хийхгүй бол 2040 он гэхэд өвчлөл нас баралт 96 хувиар нэмэгдэнэ.

 

 

Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.