| | USD/MNT 0₮
Маргааш Дэлхийн хорт хавдартай тэмцэх өдөр тохионо. Монгол Улсын хувьд хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд хоёрт ордог байна. Харин элэгний хорт хавдраараа дэлхийд тэргүүлж байна. Араас нь ходоодны хорт хавдар, улаан хоолой, умайн хүзүүний гэх мэт хорт хавдар удаалж байна. Харин нэг жилд Монгол Улс 4600 гаруй иргэнээ хавдраар алддаг бол олонхи нь +45 аас дээш насныхан буюу ид хийж бүтээх насны үнэт капиталууд ажээ. Ингээд элэгний хорт хавдрын шалтгаан нөхцлийн талаар Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс нойр булчирхайн тасгийн эрхлэгч, мэс заслын эмч Г.Үнэнбаттай ярилцлаа.
-Манай улс элэгний хорт хавдраараа дэлхийд тэргүүлдэг юм байна. Иргэд элэгний хавдраар өвчлөх шалтгаан юу байна вэ?
-Элэгний хорт хавдар дэлхийн улс болгонд байгаа. ДЭМБ-аас гаргасан судалгаараа Ази Номхон далай Европ, Африк гэсэн дөрвөн тивд өөр өөр шалтгаантай байгаа. Бид бол Ази Номхон далайн бүсийн орондоо харьяалагдаж байгаа бөгөөд Хятад, Солонгос, Япон гэсэн улсуудтай адилхан шалтгаанаар элэгний хорт хавдар үүсгэгдэж байгаа. Хавдрын тэргүүн шалтгаан бол элэгний В, С дельта вирус. Азид тархалт өндөртэй. Тэрнээс болж элэг гэмтэж элгэнд циррозын өөрчлөлт орж, энэ нь хүндрэхээр элэгний хорт хавдар болж байна. Манайд элэгний хорт хавдрыг элэгний вирус дангаараа үүсгээд байгаа юм биш хоёрдугаарт архины шалтгаант, архи болон химийн бодисуудын хүнд үзүүлж байгаа нөлөө нь элгийг гэмтээж байна. Гэхдээ дан ганц архи биш хүнд металуудтай холбоотой химийн бодисууд шатахуун, архинаас гадна янз бүрийн хортой шингэн зүйлсээр биеэ хордуулах нь эргээд элгийг гэмтээгээд хавдар үүсч байна. Гуравдугаарт таргалалтаас шалтгаална, хэт таргалснаас болж элэг өөхлөх, архины бус шалтгаант вирусийн бус шалтгаант зүйлс хорт хавдар үүсгэдэг. Манайд бага ч гэхдээ сүүлийн үед ихсэж байгаа.
-Сүүлийн үед эмийн зохисгүй хэрэглээнээс үүдэж элэг гэмтдэг улмаар хорт хавдар үүсгэх шалтгаан нөхцөл болоод байна гэж яриад байгаа. Энэ хэр үндэслэлтэй вэ. Жишээлбэл цитрамон гэдэг эмийг хоол шиг хэрэглэдэг хүн бий?
-Цитрамон гэдэг эм парацимол кайпентэй толгойны өвчний эм. Парацимол их тунгаар уувал элэг шууд гэмтээдэг. Тэгэхээр эмийн зохистой хэрэглээг нутагшуулах нь маш чухал.
-Хорт хавдраар өвчлөхгүй байхын тулд урьдчилан сэргийлэлт маш чухал гэдэг. Гэтэл манайхан их хэнэггүйгээс болж хавдраа бүр хожуу шатандаа оруулж хүндрүүлсэн байдалтай эмнэлэгт ирдэг?
-Хорт хавдраас шууд урьдчилан сэргийлж чадахгүй. Урьдчилан сэргийлэлт гэдэг бол хүнийг айдаст автуулж байгаа шинж. Хэн ч хэзээ ч хорт хавдар тусахаа хэлж мэдэхгүй. Гэхдээ тусах эрсдлийг хувь хүн бууруулж чадна. Бүх төрлийн хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой. Тухайлбал эрүүл амьдралын хэв маягийг бий болгох, гэхдээ ганц өдөр эрүүл амьдралын хэв маягийг дагахыг эрүүл амьдрал гэж хэлэхгүй. Хамгийн гол нь хорт зуршлаас татгалзах, хөдөлгөөнтэй байх, зөв зохистой хэрэглээг дадал болгох нь чухал юм. Өдөр тутамдаа зөв зохистой үйлдлийг дадал болгож хэвшүүлэх л хэрэгтэй. Хоол ундаа тохируулах, ажил амралтаа зохицуулаад сурчих юм бол ямар нэгэн хорт хавдраас тусах эрсдлийг бууруулж байдаг. Түүнээс урьдчилан сэргийлнэ гэж байхгүй. Хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн том арга бол тогтмол эрүүл мэндин үзлэгт хамрагдаж оношилгоо шинжилгээ хийлгэж байх.
-Хавдар туссан л бол эмчилгээгүй гэх ойлголт байдаг. Эрт үедээ оношлогдвол хавдар эмчлэгдэх боломжтой юу?
-Хавдар 1,2 дугаар шатандаа оношлогдох юм бол бүрэн эмчлэгдэх боломжтой байдаг. Гэтэл Монголд нийт хавдрын 70-80 хувьд хожуу шатандаа оношлогдож, үлдсэн 20 орчим хувь нь эрт үедээ оношлогдож байна. Хожуу үедээ оношлогдох тусмаа эдгэх магадлал буурч, амьдрах чадамж багасдаг. Иргэдийн дунд нэг буруу ойлголт яваад байдаг. Хавдрын хэмжээ том байлаа гээд хожуу үе биш байж болно. Мөн хавдрын хэмжээ жижиг мөртлөө олон жижиг үсэрхийлснээс, эсвэл өөр эрхтэнд нөлөөлснөөс хожуу үедээ байж болно.