| | USD/MNT 0₮

Газрын ховор элементийн орд болсон Халзанбүргэдэйг нутгийн иргэдэд хоргүй хэмээн итгүүлж, ухах сонирхол хэнд нь байна вэ

Монгол Улсын Төрийн тахилгат 10 хайрханы нэг Алтан Хөхий уул Ховд аймгийн Мянгад сум, Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумын нутгийг дамнан оршдог.  Нийт 90.735 га газрыг хамран сунаж тогтсон, үзэсгэлэнт байгальтай бие даасан том нуруу юм. Далайн түвшнээс дээш дунджаар 2500-3000 метрт оршдог. Хамгийн өндөр оргил болох Өндөр Хөхийн уул нь 3350м өндөрт өргөгдсөн байдаг. Мянгад сумын нутгийн иргэд Алтан хөхий уулаа аль эрт дээр үеэс шүтэж тахиж ирсэн учраас хөндүүлж ухуулахгүй дургүй. Түүхэнд Алтан Хөхий уулыг 1761 оноос хойш тахиж ирсэн гэж тэмдэглэсэн байна.

Эко системийн  хувьд тун өвөрмөц, Монголд  төдийгүй дэлхийд ховордсон цоохор ирвэс, аргаль хонь, янгир ямаа зэрэг хөхтөн амьтад,  идлэг  шонхор, ямаан сүүлт нугас, борцгор хотон, жороот тоодог шувуу, Азийн шар минж, хадны суусар, зэгсний гахай, Алтайн хойлог, гургууль, хулан жороо зэрэг ховордсон амьтдыг хамгаалах зорилготойгоор 2010 онд улсын  тусгай хамгаалалтад авчээ.

Тусгай хамгаалалтад авсан УИХ-ын шийдвэр гарсан хэдий ч ашиг хонжоо хайгчид, уул уурхайнхны савраас Халзанбүргэдэйг хамгаалж чадахгүй байдалд хүрээд удаж буй. Халзан бүргэдэй хэмээх газрын ховор элементийн орд бүхий ууланд ч уул уурхайнхан 2000 оноос эхлэн эзэн суусан гэдэг. Тодруулбал, Мянгад сумын газар нутгийн 80 гаруй хувь нь лицензтэй буюу эзэнтэй гэх. Эрт дээр үеэс шүтэгдэж ирсэн Халзанбүргэдэй ууланд лиценз эзэмшдэг нөхдүүд хайгуулын ажил хийгээд эхэлсэн. Тухайлбал тухайн уул нь газрын ховор элементийн орд газар юм. Гэвч 1984 онд Оросын эрдэмтэн судлаачид шинжилж судлахдаа ураны агууламжтай гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл урантай ухаж болохгүй, хүн мал байгаль экологид хор уршиг үзүүлнэ гэсэн дүгнэлт гаргасан гэсэн үг. Гэтэл дэлхийд газрын ховор элементийн үнэ 2020 оноос эхэлж эрчимтэй өссөн энэ үед хайгуулын лиценз эзэмшдэг нөхдүүд газрын ховор элементээр ашиг хонжоо хийхээр, тусгай хамгаалалттай газар нутгийг ухаж эхлэнгүүт нутгийн иргэд эсэргүүцсэн. Хүчтэй эсэргүүцэл үзүүлсэний эцэст Халзанбүргэдэй ууланд хайгуул хийж байсан компанийн үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл зогсоожээ. Ховд аймгийн Онцгой комиссоос дүгнэлт гаргасан байгаа. Гэхдээ мэргэжлийн байгууллагууд хамтарч хяналт шинжилгээ хийгээд аюулгүй гэсэн дүгнэлтийг гаргасанд нутгийн иргэд эсэргүүцэж байна.

Мэргэжлийн байгууллагууд хамтарч хяналт шинжилгээ хийгээд Халзанбүргэдэй ураангүй гэсэн дүгнэлт гаргажээ

Халзанбүргэдэй төслийн удирдагчаар “сахал” Д.Эрдэнэбилэгийн ойрын хамаатан болох Ц.Пүрэвтүвшин удирдаж байна. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Ховд аймагт болсон хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцсон бөгөөд энэ үеэр нутгийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа талаар болон газрын ховор элементийн хайгуул хийж олборлолт хийх цаг болсон гэдгийг ярьсан юм. Уул уурхайн салбарт газрын ховор элементээр ашиг олж Монгол Улс хөгжих боломжтой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тэрбээр “2020 оноос хойш газрын ховор элементийн үнэ өсөлттөй байна. Энэ цаг үед тогтвортой үнэ өсөлттэй байх болов уу. Халзан бүргэдэй төсөл  одоогоор хайгуулын түвшинд явж байна. Нийт төслийн хөрөнгө оруулалт 325 сая ам.доллар гэж урьдчилсан байдлаар тогтоогдож байгаа. Халзан бүргэдэй төсөл эдийн засгийн хувьд ач холбогдолтой байх уу, цаашдаа газрын ховор элемент хэрэгжих үү, явах уу явахгүй юу гэдгийг тодорхойлох үндсэн түүчээ төсөл яах аргагүй мөн. Байгаль орчин хордуулахгүй. Хэрвээ хордуулаад байгаа бол үйл ажиллагаа явуулна гэж хэзээ ч байхгүй. Төсөл маань зөвхөн Ховд аймаг төдийгүй Монгол Улсын хэмжээнд томоохонд тооцогдох том төсөл. Энэ төсөл хэрэгжих юм бол ажлын байр нэмэгдэнэ.

Малчид  иргэд урантай гэж ойлгоод байгаа. Сошиалаас маш буруу мэдээлэл авах юм. Зориуд худал мэдээлэл тарааж байгаа хэсэг бүлэг хүн ч бий. Энэ нь тэс ондоо хоёр ашигт малтмал. Хар цагаан гэсэн үг. Уран бол цацраг идэвхт ашигт малтмал, Цөмийн энергийн тухай хуулиар тусдаа зохицуулагддаг. Газрын тухай ховор элемент бол Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагддаг. Тэгэхээр үүнийг зөвөөр ойлгуулахын тулд иргэдэд маш их цаг хугацаа хүч зарцуулж байна. 2022 оны 11 сард Байгаль орчны яам Цөмийн энергийн комисс, Уул уурхайн яам, Мэргэжлийн хяналтын газар олон төрийн байгууллагаас 7 хүний бүрэлдэхүүнтэй газар дээр нь хэмжилт хийгээд, дээж аваад дүгнэлтээ гаргасан. Дүгнэлтээр хайгуулын явцад цацрагийн илэрц байхгүй, хүн мал, ургамал эргэн тойрны байгаль орчинд ямар нэгэн хортой нөлөөлөл байхгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлт аймгийн удирдлага болон сумын Засаг даргад нь албажиж очсон байгаа. Төрийн байгууллагууд иргэдийн дунд үүссэн эргэлзээ зангилааг тайлсан томоохон үйл явдал болсон гэж ойлгож болно. Мэргэжлийн хүмүүс хоргүй гэдгийг баталлаа. Хортой үйл ажиллагаа байхгүй гэдгийг иргэд ойлгох ёстой” гэжээ.

Гэхдээ нутгийн иргэд хардах эрхтэй. Иргэдийн ярьж буйгаар “Өөрт ашигтай байдлаар ажиллахаар улайрч зүтгэж байгаа мөнгөтэй хүмүүс мэргэжлийн байгууллагууд худалдаж аваад өөрсдөдөө ашигтай байдлаар худлаа хуурамч дүгнэлт гаргасан байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Бид төрийн байгууллагуудын ажлыг мэдэхгүй шүү дээ. Мөн бидний тахиж шүтэж ирсэн шүтээн уулаа ухуулж хөндүүлмээргүй байна” гэсэн юм.

Халзанбүргэдэй төслийн ард хэн хэн байна вэ?

Халзанбүргэдэй төслийн ард хэн байна вэ гэдэг нь ихээхэн анхаарал татна. Эх сурвалжуудын хэлж буйгаар “Сахал” Д.Эрдэнэбилэг “Халзан бүргэдэй” ордод ураны өндөр агууламж бүхий газрын ховор элементийн лиценз эзэмшдэг гэх. Тэрбээр Халзанбүргэдэй уулын ай сав газарт Худалдаа хөгжлийн банк  түүний ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн өмчлөлөөр дөрвөн хайгуулын лиценз байна. Үүний хоёр байршилд газрын ховор элементийн лицензийн зөвшөөрөлтэй аж. Эднийх эдгээр лицензүүдийг Ж.Дэлгэрсайхан захиралтай “Монтем” ХХК-иас 2012 онд шилжүүлэн авчээ. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэр ч дуулддаг гэдгийг нутгийн иргэд ярьж байсан. Харин одоогийн төслийг нь Ц.Пүрэвтүвшин удирдаж, Халзанбүргэдэйг даруйхан ухах урт холын бодолд дараатай явж байна. Тиймээс ч нутгийн иргэдэд буруу биш зөв мэдээлэл өгөхийн тулд урт цаг хугацаа шаардлагатай байна гэж тэрбээр ярилцлагандаа онцолжээ.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.