| | USD/MNT 0₮

АН-“БАГА ХААДЫН” НАМ БОЛОХ УУ?

 

Тэртээ XIY зууны үед Юань гүрэн задран унаж Монголчууд хятад дахь ноёрхлоо алдан эрх мэдлээ дахин сэргээх гэж оролдоод нэгэнт хожимдсон юм. Олон хаад богино хугацаанд солигдон эрх мэдлээ хэрэгжүүлэх цаг наргүй ээжлэн төр барьсан гунигт түүх бий. Энэ цаг үеийг Монголын түүхэнд “Бага хаадын үе” буюу бутралын үе гэдэг.

Бага хаад, ихэс ноёд их хааны төв засаглалаас зайлхийсэн эрх мэдлийн төлөөх бие даасан оролдлоготой энэ хямралын цаг үеүдэд буюу 1372 онд хятадын 15 мянган цэрэг Монголд довтолж, 1380 онд Мин улсын цэрэг Хара Хорумыг шатаасан юм аа. Гашуун түүх ийм. Зарим хуучцуул “Түүх давтагддаг” гэх эсхүл “Шинэ юм мартагдсан хуучин зүйл байдаг” гэлцэн өгүүлэх нь ч бий.

Орчин цагт ТҮҮХ ДАВТАГДАХ уу?

Дэлхий дээр Ардчилсан тогтолцоог тайван замаар цогцлоон тогтноож олон улсын түүхэнд жишээ болж байсан Монгол улс ардчилсан замаасаа ухрах уу? эс ухрах уу? гэдгийг сүүлийн найман жилийн нийгмийн хурцадмал асуудлууд, эдийн засгийн хямрал, иргэдийн бухимдал, Сүхбаатарын талбайг хотойтол жагссан өдрүүдээс асуух хэрэг гарна.

Ардчилсан нам сонгуулийн дараагаас эрх мэдлээ хоёр хувааж С.Эрдэнэ даргатай, О.Цогтгэрэл даргатай болсон ч дахин их сунгаа ч гэх үү? намын даргын сонгууль ч гэнэ үү? зарлаад үзэлцээд авсан. “Ардчилсан нам нэгдлээ” гэсэн тунхаг нийгмийн дунд “Талхны үнэ хямдарлаа” гэснээс ч илүү горьдлого төрүүлсэн. Магадгүй “сүүл”-ийн их сунгаанд Лу.Гантөмөр намын дарга болж, нөгөө талаас Д.Ганбат гишүүн даргаар сонгогдон БАТЛАМЖ гардлаа.

Лигдэн хаан тамгаа хаана нуусан бол? гэсэн түүхийн эрэлчид шиг АН-ын тамга яг аль нь жинхэнэ бол гэж нийгэм даяараа таавар дэвшүүлэн “үгийн сүлжээ” бөглөж сууна. АН-ын дарга нарын түүчилдээн, дүйвээний завсар зайгаар МАН-ын батлахтай бүхэн эзэн хаан шиг аашилж

-Үндсэн хуулиа өөрчилнө

-Цахим орчинд хувь хүний эрхийг хамгаална

-Хоёр парламенттай болно

-Зун, намраас сонгууль хийнэ ч гэх шиг зоргоороо дэвээд эхэлсэн.

Энэ нам Ардчилсан тогтолцоо биш ч Ардчилсан улсад энэ нам зайлшгүй хэрэгтэйг хэн ч ухамсарлана. Ардчилсан улс байгаа л бол үнэт зүйлийг нь тунхаглан хамгаалах АН хэрэгтэй.

“Ажлаа хий!!!” гэж жагссанаас “АН нэгд!!!” гэж жагссан бол илүү үр дүнтэй ч байж мэдэх...

Дарга нараа сольсон ч нэгдээгүй энэ намд толгой ЛИДЕР хэрэгтэй. Дотроо “АРДЧИЛСАН ХААН”-тай болох хэрэгтэй л юм. Үүнийг бичиг Би-бээр нам бус учраас аль нэг намыг дэмжин бичээгүй ч нийгмийн урьгалч үзэл, эрүүл улс төрийн төлөө, Монголчуудын амгалан тайван амьдралын тулд сануулав.

АН-“БАГА ХААД”-ын нам болох уу? Цагаан морин жилийн хувьсгалын зурхайнаас цойлон дүүлсэн шандаст хүлэгт ард түмэн ташуур өгөх л үлдлээ. Энэ жил үү, ирэх жил үү? Сонгуулийн бариа ойрхон харагдаж байгаа шүү!!!

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.