| | USD/MNT 0₮

Э.ӨДӨР: БИ “ТОМООР СЭТГЭ. ҮГҮЙ БОЛ ГЭР ЛҮҮГЭЭ ХАРЬ” ГЭСЭН ЗАРЧМААР ӨӨРИЙГӨӨ ДАЙЧИЛДАГ

Монголын өсвөр үеийнхний хамгийн тод төлөөлөл, сурлага, спортын их амжилтыг бүтээж яваа хүмүүнлэгийн төлөөх идэвхтэн сурагч бол Э.Өдөр юм. Тэрбээр 2022 онд өөрийн Англи хэлний чадвараа ашиглан “Панчатантрагийн сургамжит өгүүллэгүүд” хэмээх номыг Англи хэлнээс Монгол хэл рүү орчуулан хэвлэж, нийслэлийн номын сангууд болон сургуулийн насны хүүхдүүдэд үнэгүй тараагаад байгаа билээ. Түүнчлэн томоохон хүмүүнлэгийн ажил өрнүүлэхийн хажуугаар Монгол дахь гадаадын Элчид сайд нартай захидлаар харьцаж, олон улс судлалын клубыг сургуульдаа анх удаа байгуулж чадсан юм. Түүний энэхүү амжилтуудыг үнэлж 2022 оны “Нийслэлийн шилдэг хүүхэд” Монголын “Улаан загалмай”-н нийгэмлэгийн “Онцгой гишүүн” зэрэг шагналуудыг олгосон байна. Тэрээр “British School of Ulaanbaatar” сургуульд 100 хувь тэтгэлэгтэйгээр суралцдаг. Ингээд түүний бахархам амжилтын түүхийг бид “MY CAREER” булангийнхаа энэ удаагийн дугаараар уншигч танд хүргэж байна.

-Ном орчуулан хэвлэх санаа анх хэрхэн төрж байсан талаар бидэнд хуваалцахгүй юу?

-Би 2020-2021 оны хөл хорионы үеэр номоо орчуулж, бэлтгэсэн. Учир нь энэ үед хүн  бүр ковидоос сэргийлж, ихэнх цагийг гэртээ өнгөрүүлж байсан. Тиймээс тэрхүү боломжийг ашиглаж, хүмүүнлэгийн үйл хийх санаа надад төрсөн юм. Өөрөөр хэлбэл энэ номыг хүмүүнлэгийн үйлсэд зориулан хэвлэсэн. Монголчууд “Хүн амьдарч байх хугацаандаа мод тарьж, ном бичиж, барилга барих ёстой” гэдэг шүү дээ. Харин би мод тарьж, ном бичсэн. Барилга барих хараахан болоогүй ээ. /инээв./

-Сургамжит өгүүллэгүүдээ орчуулж байх хугацаанд шантрах үе цөөнгүй байсан байх?

-Анх орчуулж байхад хэцүү байсан ч тэр бол эхлэл байсан юм байна лээ.  Хөл хорионы үеэр Монголын улаан загалмайн нийгэмлэгийн үйл ажиллагаа түр зогссон байсан. Тиймээс би өөрийнхөө хэмжээнд хийж чадах хүмүүнлэгийн ажил санаачилсан минь энэ. Миний хамгийн сайн чадвар Англи хэлний мэдлэг. Тийм ч учраас энэ чадвараа ашиглан “Панчатантрагийн сургамжит өгүүллэгүүд”-ийг Англи хэлнээс Монгол хэл рүү орчуулж хэвлээд Монгол орон даяар түгээхээр шийдсэн юм. Ингээд би гурваас дөрвөн сарын хугацаанд тасралтгүй номоо бэлтгэж эцэст нь хэвлэж дууссаны дараа маш ихээр баярласан.

-Хөл хорионы цаг үед өдөр бүр номондоо анхаарч, завгүй өнгөрөөж байсан хэрэг үү? 

-Тийм ээ. Би үргэлж өөрийгөө завгүй байлгах дуртай. Өдөр бүр ямар нэгэн зүйлд суралцаж, эсхүл туршиж, хийж бүтээх хүсэлтэй байдаг. Гэтэл улс даяар хөл хорио тогтоочихсон болохоор миний бүхий л үйл ажиллагаа зогссон. Тэр үед л би энэ цаг хугацааг боломж гэж харсан даа.

-БИ ҮРГЭЛЖ ӨӨРИЙГӨӨ ЗАВГҮЙ БАЙЛГАХ ДУРТАЙ-

-Номоо Англи хэлнээс кирилл бичигт, мөн Үндэсний бичиг рүү хөрвүүлсэн байсан нь уншигчдын сонирхлыг ихээр татсан. Энэ санаа хэрхэн төрсөн бэ?

-Номоо орчуулж байх хугацаанд би нэг зүйлийг бодож олсон юм. Юу вэ гэвэл манай улсад Үндэсний бичгийн хэрэглээ хамгийн чухал байгаа учраас үлгэрүүдээ Үндэсний бичгээр хөрвүүлэн буулгахаар шийдсэн. Энэ нь хүүхэд багачууд болон томчуудад хамгийн хэрэгтэй гэж бодсон юм. Түүнчлэн биднээс гадна Өвөрмонголчууд Үндэсний бичгээ өдөр тутам хэрэглэж, амьдралынхаа дадал болгож ирсэн учраас тэд ч бас миний номыг уншаасай гэж энэ санаагаа хэрэгжүүлсэн. Ингээд би хүмүүнлэгийн үйлсэд зориулж бүтээсэн номоо хамгийн түрүүнд Төв номын сан болон сургуулийнхаа номын  санд өгсөн. Харин дараа нь 21 аймагтаа болон Өвөрмонгол руу үнэгүй түгээх болно.

-Хүүхэд бүрт багаасаа хүсэж мөрөөддөг зүйл байдаг шүү дээ. Чиний хувьд юуг мөрөөдөж, юунд зорьдог вэ?

            -Англи хэл дээрх нэг цэцэн үг байдаг. “Бүх зүйл үүрд хэвээр биш. Үргэлж өөрчлөгдөж, хувьсдаг”. Энэ үнэн гэж би боддог. Миний хүсэл мөрөөдөл жил бүр л өөрчлөгдөж байдаг. Одоо мөрөөдөж байгаа зүйл цагийн дараа гэнэт өөрчлөгдөхийг ч үгүйсгэхгүй. Тиймээс өмнө жилийн Э.Өдөр, одоогийн Э.Өдөр хоорондоо их ялгаатай санагддаг. Өнгөрсөн жилийн Э.Өдөрийг эргээд бодохоор танихгүй байх ч тохиолдол бий. Мададгүй намайг ингэж өөрчлөгдөхөд нэг зүйл нөлөөлсөн байх. “Томоор сэтгэ. Үгүй бол гэр лүүгээ харь” гэдэг зарчмыг би байнга баримталдаг. Тийм болохоор л би томоор сэтгэж, хийж бүтээхийг эрмэлздэг. Энэ бүхэн намайг алхам тутам өөрчлөгдөхөд хүргэсэн байх л даа. Гэхдээ одоогийн мөрөөдөл минь Дипломатч болох. Энэ зорилгынхоо төлөө би хичээх болно.

-Ахлах сургуульд элсэж орсныхоо дараа Монгол дахь гадаадын Элчин сайдуудтай холбоо тогтоосныг нь цөөнгүй хүмүүс мэднэ. Үүний зорилго юу байсан бол?

-Миний нэн тэргүүний зорилго нь сургуулиасаа 100 хувийн тэтгэлэгтэй суралцах эрх авч чадсан болохоор буцаад сургуульдаа нөлөө үзүүлж чадахуйц үйл ажиллагаа хийхийг хүссэн. Энэ нь сургуульдаа “Олон улс судлалын клуб” байгуулах байсан юм. Тийм ч учраас би энэ зорилгоо биелүүлэхийн тулд Монгол дахь бүх гадаадын Элчин сайд руу захидал илгээж, дэмжлэг хүссэн. Мэдээж захидлаа анги хэл дээр бичсэн л дээ. Ингээд захидлынхаа хариуг тэсэн ядан хүлээж байтал хамгийн түрүүнд Казакстан Улсын Элчид сайд надад хариу илгээсэн юм. Тэгээд бид уулзах цаг товлож, Элчин сайд намайг халуун дотноор хүлээж авсан. Тэр надад Казакстан Улсын далбаа, энгэрийн тэмдэг зэрэг олон дурсгалын бэлэг гардуулж өгсөн нь таалагдсан. Түүний дараа Солонгос Улсын Элчин сайд, Энэтхэг Улсын Элчин сайд гэх мэт гадаадын Элчид сайд нар захидлын минь хариуг илгээж, клубээ байгуулахад бүхий л туслалцааг үзүүлсэн дээ. Үүнд би маш их баяртай байдаг.

-Хүмүүнлэгийн ажлаас гадна спортоор хичээллээд удаж байгаа юу?  

-Би таеквондо болон туялзуур сэлмийн спортоор хичээллэдэг. Мөн л намайг завгүй байлгадаг нэг шалтгаан бол эдгээр спорт юм. Таеквондогийн спортоор 11 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Харин туялзуур сэлмээр өмнө жилээс хичээллэсэн. Эдгээр спорт нь хоёул туулааны төрөл учраас надад тэсвэр тэвчээр, биеэ хамгаалах арга барил, дайчин байдлыг сургасан. Түүнчлэн миний чөлөөт цагаа үр дүнтэй, зөв өнгөрүүлэх хамгийн том боломж энэ байсан юм.

-Спортоор хичээллээд гаргасан амжилт цөөнгүй байгаа байх?

-Энэ жил би туялзуур сэлмийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртсэн. Мөн таеквондогийн хамгийн өндөр зэрэглэл буюу хар бүсний эзэн болсон. Удахгүй үүнээс том амжилт гаргахын төлөө хичээж байгаа.

-АНГЛИ ХЭЛ НАДАД ОЛОН БОЛОМЖИЙГ БИЙ БОЛГОЖ, ШИНЭ БҮХНИЙ ҮҮД ХААЛГЫГ НЭЭЖ ӨГСӨН-

-Багаасаа Англи хэлээр ярих чадвартай болсон нууц юу вэ?

-Би дөрвөн настай байхаасаа зурагтаар англи хэл дээрх контент үзэж, сонсох чадвараа хөгжүүлж байсны үр дүнд англи хэл сурсан. Надад анхнаас нь зааж сургах багш байгаагүй ч өөртөө багшилж, сурч мэдсэн. Мөн ухаалаг гар утасны “Сири” программ нөлөөлсөн юм. Энэ бүхний эцэст Англи хэл надад олон боломжийг бий болгож, шинэ бүхний үүд хаалгыг нээж өгсөн дөө. Одоогоор би C-Channel сувгийн англи хэлний багшаар ажиллаж байгаа. Мөн энэ жилийн зун Хан-Уул дүүрэг дэх “Улаан загалмай”-н салбарынханд анги хэл заасан.

-Англи хэл сурч эхэлж байгаа болон сурахыг хүссэн үе тэнгийнхэндээ хандаж ямар зөвлөгөө хүргэх вэ?

-Үеийн хүүхдүүддээ хандаж хэлэхэд хэл сурна гэдэг нь маш их цаг зав, хичээл зүтгэл шаарддаг шүү. Түүнчлэн өөрийн хийх дуртай зүйлээрээ дамжуулж сурах нь том нөлөө болно. Миний хувьд ярих сонсох чадвар хамгийн чухал. Энэ чадварыг төгс эзэмшиж чадвал бичиж, уншихад амар байдаг. Тиймээс хүн бүр сонсож сурах нь чухал.  Цаашлаад өдөр бүр хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Мэдээж энэ бүхнийг амжуулахад хувийн зохион байгуулалт буюу цагийн менежмэнт хамгийн чухал. Тийм болохоор би үргэлж хийх зүйлсээ төлөвлөж байдаг. Энэ нь өөрийн олон ажлыг үр дүнтэй амжуулахад хамгийн чухал нөлөө үзүүлдэг.

-Хэдий Англи хэл дэлхий нийтийн өргөн хэрэглээ болсон ч гэлээ эх хэлээ өвлөн хамгаалахын тулд юу хийх ёстой гэж боддог вэ. Энэ талаар бусдад хандаж хэлэх үг бий юу?

-Мэдээж хүн бүр хамгийн сайн эзэмшиж, хэрэглээ болгож чаддаг байх ёстой соёл бол Үндсэний хэл бичиг юм шүү. Тийм учраас хамгийн түрүүнд эх хэлээ төгс эзэмших ёстой. Түүний дараа бүхий л орны хэлийг сурахад хүн бүрт нээлттэй шүү дээ. Монгол хэл соёлоо түгээцгээе гэж хэлмээр байна.

Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа.

 

My Career

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.