| | USD/MNT 0₮
“Шинэ коронавирусийн халдварын өнөөгийн байдал, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа”-ны талаар мэдээлэл сонсов
Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан “Шинэ коронавирусийн халдварын өнөөгийн байдал, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа”-ны талаарх мэдээллээр үргэлжлэв.
Шинэ коронавирусийн халдвар тархсан талаарх мэдээлэл дэлхий нийтэд цацагдсан даруйд Монгол Улсын Засгийн газар хоёр удаа, Улсын онцгой комисс хоёр удаа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр тус тус хуралдаж, эл аюулаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар төлөвлөгөө гарган ажиллаж байгааг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболд мэдээллийнхээ эхэнд дурдав.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар тэрбээр мэдээлэл өгсөн юм. Эл нөхцөл байдалд зориулан авч хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн хэмжээг баталжээ. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн боомт, хорио цээрийн бүсэд ажиллаж, үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, албан хаагчдын хамгааллын хэрэгсэл, эм бэлдмэлээр хангах хөрөнгийн асуудлыг пүрэв гарагт шийдвэрлэсэн байна. Эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бүрнээ дайчлан ажиллуулж байгаа гэв. Улсын хилээр нэвтэрч буй сэжигтэй тохиолдол бүрийг мэргэжлийн үүднээс шалгалт хийж, шинжилгээ авч, ажиглалт хийсээр байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Халдварт өвчний голомтоос ирсэн иргэдийг хүлээн авах тусгай байр бэлтгээд байгаа, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авч байгаа гэдгийг Улсын онцгой комиссын дэд дарга мэдээлэлдээ дурдсан. Зам тээврийн хөгжлийн яамнаас баталсан шугмаар, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгсөн зөвлөмжийн дагуу нийтийн тээврийн хэрэгслийг эрүүл ахуйн халдвар судлалын нөхцөлийг сайжруулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэв. Мөн БНХАУ-аас Монгол Улс руу ирэх Монгол Улсын иргэдийг тээвэрлэн, авчрах зорилгоор хуваарь гаргах, шаардлагатай тохиолдолд нэмэлт тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл зохион байгуулах, ирсэн хойно нь хилийн боомтууд дээр ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу мэргэжлийн үзлэг хяналт хийж, сэжигтэй тохиолдол бүрийг тусгаарлах арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж.
Иргэд үүсээд буй нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг нягтлах шаардлага бий гэдгийг онцолж байв. Засгийн газраас 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл мөрдөх онцгой дэглэмийг зарласан. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор уламжлалт сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байгаа, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, нутгийн зөвлөл, хамт олны зохион байгуулалттай золголт, төрийн золголт, үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргасан талаар Н.Энхболд сайд мэдээлсэн. Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа хилийн зарим боомтыг хаах, хязгаарлалт тогтоох тухай шийдвэр гаргаад байгааг тэрбээр мэдээллийнхээ үеэр дурдав. Монгол Улс, БНХАУ хоорондын агаарын зам, төмөр зам, авто замын бүх боомтоор БНХАУ-ын иргэн, тус улсаар дамжсан Монгол Улсаар дайрч өнгөрч буй эсвэл Монгол Улсад ирж буй гуравдагч улсын иргэдийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргажээ. БНХАУ-ын талаас ирэх Монгол Улсын иргэдийг агаарын замын Чингис хаан олон улсын нисэх буудал, Замын-Үүдийн галт тэрэгний боомтоор нэвтрүүлж байх шийдвэр гаргажээ. БНХАУ-д байгаа олон монгол иргэд эх орондоо ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд галт тэрэг нэмэх, автобус нэмэх байдлаар зохицуулалт хийсэн. Иргэдэд мэдээлэл авах боломжийг тооцоолон Монгол Улс, БНХАУ хоорондын хилийн зүүн болон баруун талын хоёр боомтоор монгол иргэдийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нэвтрүүлэх юм байна. Эрсдэлт цэгийг аль болох цөөлж, хяналт шалгалтыг өндөрсгөн, шаардлагатай арга хэмжээг авах нөөц, хүчээ төвлөрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч байгааг Н.Энхболд сайд дурдсан.
Энэ хугацаанд Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор нэвтэрч буй ачаа тээврийн галт тэрэгнүүд хуваарийн дагуу явах юм байна. Өөрөөр хэлбэл, экспорт, импорт буюу худалдаа арилжааны ажил хэвээр үргэлжлэх боломжтой гэдгийг мэдээллийн үеэр онцолж хэлсэн. Ачаа тээвэрлэж буй автомашины жолооч нар хилийн дотор богино рейс хийж, БНХАУ-ын автомашины жолооч нар хилийн цаана хүлээн авах дэглэмд ороод байгаа гэлээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр БНХАУ-д буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн болохыг Н.Энхболд сайд тэмдэглэлээ. БНХАУ-ын Үхань хотод 33 монгол иргэн байгаа бөгөөд тэдгээрийн 2 нь үлдэх шийдвэрээ албан ёсоор мэдэгдээд байгаа юм байна. Харин бусад 31 иргэнийг буцаан авахаар өнөөдөр онгоц нисгэх зөвшөөрлөө БНХАУ-ын талаас аваад байгаа, холбогдох талуудтай техникийн зөвлөлгөөн хийж байгаа бөгөөд ойрын хугацаанд монгол иргэдээ эх оронд нь авчирна гэв.
Энэ үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ "Сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг бүхэлд нь зогсоосон. Үүнтэй холбоотойгоор багш нар байгаа газраасаа суралцагч нартайгаа харилцаж, хяналт тавьж ажиллаж байгаа. Багш нар ажлын байран дээрээ очих шаардлагагүй. Үүнийг хориглосон.
Мөн эцэг эхчүүдэд хүүхдүүдээ хараа хяналттай байлгаж, гадуур дагуулж явахгүй байхыг анхааруулж байна. Энэ бол амралт биш. Хүүхдээ гэрээс битгий гарга. Гудамжаар хүүхдээ хөтөлчихсөн, айл хэсч, хоол унд идэж яваа эцэг эх олон байна" хэмээн онцлов.
Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Коронавирусийн халдварын нууц үе нь дунджаар таван хоног гэсэн мэдээлэл хамгийн сүүлд ирсэн. Монгол Улсад халдвар орж ирэх эрсдэл бий. 4-5 дугаар сар халдварын оргил үе ч байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ гуравдугаар сарын 02 гэдэг хугацаанд цагаан сар болон ДЭМБ-ын мэдээллийг үндэслэж тооцсон" гэв.
Уг мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, хариултаар чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
ШУУД ҮЗЭХ:
“Шинэ коронавирусийн халдварын өнөөгийн байдал, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа”-ны талаар мэдээлэл сонсов