| | USD/MNT 0₮

Гудамж зам талбайн цас цэвэрлэх машин нэртэй “тоос сорогч”-ийнх нь нэг бүрийн үнэ 125 сая бөгөөд нийт 3,5 тэрбум төгрөг болжээ

Нийслэл өнгөрсөн долоо хоногт зам талбайн цэвэрлэгээний 28 машиныг  Хот тохижилтын газарт хүлээлгэн өгсөн байна. Эдгээр машин “ажилдаа” гарсан даруйдаа асуудал дагуулж, гудамж талбай цэвэрлэж байхдаа хажуу бөөрөөрөө унасан зураг нь олон нийтийн сүлжээнд бөөн инээдэм бас шүүмжлэл дагуулсан харагдав. Зарим нэг нь хошигноод нь “Намайг тоос соруулна гэж авчирсан болохоос цас цэвэрлүүлнэ гэж яриагүй шдээ. Би энэ ажлыг хийж чадахгүй ээ” гээд тийчлээд уначихсан байна гэж хошигнох. Уг нь энэ машины үүрэг нь зам талбайн цас мөс цэвэрлэх ёстой юм байна. Гэтэл ажлаа хийж явсан жолоочтой машин яагаад хажуу бөөрөөрөө унав гэдэг нь олны анхаарлыг татав.

Уг нь хотын өнгө үзэмжийг сайжруулах, эрүүл, аюулгүй нөхцлийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг хот тохижилтын үйлчилгээний бүтээмжийг нэмэгдүүлэх, шаардлагатай машин техникээр хангахад нийслэлийн удирдлага онцгой анхаарч буй. Энэ хүрээнд зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т өнөөдөр хүлээлгэн өгсөн байгаа.  Гэтэл энэ машины нэг бүрийн үнэ хэдэн төгрөг байна. Нийт хэдэн төгрөгийн төсвийг Нийслэлээс гаргасан бэ гэдэг нь яах аргагүй анхаарал татаж байна. Тэгвэл эдгээр жижигхэн ногоон машины үнэ хэдтэй байгаа талаар танилцахад нэг бүр нь 125 сая төгрөгийн үнэтэй “тоос сорогч”. Хэн ч харсан замын шороо тоос цэвэрлэх тоос сорогч. Гэтэл албаныхан цас цэвэрлэх машин гэж олон нийтэд итгүүлжээ. Дээрх 28 машины үнэ өртөг нь нийтдээ 3,5 тэрбум төгрөг. Энэ бол их мөнгө. Ийм жижигхэн машин авч байхын оронд зам талбай цэвэрлэдэг хот тохижилт үйлчилгээнийхэнд 10 саяар цас мөс цэвэрлэх шүүр, багаж төхөөрөмж авч өгөөд ус цацах хэдэн том ХОВО машин аваад өгчихсөн бол гэж харж бодохоор.

Хот удирдаж байгаа удирдлагууд нэг бүрийг нь 125 сая төгрөгөөр худалдан авсан бол энэ зам цэвэрлэгээний машин хүчин чадал, үйлдлээсээ хамаарч Хятадын худалдааны сайтууд дээр 25-95 сая төгрөгийн хооронд үнэтэй байна. Гэтэл манайх үнийг нь өсгөж аваад өнөөх л мөнгө угаах идэх аргаараа дундаас нь зувчуулжээ. Тэгсэн хэрнээ энэ машинаа өмөөрч албаныхан тайлбар хийх нь бүр илүүц харагдаж байгаа юм. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнх-Эрдэнэ “ Гудамж, зам, талбайн хог шороог цэвэрлэх энэ машины талаар ташаа мэдээлэл гараад байгаа тул тайлбар хийе.

Хотын цэвэрлэгээ, үйлчилгээнд 21-р зуунд дэрсэн шүүр бариад явдаг. Үүнийг л халах гэж авсан хог шороо цэвэрлэх машин шүү дээ. Загвар нь GD-1900A-GE юм байна. Цаашид ч бид зам, талбай цэвэрлэх, угаах машин, тоног төхөөрөмж боломжоороо авах ёстой. Ажилчдын бүтээмж, ажиллах нөхцөл байдал сайжирна.

Үнэ нь 125 сая төгрөг, интернетэд мэдээлэл байгаа байх аа. Ер нь машин механизм хүчин чадлаасаа хамаараад харилцан адилгүй, өөр үнэтэй байдаг” гэжээ.

Тэгвэл гудамж талбай цэвэрлэх хогны нэртэй машины чинь хүчин чадал нь дийлэхгүй Монголд тохирохгүй, ажлаа хийж чадахгүй зам дээр уначихсан байгааг албаныхан юу гэж тайлбарлах бол. Шат шатандаа мөнгө идэж, зувчуулах гэсэн иймэрхүү явуургүй арга нь Хотын удирдлагуудыг олон нийтэд муухай харагдуулж, олон нийтээ “Муу” гэсэн үнэлгээ тавиулчихаад байна шүү дээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.