| | USD/MNT 0₮
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийг албаныхан танилцууллаа. Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2022 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "2022 оны төсөв 2.4 их наядын алдагдалтай байхаар батлагдсан. Улсын төсвийн тэнцэл сайжирч гарсан. ДНБ-ийн 5.1 хувьтай тэнцэх байсан алдагдал 2.1 хувь болж гурван хувиар буурсан. Мөнгөн дүнгээр 1.4 их наяд төгрөгийн тэнцлийн сайжирсан үзүүлэлт юм. Орон нутгийн төсөв 218.4 тэрбум төгрөгийг ашигтай, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв 250 тэрбумын алдагдалтай гарчээ. Төсвийн тэнцэл сайжирсан үзүүлэлттэй гарахад дараах макро үзүүлэлтүүд нөлөөлсөн. Эдийн засгийн өсөлт 2022 оны эцсээр 2.6-3 хувийн хооронд байна гэж тооцоолж байсан бол 4 хувьд хүрлээ. Төсвийн алдагдал 2.4 их наяд гэж тооцоолж байсан ч 979.3 тэрбум төгрөг болж буурлаа. Ийнхүү төсвийн алдагдлыг бууруулах чиглэлд шат дараатай арга хэмжээг авсны дүнд ийм үр дүн гарлаа. Мөн 12.5 тэрбум долларын экспорт хийж чадлаа. Импорт ч нэмэгдсэн" гэлээ.